Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

Нугасан хошуут үлэг гүрвэлийн 70 сая жилийн настай зулзага эх орондоо ирлээ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам, Бельгийн Вангийн Байгалийн шинжлэх ухааны хүрээлэнтэй 2015 онд байгуулсан Монгол Улсаас гарал үүсэлтэй, хууль бусаар хилээр гарсан нь нотлогдсон геологи, палеонтологи, биологийн өвийг Монгол Улсад  буцаахад талууд хамтран ажиллах  тухай хэлэлцээрийн  хүрээнд манай улсаас хууль бусаар гарч Японд зарагдан улмаар Европт хувийн цуглуулагчийн гар дээр очсон байсан Завролофын зулзага эх орондоо эргэн ирлээ.

Энэхүү  олдворыг  Монгол орны говийн бүс нутгийн баруун хэсэгт өргөнөөр тархсан дээд Цэрдийн Нэмэгт формациас олдсон болохыг  Монгол Улсын  Шинжлэх ухааны академийн харъяа Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн эрдэмтэд Бельгийн Вант Улсын Вангийн Байгалийн Шинжлэх Ухааны хүрээлэнгийн эрдэмтэдтэй хамтран судалж тогтоосон бөгөөд олон улсын эрдэм шинжилгээний нэр хүнд бүхий  PLOS ONE сэтгүүлд 2015 оны аравдугаар сарын 14-нд хэвлүүлэн баталгаажуулсан. 

Тус олдворыг Чингис хаан нисэх онгоцны буудлаас өнөөдөр өглөө БСШУЯ, тус яамны Палеонтологи Археологийн музейн шинэчлэл төслийн нэгж, Соёлын өвийн төв, Палеонтологи, геологийн хүрээлэн, Үлэг гүрвэлийн төв музейн төлөөллүүд хүлээн авлаа. 
 
Нугасан хошуут үлэг гүрвэл буюу Завролофус ангустирострисын бага залуугаас нас бие гүйцэх хүртлэх бодгалийн хөгжлийн олон үе шатны олдвор олдож байсан боловч нялх зулзаганы олдвор олдож байгаагүй. Тус үлэг гүрвэл нь нас бие гүйцэхдээ 10-12 метрийн урт хүртэл өсдөг өвсөн тэжээлтэн амьтан юм. 

 

 

Энэ мэт шинжлэх ухааны өндөр ач холбогдол бүхий хууль бусаар алдагдсан палеонтологийн өвөө эх орондоо эргүүлэн авчирч байгаа нь манай улсын шинжлэх ухаан, соёлын бодлогын нэгэн чухал арга хэмжээ болж байна. 

Дараахи линкээр орж PLOS ONE сэтгүүлд тавигдсан Завролофын зулзаганы тухай эрдэм шинжилгээний нийтлэлийг унших боломжтой: http://journals.plos.org/plosone/article?id=10.1371/journal.pone.0138806

Зургийг www.ibtimes.co.uk сайтаас авч ашиглав.