Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

Хууль дагасан хүлээлт

Г.Байгаль, Засгийн газрын мэдээ
2016 оны 3 сарын 31
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

-Шинэ хуулийн дагалдах журам хүлээлт үүсгэж байна-

Урин цаг хаяанд ирж, барилгын ажил эхэллээ. Гэвч барилгын шинэ дүрэм, журам одоо хэр батлагдаагүй байна. УИХ-аас өнгөрсөн хоёрдугаар сард Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Тэгвэл малгай хуулийн хэрэгжилтийг хангах 34 дүрэм, журам бэлэн болоогүй байна.

“Ажлын ачааллаас болж журам боловсруулах явц удааширсан” гэж Барилга, хот байгуулалтын яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Х.Батболд тайлбарлав. Гэхдээ бүх журмыг боловсруулж байгаа бөгөөд эхний хэсэг нь ирэх сард бэлэн болно. Зургаадугаар сард бүх журмыг баталж дуусна гэж мэдээллээ.

Энэ үеэр шинэ журамд тусгах саналаа барилгын компаниуд илэрхийллээ. Тухайлбал, манай улсад зөвхөн дотоод заслыг нь хийсэн орон сууцыг улсын комисс ашиглалтад хүлээн авдаг байна. Барилгын компаниуд ч ханын цаасыг нь нааж, амьдрахад бэлэн болгосон орон сууц хүлээлгэн өгдөг. Тэгвэл дэлхийн ихэнх улсад дотоод засал чимэглэлгүй орон сууцыг ч хүлээн авдаг жишиг бий.

Ингэснээр иргэд өөрийн хүссэнээр байрныхаа дотоод заслыг хийж, гэрээ тохижуулдаг. Мөн худалдан авч буй орон сууцныхаа ханын зузаан гэх мэт хийцлэлийн чанарыг илүү таних боломж олгодог. Иргэдээс гадна улсын комисс ч орон сууцны чанар. стандартад илүү нарийн хяналт тавих боломжтой болдог гэж барилгын компанийн төлөөлөл хэлж байна.

Тиймээс энэ жишгийг шинэ журамд тусгах хүсэлтэй байгаа аж.

Сүүлийн жилүүдэд манай барилгын салбарт осол гэмтэл олон гарсан.

Сүүлийн жилүүдэд манай барилгын салбарт осол гэмтэл олон гарсан. Судалгаагаар осол, гэмтлийн 60 хувь нь тухайн иргэнээс, үлдсэн нь ажлын нөхцөлөөс шалтгаалдаг байна.

Тиймээс шинэ хуулиар барилгын салбарын 96 мянган ажилчныг амь насны даатгалд хамруулахаар болжээ. Бас инженерүүдийг ч мэргэжлийн хариуцлагын даатгалд хамруулах аж.

Мөн компаниудын хариуцлагыг өндөрсгөхийн тулд барилгын чанараас нь хамаарч зэрэглэл тогтоохоор болов. Тодруулбал, шар, ногоон, улаан өнгийн гэрчилгээг компаниудад олгох аж. Гэхдээ “Энэ нь эргээд барилгын компаниудад чөдөр тушаа болж, хүнд суртал үүсгэх эрсдэлтэй” гэж “Бүти” компанийн захирал Г.Батжаргал саналаа хэлэв.

Үүнээс гадна барилгын “Хас дөл” компани тусгай зөвшөөрөл шинээр авах бус зөвхөн сунгуулахад зургаан сарын хугацаа зарцуулжээ. Тус компани Барилгын хөгжлийн төвд өнгөрсөн оны есдүгээр сард хүсэлт тавьж, он дамнан, хоёрдугаар сард тусгай зөвшөөрлөө сунгуулсан байна.

Энэ мэт бичиг баримт, тусгай зөвшөөрөлтэй холбоотой хүнд суртал, хүндрэл чирэгдэл их гардгийг компаниудын төлөөлөл ярьж байлаа. Тэгвэл шинэ хуулиар үүнийг хөнгөвчилжээ. 

Тухайлбал, барилга барих зөвшөөрлийг өмнө нь 505 өдрийн турш 124 хүний гарын үсэг цуглуулж авдаг байв. Тэгвэл өдгөө 56 өдөр, 35 гарын үсэг зуруулж, нэг цэгийн үйлчилгээгээр олгохоор болсон.

Шинэ хууль нь барилгын салбарын оролцогч талуудын эрхийг хангаад зогсохгүй хөндлөнгийн буюу олон нийтийн эрх ашгийг ч хамгаалжээ.

Тухайлбал, нийтийн эзэмшлийн зам, талбайг хэрхэн хамгаалах талаар нэмэлтээр тусгасан байна. Мөн Барилга, хот байгуулалтын яамны мэдэлд байсан тусгай зөвшөөрөл олгох эрхийг төрийн бус байгууллагад шилжүүлжээ.

Түүнчлэн “Барилга Эм Эн” компаниас орон сууцны зах зээлийн сүүлийн үеийн судалгааг танилцууллаа. Нийслэлд өнөөгийн байдлаар 200 орон сууцны барилга борлуулалт хийж байна. Бас зах зээл дэх орон сууцыг стандартын, стандарт сайтай, тансаг зэрэглэлийн хэмээн гурав ангилжээ. Ийнхүү судлаад үзэхэд, нийт орон сууцны 49 хувийг стандартын, 36-г нь стандарт сайтай, 15-ыг нь тансаг зэрэглэлийнх бүрдүүлсэн байна.

Зураг