Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Зуслангийн гол замыг тавдугаар сарын 25-н гэхэд нээнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өртгөтгөн шинэчилж, шинээр барьж байгаа зарим чиглэлийн замын ажилтай танилцлаа. Нийслэлийн хэмжээнд 2012 оноос хойш улс, нийслэлийн хөрөнгө оруулалт, замын сан, Хөгжлийн банк зэрэг эх үүсвэрээс 870 тэрбум төгрөгийг замын ажилд зарцуулжээ. Өнгөрсөн хугацаанд нийслэлд 83 км зам шинээр тавьж, 175 км-ыг өргөтгөн шинэчилсэн байна. Ингэснээр нийт 260 орчим км шинэ замтай болсон гэсэн мэдээллийг Нийслэлийн Автозамын газраас өглөө. 

Зуслангийн замд ойрын 15-20 жилд нүх ч гарахгүй гэв

Өнгөрсөн жил Дамбадаржаагийн уулзвараас Шаргаморьтын зуслан хүртэл 16.3 км зам, 50 мерт урт хос гүүрийг барьж ашиглалтад оруулсан. Энэ жил дээрх замын өнгөн хучилтыг хийх ажил үргэлжилж байна.

Одоогийн байдлаар Шадивлангийн салдаг уулзвараас Санзайн уулзвар хүртэлх хучилтыг хийж байна. Дээрх чиглэлийн замыг тавихад зорчих хэсгийг бүхэлд нь хаах ямар ч боломжгүй. Зөвхөн нэг урсгалыг хаах байдлаар өргөтгөсөн гэдгийг нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж хэлж байсан.

Түүнчлэн суурь хучилтыг нэг жил өнжүүлснээр хагарал, суулт өгсөн хэсгийг бүрэн засварлах боломжтой болгожээ. Ингэснээр замын чанар маш сайн болсныг тэрээр тайлбарлаж, энэ замд 15-20 жилд нүх ч гарахгүй гэдгийг Нийслэлийн Авто замын газрын дарга амлав.

Хүн амын нягтралаас шалтгаалан хойд чиглэлд зуслан биш хотын дотоод суурьшлын бүс шиг болсон гэж нийслэлийн Засаг дарга онцолсон. Тиймээс хотын төвийн стандартаар энэ замыг тавьж байгаа юм байна. Ийнхүү зуслангийн гол замыг тавдугаар сарын 25-н гэхэд нээх юм байна. Гэрэлтүүлэг, явган хүний зам зэргийг гүйцээн зургаадугаар сарын 5-нд улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаагаа гүйцэтгэгч компани танилцууллаа.

Гол замаас гадна Салхитын ам, Яргайтын богино, Хуурай мухар, Шадивлангийн ам руу чиглэсэн дөрвөн замыг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр болжээ. Харин наймдугаар сарын 20-н гэхэд дээрх амуудын замыг дуусгах юм байна.