Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ: Алиорамусын гавлын яс зэрэг ихэд үнэтэй олдворуудыг Монгол Улсад эргүүлэн өгч байна

БСШУСЯ
2016 оны 4 сарын 8
БСШУСЯ
Зураг зураг

Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотын Зүүн дүүргийн шүүхийн байранд Монгол Улсаас хууль бусаар алдагдсан палеонтологийн олдворуудыг эргүүлэн өгөх ёслолын арга хэмжээ дөрөвдүгээр сарын 5-ны өдөр боллоо.

“Монгол Улс нь дэлхийд томоохонд тооцогдох палеонтологийн арвин баялаг олдвортой орон бөгөөд цаашид маш олон судалгаа, нээлтийг хийх биз ээ. Хууль бус малтагчид, худалдаачдын гарт орсон эдгээр үнэт олдворуудыг Монгол Улсын иргэдэд эргүүлэн өгөхөөр ажилласандаа бид баяртай байна. Эдгээр олдворыг Монгол Улс эргүүлэн авч судалж шинжлэн, нандигнан хадгалах юм.

Өнөөдрийн үйл явдал нь манай улсын Хууль зүйн яам, Дотоод аюулгүй байдлын мөрдөн байцаах газар, Монгол Улсын Засгийн газрын хамтын ажиллагааны үр дүн билээ. Мөн Гааль, хил хамгааллын газар эдгээр олдворуудыг эргүүлэн авахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. 3 жилийн өмнө Тарбозавр батаарыг Монгол Улсад эргүүлэн өгсөн нь манай хоёр улсын Засгийн газрын хууль бус палеонтологийн олдворын худалдаатай тэмцэх хүчтэй, өгөөжтэй харилцаа холбоог бий болгож өгсөн.

Түүний дараа 23 олдворыг Монгол Улсад эргүүлэн өгсөн бол өнөөдөр Алиорамусын гавлын яс (300,000$ үнэ бүхий), Бактрозаврын араг яс, Протосератопсын зулзаганы араг яс, Троодонтидын өндөгний үүр, Пситозаврын араг яс болон гавлын яс, Хадрозаврын араг яс гэсэн ихэд үнэ цэнэтэй олдворуудыг Монгол Улсад эргүүлэн өгч байна. Манай хоёр орны Засгийн газрын хамтын ажиллагаа цаашид улам бүр бэхжин батжиж, шинэ шинэ боломж, түлхэцийг хамтын ажиллагаандаа бий болгоно гэдэгт эргэлзэхгүй байна.” хэмээн Америкийн Нэгдсэн Улсын зүгээс ёслолын арга хэмжээний үеэр мэдэгдлээ. 

Эдгээр дахин давтагдашгүй олдворуудыг эх орондоо эргүүлэн авчрах бэлтгэл ажлыг палеонтологич М.Болорцэцэг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны итгэмжлэлтэй Америкийн Нэгдсэн Улсад гүйцэтгэж байгаа бөгөөд тус яамны бодлогын хүрээнд Палеонтологи, археологийн музейн шинэчлэл төслийн нэгжийнхэн ложистик болон Үлэг гүрвэлийн төв музейд хүлээлгэн өгөх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. 

Тус арга хэмжээний үеэр Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотын Зүүн дүүргийн шүүгч Роберт Л.Каперс, туслах Карин Оренштейн, Дотоод аюулгүй байдлын мөрдөн байцаах газрын гүйцэтгэх захирал Петр Т.Эдж, Америкийн Нэгдсэн Улсын Цагаачлал, гаалийн хууль сахиулах газар, Гааль, хил хамгааллын газрын холбогдох албан хаагчид, Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Б.Алтангэрэл, Монгол Улсын элчин сайдын яамны холбогдох албан хаагчид, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын Монголоос гаралтай палеонтологийн олдвортой холбоотой асуудлаар итгэмжлэгдсэн төлөөлөгч Йелийн их сургуулийн доктор Анн Алтман, палеонтологич доктор М.Болорцэцэг зэрэг хүмүүс оролцсон юм. 
ФОТО