Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хилийн чанадад хэний мөнгө байна вэ?

Д.Жаргалсайхан
2016 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт тавдугаар сарын 10-нд улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум оффшор данстай дэлхийн олон орны иргэдийн нэр, хаяг бүхий “Панамын баримт” гэх нууц мэдээллийг интернэтэд байрлуулав.

Түүний дотор УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Сү.Батболд, Барилга, хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар, Ерөнхий сайд асан С.Баярын хоёр охин, мөн Улаанбаатар хотын захирагч С.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай зэрэг Монголын дөчөөд иргэний мэдээлэл багтсан тухай хэвлэлүүд олон хоног шуугьж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн байр сууриа олон нийтийн сүлжээгээр "Хариуцлага тооцдог, хуулийг хүн бүр сахидаг байх ёстой” гэж маш “бөөрөнхий” илэрхийлэв. “Ёстой зүйл” ч Монголд маш их байгаа, ганцхан тэр бүхнийг төр засгийн түшмэд нь үл тоох болсон нь өнөөгийн засаглалын эмгэнэл юм.

Нэр нь холбогдсон улс төрийн албан тушаалтнууд оффшор данс байхгүй, эсвэл дотор нь мөнгө байхгүй, дээхнэ үед нэг компанийн хувьцаа авахад л бүртгүүлсэн байх гэцгээв.

Ер нь энэ оффшор гэгч юу болох, яагаад дэлхий даяар энэ олон зуун мянган хүн, компани түүнийг ашигладаг, цаашдаа тэр байх, эсэх тухай иргэн бүр мэдэж ойлгох эрхтэй.

ОФФШОР ГЭЖ ЮУ ВЭ

Оффшор гэдэг нь эргээс (shore) гадна (off) буюу хилийн чанадад гэсэн утгатай. 1950-иад оноос хойш голдуу байгалийн нөөц баялаггүй 60-аад улс болон газар нутагт үүнийг хэрэглэх болсон байна.

Хурдан шуурхай гэгч нь компани бүртгэж, олон улсын банкны данс нээдэг, үүнээс гадна ямар нэг татвар авдаггүй үйлчилгээг оффшор гэж  нэрлэдэг.

Эдүгээ олон арван оффшорт дэлхийн бараг орон бүрээс, нийтдээ 20 их наяд долларын хөрөнгө байгаа тухай “Мак Кензи" компанийн ахлах эдийн засагч асан Хэнри саяхан “The Guardian" сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ. Үүний хоёр их наяд нь Швейцарьт, 1.9 их наяд нь Их Британийн арлуудад, 900 тэрбум нь Карибын арлууд ба Панамд, 700 тэрбум нь Хонг Конг ба Сингапурт байгаа судалгаа гарсан байна.

Энэ их мөнгө бүгдээрээ л хууль зөрчсөн, татвараас зугтсан, гэмт хэргийн шинж чанартай эсэх тухай дэлхий даяар өргөн хэлэлцүүлэг явагдаж, хүмүүсийн санал бодол үндсэндээ хоёр талд хуваагдаад буй.

Нэг хэсэг нь капитал бол чөлөөтэй урсаж, аль болох хурдан эргэлдэж байх ёстой, шаардлагатай татвараа төлсөн л бол цэвэр мөнгө, энэ бол эдийн засгийн эрх чөлөөний асуудал гэх.

Нөгөө хэсэг нь оффшороор дамжуулан ихэнхдээ улстөрчид-авлигачид, эсвэл галт зэвсэг, мансууруулах бодис болон хүний наймаачид, бусад гэмт хэрэгтэн бохир мөнгөө дамжуулан угаадаг гэж үзэж байна.

КАПИТАЛЫН НАЙДВАРТАЙ БАТАЛГАА БА ЧӨЛӨӨТ УРСГАЛ

Хууль журмын дагуу өөрийн орондоо бизнес явуулж авсан ашгаасаа найдвартай, баталгаатай газар хадгалж, бага татвартай улс оронд хөрөнгө оруулах, түүний тулд компани байгуулж, дэлхийн аль ч хөрөнгийн зах зээлээс хувьцаа худалдан авах, зарж борлуулах боломжийг том жижиг бүх бизнесийнхэн бүгд хайдаг.

Тэрхүү эрэлт шаардлагад нь нийцүүлж өөрийн хууль журмын дагуу оффшор орнууд зохих үйлчилгээ үзүүлдэг. Өнөөдөр Европын санхүүгийн зах зээлийг Швейцаргүй, Азийнхыг Сингапур, Хонг Конггүйгээр төсөөлөхийн аргагүй.

Эдгээр оронд хууль нь чирэгдэлгүй, санхүүгийн үйлчилгээ нь маш шуурхай, сайн учраас хамгийн олон компани бүртгүүлж, дансаараа дамжуулан шуурхай төлбөр тооцоо хийж байна.

Монгол Улсад өнөөдөр 12 оффшорт бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулагч 611 компани үйл ажиллагаа явуулж байна. 

Хөгжиж буй олон орны чинээлэг иргэн улс оронд нь үймээн болж, төрийн эргэлт гарч, эсвэл дайн самуун гарахаас болгоомжилж бага хүүтэй ч гэсэн найдвартай оффшорт хөрөнгөө шилжүүлэн байрлуулдаг аж.

Монгол Улсад өнөөдөр 12 оффшорт бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулагч 611 компани үйл ажиллагаа явуулж байна. 

Гадаадын хөрөнгө оруулалтын газрын мэдээлснээр тэдгээрийн 272 нь Британийн Виржийн арлуудад, 193 нь Хятадын Хонг  Конгод, 68 нь Швейцарьт, бусад нь Люксембург, Багамын арлууд, Кипр, Кайманы арлууд, Панам, Ирланд, Гибралтар, Белиз, Лихтенштейнд бүртгэлтэй аж. Монгол Улс эдгээр компанийг бүгд л бохир мөнгө оруулж ирсэн гэж үзэхгүй нь мэдээж.

Мөн Монголын хувийн компаниуд, хувь хүмүүс оффшорт компани бүртгүүлж, данс нээлгэж, мөнгөө цааш нааш нь шилжүүлсэн л бол гэмт хэрэг гэж үзэх хууль зүйн ямар ч үндэслэл байхгүй юм.

АВЛИГА БА ОФФШОР

Английн “The Guardian” сонин өнгөрсөн долоо хоногт мэдээлэхдээ хөгжиж буй орнуудаас одоогийн байдлаар нийт 12 их наяд доллар оффшор бүсэд байгааг онцолжээ. Үүнээс хамгийн их нь Орос улсаас 1.3, дараа нь Хятад улсаас 1.2 их наяд доллар гарсан байна.
Тодруулбал, 2010 оноос энэ шилжилт Оросоос жилд найман хувиар, Хятадаас есөн хувиар өсөж иржээ.

Араас нь Тайланд, Малайз ба Индонез зэрэг сүүлийн үед улс төрийн томоохон албан тушаалтнуудтай холбоотой авлигын шуугиан тасрахаа байсан орнууд орж байна гэв. Ангол, Нигери зэрэг газрын тосны баялагтай орнуудын хөрөнгөтнүүд улс оронд нь төрийн эргэлт гарч, хөрөнгөө хураалгахаас айдаг гэж ихэнх нь мэдэгджээ.

Олон орны төр засгийн тэргүүний нэрс “Панамын баримт”-аар ил болов. Исландын Ерөнхий сайд дансандаа 3.6 сая доллартай байсан, түүнийгээ орлогын мэдүүлэгтээ оруулаагүй нь илэрч, төдхөн огцорлоо.

Оффшор санхүүгийн төвүүдийг татан буулгах боломжгүй бөгөөд харин татвар авахыг зорих нь чухал. 

Франц, Англи, Австрали, Шинэ Зеланд улс өөрсдийн төр засгийн удирдлагуудтай холбоотой байж болох данснуудыг магадлан шалгахыг Засгийн газартаа даалгаад байна.

АНУ, Англи зэрэг орон өөрсдөө гарал үүсэл нь тодорхой биш мөнгөөр үндсэн хөрөнгө авч болоод байгааг зогсоох ёстой гэж олон улс бас үзэж буй.

Монгол Улс ч гэсэн төр, засгийн өндөр албан тушаал хашиж байгаа болон хашиж байсан, оффшорт данстай бүх хүмүүсээс бичгээр тайлбар яаралтай авах учиртай. Ер нь Монгол Улс төрийн том албан тушаал хашиж буй хүмүүсээс зөвхөн орлогын мэдүүлгээс гадна зарлагын мэдүүлэг авдаг болж л авлига багасгах юм. Австралийн парламентын гишүүн гадаадад хаана явж, хэнтэй уулзсан тухайгаа заавал тайлан бичдэг ёстойг Монголд ч нэвтрүүлэх цаг болжээ.

Оффшор санхүүгийн төвүүдийг татан буулгах боломжгүй бөгөөд харин татвар авахыг зорих нь чухал. Тэнд шилжиж буй хөрөнгөөс ганцхан хувийн л татвар авахад л 120 тэрбум доллар буюу дэлхийн нийт тусламжийн төсөвтэй (131 тэрбум ам.дол) тэнцэх аж.

Хууль журмаа сахиулж, хэрэгжүүлж чадахгүй болохыг төр засаг сулрах гэдэг. Төр засаг сулрах тусам тухайн улсын хууль журмыг зөрчих, сахихаас бултах, үл ойшоох боломж улам ихэсдэг. Тийм улс оронд иргэд нь ядуурсаар, эрх мэдэлтэй нь баяжсаар, ядуу баяны ялгаа нь тэлж, нийгмийн тогтворгүй байдал үүсдэг.

Гэмт хэрэг ихсэж, үймээн самуун гарснаар тухайн улс орны хөгжил дэвшил олон жилээр гацдаг. Монгол Улсад авлигыг илрүүлэх, таслан зогсоох, авлигын тухай бодож ч чаддаггүй болгох соёлыг тогтоох шаардлагатай байна.

Энэ ажлыг биечлэн хэрэгжүүлж, манлайлан удирдахыг манай төр засгийн шинээр гарах удирдлагуудаас 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө иргэд бид шаардаж байна.

Та бүхэн Д.Жаргалсайханы вэбсайтад зочлохыг хүсвэл www.jargaldefacto.com хаягаар орно уу.