Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын цэцэрлэгтэй дүйх ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭ

Б.Бямбасүрэн, Засгийн газрын мэдээ
2016 оны 5 сарын 13
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль дөрөвдүгээр сарын 1-нээс албан ёсоор хэрэгжиж эхэлсэн. Энэ хууль нь 2-5 насны хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд харах үйлчилгээг зохицуулна.

Хуулийн шалгуур үзүүлэлт нь нарийвчилсан 35 заалттай. Өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд хүүхэд харах үйлчилгээг эрхлэхээр 3,000 гаруй иргэн хүсэлт гаргажээ. Эдгээр иргэдийн 1,800 нь 14 хоногийн 40 цагийн сургалтад суусан байна. Одоогоор энэ үйлчилгээг хөдөө орон нутаг болон нийслэлд 380 гаруй иргэн эрхэлж байгаа юм байна.

2016 оны улсын төсөвт хүүхэд харах үйлчилгээнд зориулан 10.8 тэрбум төгрөг төсөвлөжээ. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх насыг 18-65 хэмээн заасан байна. 

Мөн “Хүүхэд харагч нь бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, хүүхэд харах үйлчилгээний тусгай сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан, бага насны хүүхэдтэй харилцах арга зүй эзэмшсэн, халдварт болон сэтгэцийн өвчингүй, эрүүл, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, 18-65 насны Монгол Улсын иргэн байна” гэж хуульчилжээ.

Харин хууль хэрэгжиж эхлэх гэж буйтай зэрэгцэн “18 болон 60 настнууд бусдын үр хүүхдийг харж чадах уу” гэсэн асуулт эцэг, эхчүүдийн дунд гарсан.

Тэгвэл бид хуулийн хэрэгжилт амьдрал дээр хэрхэн туссаныг сурвалжлахаар цэцэрлэгт хамрагдах насны хамгийн олон хүүхэдтэй Сонгинохайрхан дүүргийг зорилоо. Сонгинохайрхан дүүрэг 32 хороотой. 

Өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд хүүхэд харах үйлчилгээг эрхлэхээр 3,000 гаруй иргэн хүсэлт гаргажээ. 

Энэ онд сургуулийн өмнөх боловсролд тус дүүргийн 9,000 гаруй хүүхэд хамрагдаж чадаагүй үлджээ. Харин энэ хууль хэрэгжсэнээр энэ онд 2,200 гаруй хүүхэд тус үйлчилгээнд хамрагдах боломжтой боллоо.

Одоогийн байдлаар тус дүүргийн нэг хороонд хүүхэд харах үйлчилгээний 2-3 төв байгуулагдаад байна. Бид тус дүүргийн 5 дугаар хороонд байрлах “Дөлгөөхөн” хүүхэд харах үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцсан юм. 

Биднийг 16.00 цагийн орчимд очиход ихэвчлэн 2-3 насны бололтой биеэр жижиг хүүхдүүд унтаж байлаа. Нэг багш нь хоёр хүүхдээ шинжилгээнд хамруулахаар авч яваад бидэнтэй зэрэгцэн ирэв. Өмнө нь нийтийн байр байсан хоёр давхар байрны нэг давхрыг бүхэлд нь хүүхэд харах үйлчилгээний төв болгон тохижуулжээ. Үүдээр нь ороход тун цэвэрхэн орчин угтлаа. Хүүхдүүдийн унтаж байгаа өрөөний хананд элдэв янзын цэцэг, ан амьтан гээд илт сонирхол, сатаарал төрүүлэх орчныг бүрдүүлжээ.

Үүдний хэсэгт хүүхэд бүрт хувцасны шүүгээ бэлдэж, таних тэмдэг тавьсан харагдав. Хүүхдүүдийн өрөөний гол хэсэгт байх тулгуур баганын доод хэсгийг зөөлөвчөөр жийрэглэсэн нь тэднийг мөргөхөөс сэргийлсэн нь нүдэнд тусав. Мөн угаалгын өрөөнд хүүхдүүдийн алчуур, сойз, сам сэлтийг харахад улсын цэцэрлэгээс ялгарах зүйлгүй. Суултуур, гарын угаалтуур нь хүртэл хүүхдийн нуруунд тохирсон, стандартад нийцсэн байлаа.

Хүүхэд харах үйлчилгээний “Дөлгөөхөн” төвийг ажиллуулж буй Н.Чимгээ хоёр хүүхэдтэй. Бага нь 11 cap, дундах нь хоёр настай. Өмнө нь гэртээ хоёр хүүхдээ хардаг байсан тэрбээр одоо өглөөнөөс орой хүртэл завгүй хөдөлмөрлөж байна. Тэрбээр анх телевизээр энэ тухай мэдээллийг авч, нийгмийн ажилтандаа ханджээ.

Ингээд хүүхэд харах үйлчилгээ эрхлэхэд болчих мэт санагдан, нийтийн байрныхаа нэгдүгээр давхрын гурван өрөө байрыг гурав орчим сая төгрөгөөр тохижуулсан байна. Одоо нөхөр болон найз бүсгүйтэйгээ нийлж cap гаруйн хугацаанд үйл ажиллагаа явуулсаар хэдийнэ туршлагажсан харагдлаа.

 “Дөлгөөхөн” төвд хүүхдүүдээ өгч байгаа ээжүүдийн дийлэнх нь гэртээ хүүхдээ хараад суудаг байсан гэнэ. 

Эхэндээ анх удаа ийм олон хүүхэдтэй ажиллаж үзэж байгаа тул хүүхэд бүрийн ааш, эвийг олох гэж багагүй сандарсан тухайгаа тэрбээр ярилаа.

“Дөлгөөхөн” төвд хүүхдүүдээ өгч байгаа ээжүүдийн дийлэнх нь гэртээ хүүхдээ хараад суудаг байсан гэнэ. Харин одоо ээжүүд ажилтай, орлоготой болж амьдрал ахуйгаа дээшлүүлж байна. Эндээс харахад ажилгүй байсан гурван хүн энэ үйлчилгээг эрхэлж ажлын байртай боллоо. Мөн хүүхдээ харуулахаар өгч байгаа 15 ээлжид ажил эрхлэх боломж нээгдэж байгаа нь амьдрал дээр хамгийн нүдээ олсон хууль болсон мэт.

Мэдээж сайны хажуугаар саар зүйл байгааг Н.Чимгээ биднээс нуусангүй. Тэрбээр “Энэ үйл ажиллагааг эрхлээд cap гаруй хугацаа өнгөрлөө. Бидэнд боломжийн санагдаж байгаа. Гэхдээ улсаас олгох 116 мянган төгрөгийн санхүүжилтийг хугацаандаа олгохгүй байна. Үүнээс болж бидэнд үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй байна. Эцэг, эхчүүдтэй ярилцахад хоолны мөнгө гэж сард 60-70 мянган төгрөг авч байгаа хэдий ч урсгал зардал их гардаг юм байна. Уг нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаа явуулж болно гэж дүүргийн удирдлагууд хэлсэн.

Гэтэл Засаг даргын тогтоол тухайн сарын 27-нд гарсан гээд гурван өдрийн санхүүжилт л олгоно гэсэн. Бид өнгөрсөн сард хүүхдийн хоолны мөнгөөрөө л арай гэж болгосон. Багшийнхаа цалинг нь одоо болтол өгөөгүй. Энэ үйлчилгээг эхлүүлэх гэж хувиасаа чамгүй мөнгө гаргасан. Хүүхдийн гудас гэхэд л стандартын дагуу цагаан эсгий байх ёстой. Сав, суулганаас эхлээд олон зүйл бэлдсэн” гэв.

Хүүхэд харах үйлчилгээ 08.00-18.30 цагийн хуваарьтай. Улсын цэцэрлэгтэй адил зун нь амарч, бусад цагт үйл ажиллагаа явуулах юм байна. Тус төвийн хувьд өдөрт 3-5 удаа хүүхдүүдээ хооллодог гэж байв. Тэрчлэн хүүхэд харах үйлчилгээний төв гээд зүгээр хараад суудаггүй, хүүхдийг хөгжүүлэх тал дээр ч анхаарч ажилладаг тухайгаа ярьсан юм.

Хэдий сургууль, цэцэрлэг шинээр барьж байгуулж байгаа ч улсын хэмжээнд 40 гаруй мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байсаар л байна. Үүнээс болж гэртээ цоожлуулж буй хүүхдүүд нэмэгдсэн нь олон эрсдэл дагуулж буй. Тухайлбал, 2015 онд л гэхэд улсын хэмжээнд гал түймрийн улмаас нийт 50 хүн нас барсны 15 нь бага насны хүүхэд байв.

Түүнчлэн гэртээ ганцаараа байж байгаад халуун цай, хоол, буцалсан ус зэрэгт түлэгддэг тохиолдол ч их байгааг статистик мэдээнээс харж болно. Ийнхүү асрах хүнгүй, том хүний хараа хяналтын гадуур байгаагаас cap бүр 15 хүүхэд зүй бусаар хорвоог орхиж байгаа гэсэн харамсалтай тоог НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргажээ.

Энэ мэт харамсалтай хэргийг таслан зогсоох, хүүхдүүдийг болзошгүй аюулаас сэргийлэх үүднээс Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг өнгөрсөн оны долдугаар сарын 2-ны өдөр баталсан. Амьдралд ойр, нүдээ олсон энэ хууль хэрэгжээд cap гаруй хугацаа өнгөрч байгаа ч олон иргэний асуудлыг шийдэж эхэлсэн байна. 


"Дүрмээ жаахан зөөлрүүлбэл зүгээр байна"

Хорооны хэмжээнд хүүхэд харах үйлчилгээ ямар байгаа талаар Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн нийгмийн ажилтан Ж.Даанцогзолоос тодрууллаа.

-Танай хорооны хэмжээнд цэцэрлэгийн насны хэдэн хүүхэд байдаг вэ. Хүүхэд харах үйлчилгээнд хэдэн хүүхэд хамрагдаж байна вэ?

-Манай хороо 8,234 хүн амтай. Үүнээс цэцэрлэгийн насны 1,300 орчим хүүхэд байдгаас 300 нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байна. Гэхдээ зарим нь хувийн цэцэрлэгт явж байгаа.

Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах хүсэлтэй 120 хүүхэд байгаагийн 30-ыг нь хамруулж байна. Хорооны хэмжээнд 12 иргэн энэ үйлчилгээг эрхлэх өргөдөл гаргаж, сургалтад хамрагдсан.

Дүрмээ жаахан зөөлрүүлчихвэл хүүхдээ гэртээ хараад суудаг үйлчилгээ эрхлэх боломжтой олон иргэн бий.

Бид хүүхдийн стандартад нийцэх ажлын байрны 35 шалгуур үзүүлэлтийг харгалзан зургаан иргэнийг тэнцүүлсэн. Хорооны хэмжээнд одоо 15 хүүхэдтэй хоёр төв үйл ажиллагаа явуулж байна.

-Яагаад ийм цөөн тооны иргэдэд зөвшөөрөл олгож байна вэ. Цаанаас нь квот тогтоосон юм уу?

-Тухайн иргэд маань хүүхэд харах байраа бэлдэхдээ стандартад нийцүүлж чадахгүй байна. Зарим нь өөрсдийн амьдарч байгаа байрандаа биш, түрээсийн сууцанд энэ үйл ажиллагааг эрхлэх сонирхолтой байна.

Гэтэл бидний тооцоолж буйгаар түрээсээ төлөөд хүүхэд харах үйлчилгээг эрхлэх боломжгүй байгаа юм.

Түүнчлэн гэр барьж, үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой айлууд байгаа ч намагтай, өндөр хүчдэлтэй газарт байж байх жишээтэй. Мөн гэрт тавих шаардлага нь ч нэлээд өндөр.

Галын аюулгүй байдлаас өгсүүлээд гал тогоотой зэрэг өндөр шалгуур бий. Заавал нэг хүнд тав гэхгүй долоо, найм болгочихвол ашиг нь арай ахиу гарна. Иймд дүрмээ жаахан зөөлрүүлчихвэл хүүхдээ гэртээ хараад суудаг үйлчилгээ эрхлэх боломжтой олон иргэн бий.

-Танай хорооны хэмжээнд ажилгүй, өрх толгойлсон хэдэн эмэгтэй байдаг вэ?

-Хорооны хэмжээнд 120 орчим өрх толгойлсон эмэгтэй, зорилтот бүлгийн 44 өрх бий. Үүний 38 өрхийн эмэгтэй нь ямар ч ажилгүй, бага насны хүүхдүүдтэй. Тэдэнд хорооныхоо байранд гар урлал, нэхий урлал зааж сургадаг.

Зураг