Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

Европын холбоо Исламистуудын ГОЛ БАЙ болсон ТАВАН ШАЛТГААНЫГ "Time" нэрлэжээ

Б.Ууган, iKon.mn
2016 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Европын холбоо исламын алан хядах ажиллагааны гол бай болсон гэдгийг Брюсселийн дэлбэрэлт баталсны дээр, үүнд хэд хэдэн шалтгаан байгаа гэж Тайм сэтгүүлд бичжээ.


Юуны түрүүнд, халдлага болох хөрсийг нь хэдийнээ бэлдчихсэн байсан. Еврейн музейд Исламын улс бүлэглэлтэй холбоотой Францын иргэн гал нээсэн 2014 оны хавраас бүх зүйл эхэлсэн. Үүний дараа Францын Шарли Эбдо сэтгүүлийн редакц руу халдсан бол намар нь Парист цуврал халдлага болсныг уншигчид сайн санаж байгаа байх

Энэ халдлагын улмаас 185 хүн амиа алдсан. Ирак, Сирийг оролцуулахгүйгээр 20 оронд 75 алан хядах ажиллагааг Исламын улс бүлэглэл үйлджээ. Исламын улсыг Ойрх Дорнодоос шахах тусам энэ бүлэглэлийн зүгээс дэлхий дахинд үзүүлэх заналхийлэл нь улам ихэссээр байх болно.

Хоёрдугаарт, Европ бол Исламын улс бүлэглэлд хүн элсүүлэх нэг төрлийн бааз болсон гэхэд болно. Алан хядагчид халдлага үйлдэх хотуудаа зүгээр ч нэг сонгочихдоггүй.

2012-2015 онд Исламын улс бүлэглэлд нэгдэхээр Бельгиэс 400 гаруй хүн Сири, Иракийг зорьжээ. Харин мөн хугацаанд Францаас 1,200 хүн алан хядагчидтай нэгдсэн байх юм. Ингээд л Парис болон Брюссель нь Ойрх Дорнод руу гадаадын дайчид маш ихээр нийлүүлдэг Европын нийслэлүүд болчих нь тэр.

Гуравдугаар шалтгаан бол Исламын улс бүлэглэл хүмүүсийг элсүүлэх арга болгон ашиглаж байгаа үл тасалдах дүрвэгсдийн урсгал. 2015 онд Европд хагас сая гаруй дүрвэгч орж ирсэн бол энэ оны эхнээс хойш 135 мянган дүрвэгч Европыг зорьжээ. Дүрвэгсдийн хямрал бол хэт даврагсдын хувьд Ойрх Дорнод болон Барууны хооронд хагарал үүсгэх “гайхалтай боломж”-ийг олгож байгаа юм. Европын олон лидерүүд зөвхөн загалмайтны шашинтай дүрвэгчдийг хүлээж авна гэж мэдэгдэж байгаагаараа энэ хагарлыг улам нэмэгдүүлж байна.

Дөрөвдүгээрт, Исламын улс бүлэглэл Европын холбоонд улам хүчтэй нэмэгдэж байгаа хагарлыг чадварлаг ашиглаж байна. Европын холбооны гол лидер болох Германы канцлер Ангела Меркель Туркэд визгүй зорчих горим амлан байж, асар их хичээн зүтгэл гарган Турктэй дүрвэгчдийн асуудлаар хэлэлцээр хийсэн.

Гэвч Брюссельд болсон халдлагуудын дараагаас Европчууд Туркүүдыг Европ даяар чөлөөтэй зорчино гэдэгт улам дургүйцэх болсон юм. Хэд хэдэн орны тэргүүд Европын холбоон доторх хилийг дахин ажиллуулах талаар ярьж эхэллээ. Гэхдээ ингэснээр Шенгений бүс “зүйл дуусах” бөгөөд үүнтэй хамт Европын холбоо ч бүхэлдээ ганхана гэж шинжээчид үзэж байна.

Тавдугаарт, Британид болохоор төлөвлөгдөж байгаа бүх нийтийн санал асуулга Европыг улам сулруулж байна. Европын холбооны хувьд тун чухал энэ улс орон холбооны бүрэлдэхүүнээс гарвал Европын холбоо оршин тогтнох эсэх нь эргэлзээтэй болох юм.

Түүнчлэн Францчуудын 53%, Германууд, Испаничууд болон Шведүүдийн 45 гаруй хувь нь дотооддоо олон нийтийн санал асуулга явуулахыг хүсч байгаа. Британид олон нийтийн санал асуулга болохын өмнө халдлага гарвал юу болохыг төсөөлөхөд ч бэрх. Исламын улсын лидерүүдэд Европын холбоог тогтворгүйжүүлэх боломж үй түмээрээ байна гэдгийг Тайм онцолсон байна.

 

Эх сурвалж: ria.ru