Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

Парисын халдлагын гол сэжигтнийг Брюссельд баривчиллаа

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 3 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Европ даяар эрэн сурвалжлагдаж байсан Парисын халдлагын гол сэжигтэн Салах Абдесламыг Брюссельд болсон цагдаагийн ажиллагааны үеэр шархдуулж баривчилсныг зарлалаа.

Цагдаагийн ажиллагаа хэдхэн цагийн өмнө буюу орон нутгийн цагаар Баасан гарагийн 21:00 цагт дууссан байна.

Абдеслам нь 26 настай, Бельгид төрсөн Францын иргэн бөгөөд Брюсселийн Моленбик дүүрэгт орогнож байгаад баривчилгааны үеэр зэвсэгтэй зугтах гэж оролдсоны дараа хөлдөө шархдан эмнэлэгт хүргэгджээ. /Зураг дээр Салех Абдесламын зураг, хэзээ авхуулсан нь тодорхойгүй/

 

Парисын халдлагаас дөрвөн сар гаруйн дараа ийнхүү гол сэжигтнийг баривчилж байна. Түүнийг бүлэг террористуудыг суулгасан автомашиныг жолоодон халдлага болсон газруудаар тойрон явж террор ажиллагааг зохион байгуулсан гэж үзэж байгаа юм.

Баривчилгааны дараа Бельгийн ерөнхий сайд Шарль Мишель, Францын ерөнхийлөгч Франсуа Олланд нар хамтарсан мэдэгдэл хийх үеэр Абдесламтай хамт өөр хоёр этгээд баривчлагдсаныг дуулгажээ.

Хоёр удирдагч ажиллагааг амжилттай болсныг зарлаад “энэ нь терроризмтэй хийх тэмцлийн төгсгөл биш” гэж мэдэгдсэн байна. Мөн Францын ерөнхийлөгч Олланд баривчлагдсан Абдесламыг Бельгиэс Францын талд түргэн шилжүүлж өгнө гэдгийг мэдэгджээ.

Брюссельд болсон баривчлах ажиллагааны дараа АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама шуурхай мэдэгдэл хийн Мишель, Олланд нартай утсаар холбогдсон гэнэ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 13-нд Парист хэд хэдэн цуврал халдлага гарч нийтдээ 130 хүн амиа алдсан юм. Халдлагын гол зохион байгуулагч гэх Абдесламыг тэр өдрөөс хойш эрэн сурвалжилж байлаа.

Түүнийг Парисаас Брюссельд буцсан гэж үзэж байсан бөгөөд Бельгийн цагдаа 100 гаруй ажиллагаа зохион байгуулсны эцэст ийнхүү баривчилжээ.

Ажиллагааны үеэр 35 настай Алжирын иргэн, Исламын улс бүлэглэлийн гишүүн алагдсан бол цагдаа нараас дөрвөн хүн шархдсан байна.

Баривчлах ажиллагааны үеийн видео бичлэг:

 

Эх сурвалж: Business Insider, New York Times