Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

МОНГОЛЧУУД ЦУВРАЛ: Таван жилийн төлөвлөгөө

МОНСУДАР
2016 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Энэ удаа та бүхэндээ “Монголчууд нийгэм журамд давшин орсон нь (1924-1959)” номоос эх орныхоо аж ахуй соёлыг хөгжүүлэхийн тулд авч хэрэгжүүлж байсан нэгэн чухал арга хэмжээ болох таван жилийн төлөвлөгөөний тухай товчлон хүргэж байна.

Уг номыг Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан бөгөөд  “Монголчууд” хэмээх зурагт түүхийн цувралын III боть юм. Энэ номын гол онцлог нь монголчууд суурин иргэншилд хөлж тавьж, нийгмийг бүтээн байгуулсан түүхэн чухал үеийг сонирхолтой гэрэл зургаар өгүүлсэн явдал юм.

Таван жилийн төлөвлөгөө бол улс орноо хөгжүүлэхийн тулд үе шаттай төлөвлөгөө гаргаж түүнийгээ дор бүр нь хянан хэлэлцэж, үр дүнг нь дүгнэж байсны тод жишээ билээ. 

1946 онд 5 жилээр төлөвлөх төслийг боловсруулж, ард олны саналыг авчээ.

Манай улс 1940-өөд оны үеэс аж ахуй соёлоо хөгжүүлэх жил, жилийн төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлдэг байсан бол 1946 онд 5 жилээр төлөвлөх төслийг боловсруулж, ард олны саналыг авчээ.

Энэ нь социалист лагерийн орнуудын хүрээлэл бий болсон, улс орныхоо дотоодод аж ахуй, нийгэм соёлын үндсэн асуудлуудыг хэтийн төлөвлөгөөний үндсэн дээр шийдвэрлэх шаардлага тулгарсан зэрэгтэй холбоотой байв.

Х.Чойбалсан ардын үйлдвэрлэлийн нэгдэл, уламжлалт хот айл, ардын нөхөрлөл бол тодорхой хугацаанд манайд тохирсон хоршооллын тохиромжтой хэлбэр гэж үзэж байсан бол Ю.Цэдэнбал ардын үйлдвэрлэлийн нэгдэл хоршооллын бүрэн утгыг илэрхийлж чадахгүй, учир нь малынхаа өчүүхэн хэсгийг нийлүүлж нийгэмчилснээс хөдөлмөрөө хоршоогүй тул хэзээд хувийн сонирхол нь давамгайлж байх болно.

Иймд хувийн аж ахуйг хамтын том аж ахуй болгон өөрчлөхгүйгээр хэтийн төлөвлөгөөнд хамааруулж чадахгүй гэж үзэж байжээ.

Ю.Цэдэнбал тэр үед ЗХУ-ын хөдөө аж ахуйд болон нийт социалист системд өрнөж байсан өмчөө нийгэмчлэх, хамтын өмч буй болгох хөдөлгөөнийг хөгжлийнхөө зорилт болгон шүтэж байсан бол Х.Чойбалсан өөрийн орны уламжлалт аж байдлын үндсэн дээр аажмаар цаашид хөгжүүлэх замаар хоршоолох хөдөлгөөнийг өрнүүлэх бодолтой байжээ. 

Юутай ч анхдугаар таван жилийн төлөвлөгөөний төслийг боловсруулахад тухайн үедээ хамгийн нэр нөлөө бүхий Х.Чойбалсангийн санал давамгайлжээ.

Дайны үеийн нөхцөл байдлаас шалтгаалан нам, улсын ээлжит их хурал 7-8 жил завсарласны дараа 1947 оны XII сард хуралдав.

Хуралд намын 800 шахам байгууллага, 28,000 гаруй гишүүдийг төлөөлсөн 480 төлөөлөгч оролцож, 1948-1952 онд улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөний төсөл, намын дүрэмд өөрчлөлт оруулах, намын төв байгууллагуудыг сонгох асуудлыг хэлэлцжээ. 

Анхдугаар таван жилийн төлөвлөгөөний үндсэн агуулга нь БНМАУ-ын эдийн засаг, үйлдвэрлэх хүчнийг бүхий л аргаар хөгжүүлэх, хүний ухамсарт үлдэж хоцорсон феодализмын үлдэгдэлтэй шийдвэртэй тэмцэх, социализмд дэвших цаашдын дэвшилтийг гүнзгийрүүлэхэд оршиж байлаа.

Ардын үйлдвэрлэлийн нэгдлийг жинхэнэ үлгэр жишээ аж ахуй болгон сайжруулах, нэгдлийн дүрмийг шинэчлэн боловсруулахыг заахын хамт мал аж ахуйг хамтын хүчээр эрхлэх нэг хэлбэр болох “Ардын нөхөрлөл” байгуулж ажиллах гэсэн Х.Чойбалсангийн саналыг их хурал дэмжжээ. 

БНМАУ-ын улс ардын аж ахуй, соёлыг 1948- 1952 онд хөгжүүлэх анхдугаар таван жилийн төлөвлөгөөгөөр малын тоо толгойг 31 саяд хүргэж, аж үйлдвэрийн газруудыг өргөтгөж түүний нийт бүтээгдэхүүнийг 96.8 хувиар өсгөх, бүх хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд заавал сургах, насанд хүрэгсдийн бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгах зэрэг зорилт дэвшүүлжээ.

1948 оны нэгдүгээр сард МАХН-ын Төв хороо, СнЗ-өөс “Таван жилийн төлөвлөгөөний зорилтын биелэлт, явцын тухай мэдэгдэл гаргаж байх журам тогтоох тухай” тогтоол гаргаж үүндээ дээд байгууллага нь доод байгууллагынхаа ажлыг байнга шалгаж, тайлан тооцоог гаргуулж байх, үйлдвэрүүд бол улирал тутмын төлөвлөгөөнийхөө биелэлтийн явцын тухай дээд байгууллагадаа тайлагнаж байх журам тогтоов. 

Олон нийтийн байгууллагуудын үйл ажиллагааг таван жилийн төлөвлөгөөг биелүүлэх үйл хэрэгт чиглүүлэн олон түмнийг зохион байгуулах ажилд дайчлах болов. Анхдугаар таван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд захиргаадан шахахын зэрэгцээ идэвх санаачилгыг нь дэмжих, олон нийтийг хамарсан ажил өрнүүлэх, тэдний аж амьдрал, соёл, боловсрол мэдлэгийн түвшинг дээшлүүлэх зэрэг олон асуудалд анхаарал хандуулж байв. 

1948 оны дөрөвдүгээр сараас ажилчид үйлдвэрийнхээ захиргаатай гэрээ байгуулах болсон нь төлөвлөгөөт зорилтыг биелүүлэхэд ажилчдыг дайчлах нөгөө талаас ажилчдын цалин хөлс, амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой зүйл болов.

Улсын үйлдвэр аж ахуйн газар хувьсгалт уралдаан өрнөж ганц нэгээрээ уралддаг байсан бол хамт олноороо уралдах хэлбэр газар авч эхлэв. Анхдугаар таван жилийн төлөвлөгөөг 3,000 гаруй ажилчин давуулан биелүүлж, олон арван ажилчин 10-16 жилийн үйлдвэрлэлийн нормыг биелүүлжээ.

 

 

Зургийн тайлбар: Улс ардын аж ахуй, соёлоо урт хугацаагаар төлөвлөн ажилчдын дунд социалист уралдаан зохион байгуулах болов.

 

Зургийн тайлбар: Хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүний өсөлтийг зургаар харуулжээ.

 

Зургийн тайлбар: Намрын ургац хураалтанд авто тээвэрчдийг татан ажиллуулж хамтын хөдөлмөрөөр намрын их ажлыг нугална

Монголчууд цуврал
 

Уг цувралын хүрээнд Монгол нутагт хүн амьдарч эхэлсэн цагаас өнөөг хүртэлх түүхийг гэрэл зургаар баяжуулан уншигчдын хүртээл болгох зорилготой бөгөөд  одоогийн байдлаар 1600-1959 оныг хүртэлх түүхийг өгүүлсэн 3 боть хэвлэгдэн гараад байна. Эдгээр номууд нь дан ганц түүхэн гэрэл зургаас гадна архивын баримт материал, эд өлгийн дурсгал зэрэг олон арван ховор нандин баримтуудыг агуулсан.  

“Монголчууд XX зууны эхэнд”  
“Монголчууд XVII-XX зууны эхэн үе” 
“Монголчууд нийгэм журамд давшин орсон нь”