Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Орон нутагт "Оюутан цэрэг" хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг

"Оюутан цэрэг" хөтөлбөр гурав дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Энэ удаагийн хөтөлбөр анх удаа орон нутагт хэрэгжиж буйгаараа онцлог бөгөөд өдгөө оюутан залуус эхний сургалт болох "Цэргийн ерөнхий бэлтгэл" буюу  онолын хичээлдээ шамдан сурч байна.

Тэд ирэх сарын 15-наас хоёрдугаар шатны сургалт буюу "Цэргийн мэргэжилийн бэлтгэл"-дээ орно. Хөтөлбөрийн явцын талаар БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Рагчаадоржоос зарим зүйлийг тодрууллаа.


-"Оюутан цэрэг-2016" хөтөлбөрийн явцын талаар мэдээлэл өгөхгүй юу. Энэ жил оюутнуудын идэвх оролцоо өндөр байгааг Батлан хамгаалахын сайд онцолж байсан?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 92 дугаар зарлиг,  Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Цэргийн алба хаагчдыг нөхөн хангах бодлогыг шинэчлэн, холимог тогтолцоог төлөвшүүлж, иргэдийн цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийх” зорилтын хүрээнд Засгийн Газрын 2014 оны тогтоолоор баталсан “Оюутан-цэрэг хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөр 2014, 2015 онд амжилттай хэрэгжиж нийт 1,500 орчим оюутан хамрагдсан бол энэ онд мөн адил 1,000 оюутныг хамруулахаар шийдвэрлэсэн. Нийслэлээс гадна Ховд, Дорнод, Говьсүмбэр аймагт хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна.

Энэ удаагийн нийслэл дэх "Оюутан цэрэг" хөтөлбөрт нийт 6 дүүргийн 64 их, дээд сургуулиас 940 гаруй оюутан хамрагдаж, долоон их, дээд сургууль дээр долоон бүлгээр хичээллэж байна. БХИС-ийн захирлын тушаалаар томилогдсон сургалтын бүлгийн 17 багш долоо хоног бүрийн бямба, ням гаригуудын 09.00-14.00 цагийн хооронд нийт хоёр кредит 96 цагийн "Цэргийн ерөнхий бэлтгэл" сургалтыг хичээлийн хуваарь, хөтөлбөр, төлөвлөлтийн дагуу явуулж байна. 

-Орон нутаг дахь "Оюутан цэрэг" хөтөлбөрийн явц ямар төвшинд байгаа бол. Та бүхэн нэгдсэн удирдлагаар хангаж ажиллаж байх?

-Батлан хамгаалахын сайдын тушаалаар Ховд аймагт 150, Дорнод аймагт 100 оюутан энэ хөтөлбөрт хамрагдах ёстой. Энэ дагуу бид хүүхдүүдээ сайн дурын үндсэн дээр нь сонгон шалгаруулаад "Цэргийн ерөнхий бэлтгэл"-ийн сургалтад хамруулж байна. Орон нутаг дахь оюутнуудын идэвх оролцоо сайн байгаа төдийгүй нийслэлийн оюутнуудтай адилхан амралтын хоёр өдрөөр бүлэг болон хичээллэж байна.

Аймгийн Цэргийн штабынхан, Зэвсэгт хүчний дугаар ангийн офицерууд хичээлийг нэгдсэн төлөвлөгөөний дагуу явуулж байгаа. Мэдээж нийслэл, орон нутаг дахь оюутнуудын хичээлийн хуваарь, хөтөлбөр, сурах бичиг, төлөвлөлт бүгд нэг төвшинд адилхан. Одоогоор Завхан, Говь-Алтай, Ховд, Дорнод, Говьсүмбэр, Баян-Өлгий, Увс аймагт хөтөлбөр маань хэрэгжиж оюутнууд цэргийн онолын хичээлдээ суралцаж байна. 

-Орон нутгаас Ховд, Дорнод, Говьсүмбэр аймгуудад төвлөрнө гэсэн биш билүү?

-Баруун бүсийн төв Ховд, зүүн бүсийн төв Дорнод гэж онцолж хөтөлбөрөө хэрэгжүүлж байгаа. Баруун, зүүн аймгуудад их, дээд сургууль байгаа тохиолдолд хөтөлбөр хэрэгжих боломжтой гэсэн үг.  

"Цэргийн ерөнхий бэлтгэл"-ийн сургалт Завхан, Говь-Алтай, Ховд, Дорнод, Говьсүмбэр, Баян-Өлгий, Увс аймаг дахь их, дээд сургууль дээр амралтын өдөр хичээллэж байна. Харин онолын хичээлийн дараа нэгдсэн шалгалт авч, эрүүл мэндийн үзлэгт хамруулаад тэнцсэн оюутнууд дараагийн сургалтад үргэлжлүүлэн суралцана.

Ингэхдээ баруун бүсийн аймгуудын оюутнууд Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 дугаар ангид, Дорнод, Говьсүмбэр аймгийн оюутнууд Дорнод аймаг дахь Зэвсэгт хүчний 326 дугаар ангид,  нийслэл дэх оюутнууд БХИС-ийн Шархад дахь Сургалтын төвд "Цэргийн мэргэжлийн бэлтгэл"-дээ хамрагдана. Бидний зүгээс нэгдсэн удирдлагаар хангаж, дараагийн сургалтын бэлтгэлийг ханган ажиллаж байна.

Өнөөдөр гэхэд манай газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр нийслэл дэх "Оюутан цэрэг" хөтөлбөрийн хичээлийн явцтай танилцаад ирлээ. Төлөвлөгөөний дагуу "Цэргийн ерөнхий бэлтгэл" сургалт өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлсэн бөгөөд ирэх зургадугаар сарын 01-ний өдөр хүртэл зохион байгуулагдана.

Харин цэргийн эрдмийн хичээлийн дараа онолын шалгалт авч тэнцсэн оюутнуудаа эрүүл мэндийн үзлэгт хамруулан улмаар хоёр шат буюу "Цэргийн мэргэжлийн бэлтгэл" сургалт эхэлнэ. Энэ хугацаа нь зургаадугаар срын 15-наас наймдугаар сарын 15-ны хооронд үргэлжилнэ.

-Орон нутагт хэрэгжихэд  бэрхшээл тулгарах юм уу?

-Орон нутгуудын Засаг захиргааны байгууллагын дэмжлэгээр  хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа. Ялангуяа, аймгуудын Засаг дарга нар, Тамгын газрын удирдлагууд, манай цэргийн штабынхан идэвх зүтгэлтэй сайн ажиллаж байгааг онцлох ёстой.

Урьд онуудын хөтөлбөрийн үр дүнд суралцагчдын сахилга, хүмүүжил, хувийн зохион байгуулалт, төлөвшилд сайнаар нөлөөлж, анги, хамт олны эв нэгдэл, сургалтын чанарт ахиц, өөрчлөлт гаргаж байгаа талаар сургуулийн удирдлага, багш, оюутнууд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлдэг шүү.