Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ухаан санааг саруул байлгах ТАРХИНЫ ДАСГАЛУУД

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Бие махбодтой адил тархийг байнга дасгалжуулж байх нь ухаан санааг эрүүл саруул байлгаж хөгшрөлтөөс сэргийлдэг.

Дараах сонирхолтой тархины дасгалуудаас өдөр бүр хийж байхыг бодоорой.

 

Солгой гараар шүдээ угаах

Заримдаа солгой гараараа (солгой хүн бол нөгөө гараараа) крантаа нээх, оогоо шахах, шүдээ сойздох үйлдлүүдийг хийж байх хэрэгтэй. Ингэвэл таны тархины ашиглагдахгүй байгаа хэсэг ажилд орж сайн дасгал болно.

 

Шүршүүрт орохдоо нүдээ аних

Хүрэх мэдрэмжээ сэргээхийн тулд шүршүүрт орохдоо нүдээ аниж бүгдийг хийж үз. Ингэхдээ усаа нээх, халууныг тохируулах, угаах үйлдлүүдийг нүдээ аниастай байдлаар хийж үзэх хэрэгтэй.

 

Өглөө бүр хийдэг үйлдлүүдийн дарааллыг солих

Өглөө бүр хийгээд дадчихсан үйлдлүүдийн дарааллыг сольж үзэх нь тархины ажиллагаанд сайнаар нөлөөлнө. Тухайлбал өглөөний цайгаа уусны дараа хувцасаа өмсөх, ажилдаа явдаг замаа солих, үздэг телевизийн сувгаа солих гэх мэт.

 

Танил зүйлсээ уруу нь харуулж харах

Байнга харж хэвшсэн зүйлсээ эсрэгээр нь харж таних нь тархинд тустай. Тухайлбал гэр бүлийн зургаа уруу нь харуулаад хэн нь хэн бэ гэдгийг ялгаж харахыг оролд. Эсвэл ширээний болон ханын цагаа уруу нь харуулж байрлуулаад хэд болж байгааг нь мэдэхийг хичээж болно.

 

Байнга суудаг суудлаа солих

Гэр бүлүүд ихэнхдээ хоолны ширээний ард суух тогтсон байрлалтай байдаг. Тэгвэл энэ байрлалаа сольж сууснаар бүхнийг харах мэдрэх өнцөг өөрчлөгдөж тархины ажиллагаанд сайн сэргээш болно.

 

Машины цонхоо нээж яв

Машины цонхыг нээж явахад хүнд олон янзын дуу чимээ, үнэр мэдрэгдэнэ. Тэр бүрийг машин жолоодож явахдаа ялгаж танихыг оролдох нь тархины сайн дасгал болно.

 

Зоосоор дасгал хий

Бидний тархи ихэнхдээ харах мэдрэмжинд тулгуурлаж ажилладаг. Тиймээс бусад мэдрэмжээ дээшлүүлэхийн тулд тохирсон дасгал хийж байх хэрэгтэй. Тухайлбал машины аяганы тавиуртаа хэд хэдэн зоос хийчихээд уулзвар дээр зогсож байх хоорондоо харалгүйгээр зоосноос авч хэдийн тоотой зоос сонгосноо таах гэж оролд. Мөн халаасандаа хадгалаад ийм дасгал байнга хийж байх боломжтой.

 

10 зүйл бодож олох

Тархиа өөр зүйл сэтгэхэд байнга дасгалжуулж байж болно. Тухайлбал ямар нэг барьсан зүйлээ үндсэн зориулалтаас нь өөр ямар 10 зориулалтаар ашиглаж болохыг бодох хэрэгтэй. Жишээ нь ялааны алуур барьвал түүгээр теннисний цохиур, гольфын цохиур, дэвүүр, микрофон болгож болох гэх мэтээр 10 хүртэл хэрэглээг дүрслэн бодож болно.

 

Дэлгүүрт хийх дасгал

Бидний тархи үргэлж л хэрэгтэй юмаа хайж олоход анхаарлаа хандуулдаг. Тиймээс үүнийг эсрэгээр нь хийж үзэх хэрэгтэй. Жишээ нь дэлгүүрийн тавиур дээрх бараануудыг гүйлгэж хараад огт мэдэхгүй шинэ барааг сонгож бариад дээрх мэдээллийг нь уншиж танилцах.

 

Хүнтэй харилцах

Хүмүүсээс тусгаарлагдах нь тархинд муугаар нөлөөлдөг. Тиймээс аль болох амьд харилцааг эрэлхийл. Автомат машинаас юм авахын оронд худалдагчаас авах гэх мэт.

 

Өөрөөр унших

Бид өөрөө ном унших болон бусдын уншиж байгааг сонсоход тархи эрс өөр өөр замаар ажилдаг. Тиймээс хүнтэй хамт суугаад эхлээд өөрөө чангаар уншиж нөгөө хүндээ сонсгох, дараа нь нөгөө хүнээрээ уншуулж өөрөө сонсох хэрэгтэй. Ингэвэл тархинд маш сайн дасгал болно.

 

Шинэ амт мэдрэх

Амтлах, үнэрлэх мэдрэмж маань өөрийн хамгийн дуртай, танил зүйлд ихэнхдээ зориулагддаг. Тиймээс өөр үнэр, амтыг мэдрэх нь тархинд сайн нөлөөтэй. Огт идэж үзээгүй зүйлсийг амталж мэдрэхийг хичээж байвал сайн.

 

Эх сурвалж: Reader’s Digest