Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Баруун цанхид “Саусгоби сэндс” олборлолт хийнэ

С.Болд-Эрдэнэ
2016 оны 5 сарын 17
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар “Саусгоби Сэндс” ХХК-ийн өр төлбөрийг барагдуулах асуудлыг шийдвэрлэжээ. Шүүхээс улсын төсөвт 35.3 тэрбум төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн дагуу компаниас Засгийн газар, Сангийн яаманд төлбөрөө барагдуулах саналаа ирүүлсэн байна.

Ногдуулсан нийт төлбөрөөс 15 тэрбум төгрөгийг 2016, 2017 онд тус бүр 7.5 тэрбум төгрөг төлж, үлдэгдэл 20.3 тэрбум төгрөгийн өрийг Төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” компанийн Тавантолгойн уурхайд олборлолт явуулж, барагдуулах санал ирүүлсэнийг Сангийн яам зөвшөөрч, шийдвэрлэжээ.

“Саусгоби сэндс” ХХК нь Таван толгойн уурхайд ажиллахад холбогдон гарах тээврийн зардал, цалин хөлс, нийгмийн даатгал, байрлах байр, хоол хүнс, цахилгаан, техник хэрэгслийн засвар үйлчилгээ болон бусад зардлыг бие даан хариуцах бөгөөд “Эрдэнэс Таван толгой” ХК-аас ямар нэгэн нэмэлт зардал гаргуулахгүй байхаар тохиролцсон байна. 

“Саусгоби Сэндс” компанитай гэрээт олборлогчийн гэрээ байгуулж чадвал Баруун цанхийн уурхай дээр ажиллах боломжтой юм.

“Эрдэнэс Таван толгой” компани Таван толгойн бүлэг ордын Баруун, Зүүн цанхийн уурхайд олборлолт явуулж буй. Зүүн цанхийн уурхайн гэрээт олборлогчоор “TTJVCo” компани ажиллаж байгаа бол Баруун цанхийн уурхайн үйл ажиллагаа түр зогссон байгаа юм. Учир нь Баруун цанхийн уурхайн гэрээт олборлогчоор ажиллаж байсан “Монгол уурхайчид” түншлэлийн тендерийн хугацаа өнгөрсөн 12 дугаар сард дууссан бөгөөд дахин тендер зарлаагүй байсан.

Баруун цанхийн уурхайн экспортын орлого нь “Чалко” компанийн өрөнд тооцогдохгүй, “Эрдэнэс Тавантолгой” компанид төвлөрдөг тул “Саусгоби Сэндс” компаниар үнэгүй олборлолт хийлгэвэл “Эрдэнэс Тавантолгой” компанид ашигтай байх юм. 

“Эрдэнэс Тавантолгой” компани он гарсаар дөрөвдүгээр сарын 28-ны байдлаар 1.5 сая тонн нүүрс олборлож, 1.6 сая тонн нүүрс экспортлоод байгаа аж. 

Зураг