Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хуурамч гүнжүүдийн ТҮҮХЭН БАРИМТ

Б.Ууган, iKon.mn
2016 оны 3 сарын 12
iKon.MN

Бяцхан охин бүр л гүнж болохыг мөрөөддөг. Зарим нь ханхүүтэй гэрлэн мөрөөдлөө биелүүлэхийг оролдох бол зарим нь өөрсдийгөө хааны удамтай гэж нэрлэн “гүнж” болон жүжиглэнэ. Ийм тохиолдол түүхэнд мундахгүй. Харин тэдгээрээс хамгийн их шуугиан тарьж байсан тохиолдлуудыг http://www.moya-planeta.ru цахим хуудсын эмхэтгэснээр хүргэе.

Буурал үст охин

 

Хуурамч гүнж болон жүжиглэсэн анхны, албан ёсоор тэмдэглэгдсэн тохиолдол XIII-XIV зууны босгон дээр гарчээ. Түүхийг сийрүүлье. Маргарит гэх нэгэн охин амьдардаг байжээ. Аав нь Норвегийн хаан Эйрик, өвөө нь Шотландын хаан Александр, харин ээж нь өөд болсон. Өвөө нь мориноос унаж нас нөгчив, ингээд Шотландад ч төрийн эрх мэдлийн  төлөөх тэмцэл эхэллээ.  Маргаритыг төрийг жолоодно гэж шийдсэн ч тэрбээр балчир байсан тул зөвлөл туслахаар болжээ. Түүний ирээдүйг ч олон жилээр төлөвлөсөн байж, Марго охин өсч том болоод Английн ирээдүйн хаан болох ханхүү Эдуардтай гэрлэж, ингэснээр Англи, Шотланд улс нэгдэнэ. Гэвч хүсэхэд хясна гээч болсон гэдэг. Зургаан настай гүнж бараа бологсдын хамтаар эцгийн гэрээс гарч, вант улс руугаа явахаар Оркнейн арлуудын ойролцоо завь нь явж байх үед охин өвдөж, өвчнөө даалгүй нас баржээ.Түүний цогцосыг эх орон Норвеги рүү буцааж, эцэг нь түүнийг оршуулжээ.  Гэтэл ийн оршуулсан охин хэдэн жилийн дараа “амилах” нь тэр.

1300 онд Бергенд нэгэн эмэгтэй өөрийгөө Маргарит, хууль ёсны хаан ширээ залгамжлагч гээд, өөрийгөө үхээгүй харин хаан ширээг эзлэх гэсэн хүмүүсийн гар хөл бологсод түүнийг Герман руу аваачсан гэж мэдэгджээ.

 

Түүнийг харахад 40 орчим насны, мөн үсэнд нь буурал суусан байсан гэдэг. Харин жинхэнэ Маргарит амьд байсан бол 17 настай охин байх байжээ. Худалч бүсгүйг нөхрийнх нь хамт шоронд хорьж, харин 1301 онд өөрийгөө хааны охин гэж нэрлэсэн эмэгтэйг олны нүдэн дээр шатаан, нөхрийг нь цаазалжээ.

Гэвч худалчийг ийнхүү шийтгэснийг ард түмний дунд төрийн эргэлт хийх гэсэн оролдлого гэж сэм ярилцсаар байв. Хэдийгээр луйварчин эмэгтэйн “тавьсан жүжиг” дэндүү гэнэн байсан ч түүнд итгэгсэд цаазлагдсан газар нь байнга очиж залбирал үйлдэхийн дээр 60 жилийн дараа тэр газар нь Гэгээн Маргаритагийн сүм байгуулжээ. Мөн энэ үеэрээ Аудфинн хамбыг дуудсан байдаг. Гэвч энэ хамба жинхэнэ Маргаритийг мэддэг байсан бөгөөд “Энэ эмэгтэй Эйрик хааны охин биш, Эйрик хааныг хуримаа хийхээс хорин жилийн өмнө төрсөн хүн” гэж өгүүлж байжээ. Гэсэн ч Гэгээн Маргаритагийн сүм үйл ажиллагаагаа зуун дамжин явуулсаар шинэчлэлийн үед бусад сүмүүдийн хамт нураагдсан гэдэг. 

Хааны удмын тахир хуруу 

 

Оросын II  Николай хааны гэр бүлийг буудан хөнөөсний дараа өөрийгөө гүнж гэж нэрлэх бүсгүйчүүд үе үе гарсаар байсан. Тэдний нэг нь өөрийгөө Анастасия гүнж гэж нэрлэсэн Анна Андерсон гэгч байв. Тэрбээр корсетон доторх үнэт эдлэл сумнаас өөрийг нь хамгаалсан гээд гэрийн хонгилоос гарахад нь Чайковский гэх цэрэг тусласан гэж батладаг байжээ. Түүний биен дээр галт зэвсгийн шарх сорви илэрсний дээр гүнжийн адилаар хөлийн хуруу нь тахир байжээ.

 1920 онд Берлиний цагдаа гүүрнээс үсрэхийг завдсан нэгэн эмэгтэйг аварснаар бүх зүйл эхлэсэн гэдэг. Мөнгө, бичиг баримтгүй бүсгүйг ядуусын сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлэв. Энд жил гаруй хугацааг өнгөрүүлсэн бүсгүй өрөөнийхөө Мария Пойтертын ачаар энэ түүхийг зохиосон гэдэг.  Гэхдээ энэ түүх зохиогдоход юу нөлөөлөв өө? Орост өнгөрүүлсэн амьдралын тухай яриа юу? Эсвэл Екатеринбургийн буудалцааны үеэр үйлчлэгч эмэгтэй дэр бариад гүйж хашгирч явсан тухай яриа юу?  Ямартай ч амиа хорлохыг завдсан бүсгүйтэй хамт хэвтэж байсан  Мария хамт хэвтэж байсан тэр бүсгүй нь хааны охидын нэг гэдэгт бат итгэсэн байжээ. Цаашлаад бүх зүйл дэс дараалалтай өрнөв.

 

Хааны гүнжийг “таних”-аар ирсэн анхны хүн нь хааны хорооны ахмад асан, Мария Пойтертын танил эр байв, дараа нь Анастасияг мэддэг байсан бусад хүмүүс ч ирж харжээ. Тэдний санаа зөрөлдсөн ч цуу яриа хэдийнэ дэгджээ. “Тэр үнэхээр манай бяцхан охин мөн бол яах вэ. Зөвхөн бурхан л үүнийг мэднэ. Төсөөлөөд үз дээ, тэр үнэхээр мөн бол орь ганцаар, ядуу зүдүү амьдарч байна гэдэг үнэхээр золгүй” гэж сэтгэл нь түгшсэн агуу гүнгийн ахайтан Ольга Александровна хааны хүүхдүүдийг хүмүүжүүлдэг байсан Пьер Жильярт бичиж байж. Ингээд л хүмүүжүүлэгч “гүнж”-тэй уулзахаар, тухайн үед хуурамч гүнжийн суурьшаад байсан Мария фон Кляйстийн гэрийг зорьжээ. “Миний санаж байгаагаар Агуу гүнгийн ахайтан Анастасиятай төстэй багахан ч зүйл түүнд алга” гэж хүмүүжүүлэгч өгүүлсэн гэдэг. Гэвч эмэгтэй гэнэт л гэрт нь дууддаг байсан хоч, алгандаа үнэртэн түрхдэг байсан, шүүгээн дээр шаазан нохой байдаг байсан талаар хальт хальтхан дурсамж өгүүлэхэд хүмүүс дахиад л эргэлзэж эхлэжээ.  Сэтгэцийн өвчтэй бүсгүйг гүнж гэж олон хүн итгэв. Түүнийг олон жил дэмжиж байсан хүн нь зохиолч, уран барималч эмэгтэй Гарриет фон Ратлеф байлаа.

Мөн гүнгийн ахайтан Ксения Георгиевнагийн урилгаар хуурамч гүнж АНУ-ыг зорьж, бүх зардлыг нь хөгжмийн зохиолч Сергей Рахманинов төлж байсан бол Анни Женнингс гэх баян, ганц бие хатагтай түүнд байр сууц өгч, Берлин явах зардлыг нь төлжээ.

 

Берлинд хуурамч гүнж Андерсон өөрийг нь агуу гүнгийн хатагтай , мөн хаан ширээ өвлөх эрхийг нь хүлээн зөвшөөрөх анхны шүүх хуралд орсон байна. Шүүх хуралдаан ар араасаа үргэлжилж, 50 жилийн нүүрийг үзэв. Гэвч аль ч тал юу ч баталж чадсангүй. 1968 онд хэдийнэ 70 нас хүрсэн Аннатай түүний олон жилийн шүтэн бишрэгч профессор Жон Манахан гэрлэжээ.

Хуурамч гүнжийн жинхэнэ нэр одоо хүртэл маргаан дагуулдаг. 1991 онд задлан шинжилгээнд оруулсан хааны гэр бүлийн цогцосны ДНК шинжилгээ ч эргэлзээ төрүүлдэг. Түүнийг Польш эмэгтэй, үйлдвэрийн ажилтан байсан бөгөөд Франциска Шанцковска нэртэй байсан гэж зарим нь батладаг бол нөгөө хэсэг нь түүнийг жинхэнээсээ агуу гүнгийн ахайтан Анастасия байсан гэж үздэг. Гэхдээ л тэрбээр Анна Андерсон нэрээрээ алдартай. Нэрийг нь 1920 онд буюу гүүрнээс үсрэхээр завдан эмнэлэгт хүргэгдсэн үед сэтгэцийн эмнэлгийнхэн өгсөн бол харин овгийг тэрбээр эмнэлгийн өвчтнүүдийн нэрсийн жагсаалтыг харж байгаад өөрөө бодож олсон гэдэг. 

"Эрхэм дээдэс" хануур хорхой  нийлүүлэгч 

 

Карабу гүнж бол өөрсдийгөө тунхагласан хуурамч гүнжүүдийн дундаас хамгийн их шуугиан тарьсан эмэгтэйчүүдийн нэг. Ердөө гуравхан сар үргэлжилсэн гүнжийн түүх их л эрчтэй, сонирхолтой өрнөсөн гэдэг. Нэгэнтээ Английн Бристолоос холгүйхэн Алмонсберид үл ойлгогдох хэлээр ярьдаг хар хувцастай бүсгүй гэнэт л гарч иржээ. Дайны дараах Наполеоны цаг үед тэндэхийн хүмүүс гадныханд их л болгоомжтой ханддаг байж. Хачирхалтай бүсгүйг ядуусын асрамжийн газарт аваачив, гэвч түүнтэй хэн ч ойлголцож чадсангүй. Харь бүсгүйтэй холбоо тогтоох ажилд грек зарцтай шүүгч Сэмюэл Уоралл оролцлоо. Гэвч өнөөх бүсгүй грек хүн биш байв. Харин шүүгчийн эхнэр харийн зочныг ихэд сонирхжээ. Тэр үнэндээ хэн юм бэ? Зөвхөн ус л ууж, бусад төрлийн ундааг үл таашаана, будаа идэж, хоол идэхийн өмнө үл ойлгогдох хэлээр мөргөл үйлдэн, англиар ярихад юу ч ойлгохгүй.

Гэвч хан боргоцойн зураг хараад хэдэнтээ “анана” гэх бөгөөд хятад хөшөөг хараад ихэд цочно. Түүнийг хэн болохыг мэдэх гэсэн оролдлого бүр бүтэлгүйтэв. Харин нэгэнтээ тэрбээр өөрийгөө зааж “Карабу” гэснээр түүнийг ийн нэрлэх болжээ. Хэрэгт дуртай хүмүүс, гадаадынхан, аялагчид гээд түүнийг хэн болох, ямар хэлээр яриад байгааг мэдэх гэж тасралтгүй цувж эхлэв.

 

Каспийн тэнгисийн эрэг дэх карабу тосгоных гэсэн хувилбар гарч ирлээ. Ийнхүү олон янзаар таамаглаж байх үед Португалийн далайчин гарч ирж, түүний ярьж байгаа хэл нь Суматра арлын аялгын холимог гэж мэдэгджээ. Ингээд далайчин харийн бүсгүйн хэлмэрч болохыг зөвшөөрсөн гэдэг. Зураг, дохио зангаа хольж ярилцсны эцэст ийм нэгэн түүх ил болжээ. Карабу Энэтхэгийн далайн Явасу арал дээр хааны удмын гэр бүлд төрсөн гэнэ.

Түүнийг дээрэмчид хулгайлан, боолоор зарсан бөгөөд бүсгүй хөлөг онгоцноос зугтаан, хувцасныхаа алтан чимэглэлийг хоол хүнсээр сольж, зургаан долоо хоног бэдэрсний эцэст Алмонсберид ирсэн аж. Ийм түүх өгүүлсний дараа гүнж Уораллын эдлэнд нэг мөр суурьшжээ. Түүнд өөрийнх нь хүссэн хувцсыг оёж өгөн, долоо хоногт нэг удаа Лондон руу аваачиж, зураач түүний хөргийг зурдаг байв. Эрхэм дээдэс улам л өнгө орж, “хэл”-ээ ч сайжруулав. Гэхдээ түүнд эргэлзэх хүмүүс ч мундсангүй. Зарц нар шөнө түүнийг зүүдэндээ ярихыг нь хүлээн харуулддаг байсан бол зарим нь гэнэт л түүнд англиар эелдэг үг хэлж, ямар хариу үзүүлэхийг нь танддаг байж. Гэвч гүнж юунд ч ажирсангүй. Гэлээ ч хожим нь түүнийг нэг ч удаа дүрээсээ гарч байгаагүй гайхалтай жүжигчин гэж дүгнэжээ. Карабу гүнжийн дүр бүтээхэд нь аялагчдын дурсамж, тэнгис, арлуудын тухай дурдатгалтай ном тусласан гэдэг.

 

Түүний алдар нэр хавиар нэг тархсан нь түүнийг нэг мөр баллажээ. Нэгэнтээ “Бристолийн сэтгүүл” түүний хөргийг нийтлэсэн бөгөөд энэ үед Нил гэх эмэгтэй өнөөх гүнжийг гуталчны охин, өөрсдийн зохиосон гэх тарабар хэлээр ярьдаг эмэгтэй мөн гэж таньжээ. Ингээд л түүний алдар нэр унав. Хуурамч гүнж эх нутагтаа буцжээ. Түүний талаар сонсогдсон хамгийн сүүлийн мэдээлэл нь бүсгүй нөхөрт гарч, хотдоо нэг мөр суурьшин, Бристолийн эмнэлэгт хануур хорхой нийлүүлэгч болсон гэдэг. Тэрбээр 1865 онд зүрхний шигдээсээр нас баржээ.