Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Хатан хаан Хятадуудын “бүдүүлгийг” гайхаж байгаа бичлэг дэлгэгдэв

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн онд Их Британид сүртэй айлчлал хийсэн Ши Жиньпин тэргүүтэй Хятадын төлөөлөгчдийн тухай дурсаж ярилцахдаа тэдний “бүдүүлгийг” гайхаж байгаа Хатан хаан Элизабетийн бичлэгийг дэлгэжээ.

Өчигдөр буюу Мягмар гарагт Букингэмийн ордны цэцэрлэгт болсон арга хэмжээний үеэр дээрх яриа санамсаргүйгээр BBC-ийн сэтгүүлчийн камерт бичигдсэн байна.

Ордны албаны хүн Хатан хааныг цагдаагийн офицер Люси Дорситай танилцуулж, түүнийг Ши Жиньпиний айлчлалын үеэр аюулгүй байдлыг зохион байгуулсан хүн гэжээ. Гэтэл Хатан хаан өөдөөс нь түүний азгүйг гайхсан хариу (“oh, bad luck”) өгсөн байна.

Албаны хүн цааш нь цагдаагийн офицер тэр айлчлалын үеэр тун хүнд байдалд ажилласныг дуулгажээ. Дорси хатан хаанд “гол командлагчийн хувьд энэ нь надад хэцүү шалгалт болсон, та үүнийг мэдэрсэн үгүйг мэдэхгүй байна” гэхэд Хатан хаан “мэдсэн” гэсэн байна.

Дорси цааш нь Хятадын албаны хүмүүс Британиас Хятадад суух элчин сайдтай Ланкастер ордонд хийсэн уулзалтыг бүдүүлгээр орхин гарч явсныг ярихад хатан хаан “тэд элчин сайдтай маш бүдүүлэг харьцсан байсан” гэжээ.

“Миний бодлоор тэд маш бүдүүлэг, дипломат бус зан гаргасан” гэж Дорсиг хэлэхэд Хатан хаан “гайхмаар байсан” гэж түүний үгийг дэмжсэн байна.

Хатан хааны ярианы талаар Букингэмийн ордноос тодруулахад хэвлэлийн төлөөлөгч нь “бид хатан хааны хувийн ярианд дүгнэлт хийх боломжгүй” гэсэн хариу өгчээ.

Өнгөрсөн онд Хятадын төрийн тэргүүний Их Британид хийсэн айлчлалыг хэтэрхий халуун дотно болсон гэж Британичууд шүүмжилж байсан юм. Гэвч засгийн газар нь энэ үйл явдлыг Их Британий эдийн засагт үр өгөөжтэй болсон гэж дүгнэж байлаа.

Эх сурвалж: BBC, Independent