Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

УТААНЫ ХӨНГӨЛӨЛТ 3%

С.Уянга, Зууны мэдээ
2016 оны 3 сарын 15
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Орон сууцны ипотекийн зээл иргэдэд тун ээлтэй, цаг үедээ ч зохицож үйлчилж буй бололтой.

Оны өмнөхөн Үндсэн хуулийн цэц, арилжааны банкуудын хоорондох маргааны золиос нь иргэд болж, шинэ байранд орох гэсэн хүмүүсийн бухимдлыг дээд цэгт нь тултал дэвэргэж байсан удаатай.

Тэгвэл ипотекийн зээл хэвийн үргэлжлээд зогсохгүй орон сууцны зээлийн найман хувийн хүү таван хувь бол шалдаа бууж байна. Иргэд “Энэ сайхан цаг үеийг үздэг юм байна шүү” хэмээн талархаж суугаа.

Улаанбаатарт 148 мянга гаруй айл өрх орон сууцанд амьдарч байгаа гэх судалгаа бий.

Харин ээл, өгөөжөө өгөөд буй ипотекийн зээлийн хүү буурсан явдлыг орон сууцны зээлтэй бүх иргэд горьдож суугаа нь дамжиггүй. Хэн ч гэсэн зээлийн хүү буурснаар төлдөг мөнгөнөөсөө хэдэн төгрөг хэмнэхийг хүсч суугаа нь тодорхой. Улаанбаатарт 148 мянга гаруй айл өрх орон сууцанд амьдарч байгаа гэх судалгаа бий.

Тэгвэл Засгийн газраас орон сууцны ипотекийн зээлийн хүүг бууруулж таван хувь болгохдоо тодорхой журам баталсан. Журамд Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн болон шинэ суурьшлын бүс, нийслэлийн алслагдсан гурван дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авах иргэд болон тус бүс нутагт найман хувийн зээлтэй иргэдийн зээлийн гэрээг таван хувьд шилжүүлэхээр тусгасан.

Эдгээр бүсүүдэд байр худалдан авсан болон найман хувийн зээлд хамрагдсан иргэд өмнөх зээлийнхээ гэрээг өөрчилснөөр зээлийн хүү буурах юм.

Өөрөөр хэлбэл, гэр хороолол, захын дүүрэг зэрэг утаатай газар байр авсан бол таван хувийн зээлд хамрагдаж, зээлээ шилжүүлж болно. Харин хотын төв зэрэг байшин барилга олонтой газар шинээр орон сууц авах, өмнө нь авсан иргэд урьдын адил найман хувийн хүүтэй ззэлээ төлнө гэсэн үг аж.

Эндээс нэг зүйлийг маш тодорхой харж болохоор. Учир нь төр засаг гэр хороолол буюу утаатай газрын иргэдийн утааны төлбөрийн хөнгөлөлт болгож зээлийн зөрүүг гурван хувиар тооцон бууруулж төлбөрийг нь өгч байгаа бололтой.

Үгүй гэх юм бол шинэ газар, шинээр баригдаж байгаа Буянт-Ухаа-2 хороолол яагаад шинэ суурьшлын бүсэд хамаарч зээлийн хүү буурдаггүй юм бол. Амласан ёсоор бол өнөөдрөөс эхлэн ипотекийн зээлийн хүү таван хувьд шилжих учиртай.

Монголбанк энэ талаар “Журмын дагуу таван хувийн хүүтэй ипотекийн зээлийг өнөөдрөөс олгож эхэлнэ. Урьдчилсан тооцооллоор 18 мянга гаруй өрхийн зээлийн хүү буурна. Иргэд цаг заваа зохицуулан харилцагч банкан дээр очиж гэрээгээ өөрчилсөн өдрөөс зээлийн хүү таван хувьд шилжинэ” гэж мэдэгджээ.

Уг нь Улаанбаатарын утаа гэр байшинд амьдардгаар нь ялгахгүй адилхан л уушгийг хордуулж баймаар.

Зураг