Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Бельгийн колоничлолын түүх

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Бельгичүүд хангалттай ажил хийгээгүй нутгийн иргэдийн гарыг тасддаг байжээ

Бельги бол баруун хойд Европт оршдог бяцхан улс. Тэд 19 дүгээр зууны сүүлчээс буюу бусдаасаа нэлээд хожуу Европын гүрнүүдийн колонийн төлөө тэмцэлд нэгдсэн юм.

Европын олон орон дэлхийн алс бөглүү хязгаар нутгуудыг колоничолсноор байгалийн баялгийг нь олборлох, хүн ардыг нь “соёлжуулах” тухай бодож байв. Бельги улс өөрөө 1830 онд Нидерландаас тусгаарлаж бие даасан улс болжээ.

Түүний дараа Леопольд II 1865 онд хаан ширээнд сууснаар Бельги орныг зөвхөн колоничлол баяжуулж, нэр хүндтэй гүрэн болгоно гэж итгэх болсон байна. Леопольдын харгис хэрцгий, сувьдаг шунахай үйлдэл өнөөгийн Конгын Ардчилсан Бүгд Найрамдах Улс, Руанда, Бурунди улсуудын нийгэм эдийн засагт одоо болтол муугаар нөлөөлсөөр байгаа юм.

 

Конго голын сав газрыг нээж эзэмшсэн нь

Халуун чийглэг цаг уур, өвчин тахал, нутгийн иргэдийн эсэргүүцлээс болоод Европчууд Конго голын сав газрыг эзэмшиж чадахгүй байв. 1870 оны үед Леопольд II Африкийн Олон улсын Ассоциаци хэмээх байгууллагыг байгуулжээ. Христийн шашинд оруулснаар Африкийн уугуул иргэдийн амьдралыг сайжруулж, боолын худалдааг зогсоон, Европын эрүүл мэнд, боловсролын системийг нэвтрүүлнэ гэсэн сүрхий энэрэнгүй зорилгоор энэ байгууллага өөрийгөө халхавчилж байв.

Ингээд энэ байгууллагын нэрэн дор Леопольд хаан аялагч Хенри Мортон Стэнлиг тус бүс нутагт илгээжээ.

Стэнли үүргээ маш сайн гүйцэтгэж нутгийн овог аймгуудтай гэрээ байгуулан, харуулын постууд байгуулж, Муслим боолын наймаачдыг хөөн гаргасан байна. Ингээд тэр Африк тивийн төвд сая сая хавтгай дөрвөлжин километр газрыг Бельгид авч өгчээ. Гэвч Бельгийн ихэнх улс төрчид, иргэд алслагдсан бүс нутгийг төвхнүүлэхэд зориулж их мөнгө гаргахыг дэмжихгүй байлаа. 1884-1885 онд болсон Берлиний Чуулга уулзалтаар бусад Европын орнууд ч Конго голын сав газрыг сонирхохгүй байгаагаа илэрхийлжээ. Харин Леопольд II л тэнд чөлөөт худалдааны бүс байгуулна хэмээн зүтгэсээр Бельгиэс найм дахин том газар нутгийг өөрийн хувийн эзэмшил болгож хяналтаа тогтоосон юм.

Тэр энэ газраа “Конгын Чөлөөт Улс” гэж нэрлэсэн байна.

 

Конгын Чөлөөт Улс, 1885-1908

Бельгийн хаан Леопольд II

Леопольд хаан Африкчуудын амьдралыг өөд нь татахын тулд хувийн хөрөнгөөрөө бүтээн байгуулалт хийж хөгжүүлнэ гэж амласан юм. Гэвч тэр Берлиний Чуулганаас өгсөн чиглэлийг тэр дороо орхигдуулан Конгын газар шороо, хүн амыг эдийн засгийн зорилгоор ашиглаж эхлэв. Аж үйлдвэрлэл хөгжсөнөөр Европт резинэн дугуй маш их эрэлттэй байлаа. Тиймээс Африкийн уугуул иргэдийг зааны яс болон резиний түүхий эд олборлох ажилд хүчээр дайчилжээ. Леопольдын армийн цэргүүд Африкчуудыг хангалттай түүхий эд олборлож өгөөгүйн төлөө алж зэрэмдэглэж эхлэв.

Гараа тайруулсан Конго хүүхдүүд

Тэд Африкийн тосгод, тариалан, ой шугуйг шатаан эмэгтэйчүүдийг барьцаалж хүссэн хэмжээний түүхий эд олборлож өгөхөөс нааш сулладаггүй байлаа. Харгислал, Европчуудын тээж ирсэн өвчнөөс болж нутгийн уугуул иргэд арав орчим саяар хорогджээ. Харин Леопольд II хаан хэмжээлшгүй ихээр баяжиж, Бельгид тансаг орд харш бариулсан байна.

 

Бельгийн Конго, 1908-1960

Леопольд II өөрийн хийсэн харгис үйлдлүүдээ олон улсын анхаарлаас нуух гэж багагүй хүч гаргаж байлаа. Гэвч 20 дугаар зууны эхээр олон хүмүүс, улс орнууд түүний үйлдсэн харгислалын тухай мэдэж чадсан юм. Жозеф Конрад Конгын чөлөөт улсад тохиолдсон Европчуудын гэмт үйлдлийн тухай “Харанхуйн зүрх” нэртэй алдарт романаа бичиж байлаа. 1908 онд Бельгийн засгийн газар Леопольд II-ыг хувийн газраа улсын мэдэлд өгөхийг шаарджээ. Ингээд Бельгичүүд тус бүс нутгийг Бельгийн Конго гэж нэрлэх болсон байна.

Бельгийн засгийн газар, Католик сүм хийдүүд нутгийн иргэдийн амьдралыг сайжруулан, эрүүл мэнд, боловсролд анхаарал тавьж, дэд бүтэц хөгжүүлэхээр хичээж байсан ч зэрэгцээд тус нутгийн алт, зэс, алмаз эрдэнийг цөлмөсөөр л байлаа.

 

Конгын Ардчилсан Бүгд Найрамдах Улсын тусгаар тогтнол

1950-аад оноос Африкийн олон улс орнууд колончлолыг эсэргүүцэн, тэгш эрх, үндэсний үзлийг уриалж эхлэв. Тухайн үед өмчтэй байх, сонгуульд оролцох гээд тодорхой хэмжээний эрх эдэлж байсан Конгочууд тусгаар тогтнолыг хүслээ.

Бельгичүүд тэдний тусгаар тогтнолыг 30 жилийн хугацаанд алгуур олгохыг хүсэж байсан ч НҮБ-ын шахалтаар, мөн удаан хугацаанд үргэлжилж болзошгүй дайн зөрчлөөс зайлсхийх шалтгаанаар 1960 оны зургаадугаар сарын 30-нд Конгын Ардчилсан Бүгд Найрамдах улсыг хүлээн зөвшөөрсөн юм.

Тэр цагаас хойш Конгын АБНУ авлига, инфляц, хэд хэдэн дэглэмийн нүүрийг үзжээ. Байгалийн нөөцөөр баян Катанга муж нь 1960-1963 онд Конгоос өөрсдийн хүслээр салж байв. 1971-1997 онд Конгын нэрийг Зайр гэсэн нэрээр сольж байжээ. Хоёр удаагийн иргэний дайн нь Конгын АБНУ-ыг дэлхийн II дайнаас хойшх дэлхийн хамгийн их цуст мөргөлдөөнд хутгав. Олон сая хүн дайн, өвчин, өлсгөлөнгөөс болж амиа алджээ.

Мөн олон сая хүн эх нутгаасаа дүрвэсэн юм. Өнөөдрийн Конгын Ардчилсан Бүгд Найрамдах Улс нь газар нутгийн хэмжээгээр Африк тивд гуравдугаарт ордог, 70 сая хүн амтай. Нийслэл нь Киншаса хот, хуучин Леопольдвилл гэгддэг байжээ.

 

Руанда-Урунди

Одоогийн Руанда болон Бурунди улсуудыг нэг үе Германчууд колоничилж байсан бөгөөд тэд Руанда-Урунди гэж нэрлэдэг байжээ. Герман Дэлхийн нэгдүгээр дайнд ялагдсаны дараа уг газар шороо Бельгийн мэдэлд шилжсэн юм. Конготой баруун талаараа хил залгадаг Руанда-Урундиг Бельгичүүд мөн л хоосолж эхлэв. Нутгийн иргэд кофений тариаланд ажиллаж, их хэмжээний татвар төлнө. Тэдэнд маш бага боловсрол гэгээрэл олгосон юм. Гэвч 1960-аад онд Руанда-Урунди бас тусгаар тогтнол шаардаж 1962 онд Бельгичүүд тэндээс явсан байна.

 

Руанда-Урундид үлдээсэн колонийн уршиг

Руанда-Урундид үлдээсэн колонийн үеийн хамгийн том уршиг бол үндэс угсаагаар ялгаварлах үзэл байлаа. Бельгичүүд Түци угсаатныг илүү “Европ” шинж төрхтэй гэж үзэн Хуту угсаатнуудаас дээгүүр тавьдаг байсан нь хожим том гамшиг авчирсан юм. Ийм ялгарал нь олон жил хадгалагдсаны эцэст 1994 онд тэсэрч Руандагийн геноцид хэмээх аймшигт аллага үйлдэгдэн 850,000 хүн амиа алдсан түүхтэй.

 

Бельгийн колоничлолын өнгөрсөн ба ирээдүй

Леопольд II хааны амбиц шуналаас болоод Конгын АБНУ, Руанда, Бурунди гурван улсын эдийн засаг, улс төрийн систем, нийгмийн амьдрал нь одоо болтол хөлөө олохгүй явна. Эдгээр улсууд хоосрол гуйланчлал, хүчирхийлэл, мөлжлөг зэрэг бүхий л гамшгийг туулж байгаа ч хэзээ нэгэн өдөр байгалийн асар их баялаг нь Африкийн хөгжлийн манлайд хүргэнэ гэж итгэн хүлээхээс өөр замгүй болжээ.

 

Эх сурвалж: geography.about.com