Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Хүний бие хэрхэн хувьсаж өөрчлөгдсөнийг батлах зүйлс

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Хүний бие махбодод тохиолддог зүйл болгон цаанаа учиртай. Олон мянган жилийн хувьсал хөгжлийн үр дүн юм.

Эдгээрээс заримыг нь тайлбарлаж байна.

 

Бид яагаад инээдэг вэ?

Заримдаа бид инээх зүйл болоогүй байхад ч инээдэг. Учир нь энэ анхнаасаа “бүх зүйл хэвийн” гэсэн илэрхийлэл байжээ. Хүний өвөг дээдэс мичнүүд одоо ч таатай үедээ ийм нүүрний илэрхийлэл үзүүлдэг. Энэ нь аюул байхгүй, хоол хүнс байна, санаа зовох зүйл одоохондоо алга гэсэн үг юм.

 

 Бид яагаад гижигдүүлэхээс айдаг вэ?

Гижигдүүлснээр бид биеийн хамгийн эмзэг цэгүүдээ хамгаалж сурдаг байжээ. Эдгээр нь хүзүү, суга зэрэг мэдрэмтгий, эмзэг хэсгүүд байдаг ба өвөг дээдэс маань хүүхдээ гижигдэж энэхүү эмзэг цэгүүдээ хэрхэн довтолгооноос хамгаалахад сургадаг байсантай холбоотой.

 

Харшил яагаад бидэнд байдаг вэ?

Энэ бол үхлийн аюултай өвчнөөс хамгаалахаар бий болсон дархлааны системийн үлдэгдэл. Эрт үед хүний бие янз бүрийн өвчний эсрэг хариу үйлчлэл үзүүлдэг байжээ. Энэ систем нь өнөөдөр үлдээд байгаа нь харшил юм.

 

Бидний нүүр яагаад улайдаг вэ?

Амьтдаас зөвхөн хүн л улайдаг. Энэ нь бас л амьд үлдэх нэг арга байж. Нүүр улайх нь үгээр хэлэлгүйгээр буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрсний тэмдэг байв. Ингэснээр овог дотроо хүмүүс хэрэггүй илүү тулаан хийлгүйгээр эв зүйгээ олж сурахад тусалдаг байжээ.

 

Шил самардахад гардаг чимээнээс бид яагаад эвгүйцдэг вэ?

Энэ чимээ нь бидний тархинд аюулын дохио болж сонсогддог. Эрдэмтэд энэ чимээний давтамж нь макака сармагчингийн сүргийнхэндээ дамжуулдаг аюулын хашхираантай ижил давтамжтай болохыг нээжээ. Тиймээс бид бүгд нэг ижил аюулын дохиотой.

 

Хүний хүүхэд яагаад шууд бие даадаггүй вэ?

Бусад амьтны үр төлтэй харьцуулахад хүний хүүхэд төрмөгцөө бие дааж чаддаггүй. Үүний учир нь тархины том хэмжээ. Хүний үр бие даах чадвартай болохоосоо өмнө эхийн хэвлийгээс гардаг. Тэгэхгүй бол гавлын яс нь томроод төрөх сувгаараа багтаж гарах аргагүй болдгоос гэнэ.

 

Яагаад хурууны арьс норохоороо үрчийдэг вэ?

Норсон үедээ нойтон гадаргуутай барьцалддаг байхын тулд байгаль ингэж зохион бүтээжээ. Ингэж үрчгэр болсон хуруу яг л машины дугуй шиг гадаргуутай барьцалддаг гэнэ.

 

Хүмүүс яагаад хахдаг вэ?

Зөвхөн хүн л хахдаг. Энэ нь бидний хэл яриа хөгжсөнтэй холбоотой. Хэлний уг төвөнхтэй залгадаг хэсэгт нарийхан гуурс байдаг нь биднийг өргөн зурвасаар дуу авиа гаргах боломж олгодог. Харин түүний доохон талд улаан хоолой байрладаг тул их хэмжээний хоол тэр нарийн гуурсаар нэвтрэхдээ гацаж хахах нөхцөл бий болдог.

 

Яагаад хүний биеийн зарим хэсэгт үс үлдсэн бэ?

Хөгжлийн явцад хүний биенээс үс арилсан ч зарим хэсэгт нь үлдсэн. Гэхдээ эдгээр нь бүгд цаанаа үүрэгтэй үлджээ. Хуйхны үс хүмүүсийг нарны туяанаас хамгаалах зориулалттай бол суга болон нууц эрхтний үс нь эсрэг хүйстнийг татах үнэр ялгаруулах зорилготой гэнэ.

 

Яагаад бидний арьс арзайдаг вэ?

Энэ нь бидний биеэрээ үстэй байсан үеэс үлдсэн үзэгдэл. Араатан амьтанд том харагдаж сүрдүүлэхийн тулд хүний арьсан доорх булчин чангарч үсийг босгодог байсан нь ийнхүү үлджээ. Мөн хүйтэнд ингэдэг нь үсийг босгож биеийг дулаан байлгах гэсэнтэй холбоотой гэнэ.

 

Хүний чих яагаад хөдлөхөө больсон бэ?

Уг нь дуу чимээ гарч байгаа чиглэлийг олж тогтоохын тулд чих хөдөлдөг байж. Харин мичнүүд сүрэглэн амьдардаг болсноос ингэх хэрэггүй болж яваандаа ажиллахаа больжээ.

 

Эх сурвалж: Cracked.Com