Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Евровижнд түрүүлсэн Жамалаг Украинчууд баатрын ёсоор угтаж авлаа

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Улс төрийн нөлөө орсон гэж зарим нь үзэж байгаа энэ жилийн Евровижн наадамд Украины татар бүсгүй Жамала 534 оноогоор түрүүлсэн юм. Түүний дуулсан “1944 он” хэмээх дуунд Сталины тушаалаар нутаг заагдан цөлөгдсөн Крымийн татаруудын түүхийг өгүүлдэг. Жамалагийн гэр бүл Киргизэд цөлөгдсөн бөгөөд Жамала өөрөө тэнд төрж сүүлд Крымдээ эргэн иржээ.

250,000 орчим татар хүн Крымээс хүчээр нүүсэн ба 1980-аад оны сүүлээс төрөлх нутагтаа буцаж эхэлсэн түүхтэй.

Дэд байранд 511 оноогоор Австралийн Дами Им, гутгаар байранд 491 оноогоор Оросын Сергей Лазарев орсон байна.

Сүүлийн шалгаруулалтанд үлдсэн 26 дуучин Шведийн Стокгольм хотын Globe Arena-д тоглолтоо үзүүлсэн юм.

Тоглолтыг Европ, Хятад, Австрали, Шинэ Зеланд, АНУ даяар 200 орчим сая хүн үзсэн гэнэ.

Наадмын үеэр улс төрийн агуулгатай тэмцэл оролцогчдоос илэрч байсан. Тухайлбал Армений оролцогч эхний шалгаруулалтын үеэр тайзан дээр Нагорно Карабахын далбааг намируулж байжээ. Нагорно Карабах бол Азербайжан-Армений хооронд маргаантай байдаг бүс нутаг. Зохион байгуулагчдаас түүнд анхааруулга өгч дахин ингэвэл тэмцээнээс хасахыг сануулсан байна.

Хэдийгээр улс хоорондын харилцаа сайнгүй байсан ч Орос болон Украины олон нийт харилцан өөр өөрийн оролцогчиддоо хангалттай санал өгч байжээ. Харин хоёр талын шүүгч нар өөр хоорондоо санал өгөөгүй байсан гэнэ.

Украины ерөнхийлөгч Петро Порошенко Жамалагийн ялалтыг “гайхмаар сайн үзүүлбэр” гэж магтаад “бүх Украинчууд чамд талархаж байна, Жамала” гэж жиргэжээ.

Жамалаг Киевийн Бориспил нисэх буудалд газардах үеэр Украинчууд баатрын ёсоор угтаж авсан байна. Украинаас өмнө нь 2004 онд дуучин түрүүлж байсан бөгөөд Жамалагийн түрүү тус улсын хоёр дахь тохиолдол юм.

Ирэх жилийн Евровижн наадмыг Украин улс зохион байгуулахаар болсон. Оросын төв телевиз Жамалагийн ялалтыг мэдээлэхдээ төсвийн алдагдалтай, зүүн хэсэгт нь дайн болж байгаа, нийслэл хот нь эмх замбараагүй байгаа Украинчууд ирэх жилийн наадмыг яаж зохион байгуулах бол хэмээн гайхсан байна.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty