Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

Европын Холбоонд Британи “орших уу, эс орших уу”: ТАВАН БАРИМТ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Их Британийг Европын Холбооноос гаргах санааг Brexit хэмээн нэрлэж байгаа. Ирэх зургаадугаар сард болох Британийн олон нийтийн санал асуулга энэ асуудлыг эцэслэн шийднэ. Их Британи Европын Холбооноос гарвал ямар үр дагавартай болохыг тайлбарласан таван баримтыг хүргэж байна.

 

Хэн юуг хүсэж байна вэ?

Их Британий ерөнхий сайд Дэвид Камерон өнгөрсөн долоо хоногт Европын Холбоонд ямар нөхцөлтэй үлдэж болох талаар удирдлагуудтай нь тохиролцоо хийсэн. Тохиролцооны гол асуудлууд нь Британи еврог хэрэглэхгүй, Евро бүсийн орнуудад тохиолдсон санхүүгийн хямралд дэмжлэг үзүүлэхгүй, бусад гишүүн орнуудаас ирэх цагаач ажилчдын санхүүгийн давуу талыг багасгах замаар тоог нь хязгаарлах тухай байлаа.

Энэ бүх асуудлууд дээр Британичууд зорилгодоо хүрсэн гэж үзэж болно. Харин нөгөө талд Европын Холбоо Британийг ийм аргаар үлдээж чадлаа гэхэд энэ нь бусад 27 гишүүн улсуудад муу үлгэр дууриал болж тус тусын нөхцлийг тавьж эхлэх аюул үүсч байгаа юм.

 

Их Британид үзүүлэх эдийн засгийн нөлөө

Санал асуулгыг угтсан сурталчилгаа Британид эхлээд байгаа. Гарахыг дэмжигчид ЕХ-г орхисноор Британи эдийн засгийн хувьд дээрдэнэ гэж байгаа бол үлдэхийг дэмжигчид Лондон ЕХ-ы гишүүн улсуудтай шинээр худалдаа, хөрөнгө оруулалтын гэрээнүүд хийх хэрэгтэй болох тул эрсдэлтэй гэж үзэж байна.

Тинктанк Open Europe-ын өнгөрсөн гуравдугаар сард хийсэн тооцоогоор Brexit ажиллагаа нь 2030 он гэхэд Британий ДНБ-ий 2.2 хувьтай тэнцэх зардлыг хамгийн муу тохиолдолд гаргах бол, сайнаар тооцоход 1.6 хувийн өсөлт авчирна гэжээ.

Үүнээс өөр маш олон газрын судалгаанууд байгаа ба маргалдагчид өөрийн хүссэн тоогоо гаргаж ирэн мэтгэлцэж байна. Гэвч өмнө нь ЕХ-оос гарч байсан орон байхгүй тул яг юу болохыг хэн ч хэлж чадахгүй байна. Их Британи үнэндээ азгүй гэрлэлтийн дараа салах гэж байгаа бүсгүй шиг л болжээ.

 

Европын Холбоонд үзүүлэх эдийн засгийн нөлөө

Brexit-ын үр дүнд ЕХ-нд үүсэх эдийн засгийн нөлөөг тооцоход арай хялбар. Их Британи нь ЕХ-ы төсвийн 5.8 хувийг бүрдүүлдэг. Энэ үзүүлэлтээрээ тэд Германы дараа хоёрт ордог бөгөөд ЕХ-нд ордог гадаадын шууд хөрөнгө оруулалтын гуравны нэгийг эзэлдэг байна. Хэрвээ ЕХ Британийг алдвал ДНБ-ийнхээ 15 хувийг алдана.

Үүнээс гадна хүн ам зүйн асуудал бий. ЕХ-ны гишүүн орнуудаас Их Британид 2 сая хүн ажил хөдөлмөр эрхэлдэг. Тэдэнд юу тохиолдохыг хэн ч мэдэхгүй байна. Үүнээс гадна Британиас ЕХ-ны орнуудад 1.26 сая хүн ажилладаг. Тиймээс ЕХ-нд Их Британийг гишүүнээр үлдээх том шалтгаан бий. Гэвч Брюсселийн удирдагчид бас хэт их зууралдах нь өөрт нь гай авчирна гэдгийг мэдэж байгаа.

 

Европын Холбооны улс төрийн бодлогод үзүүлэх нөлөө

Британий ЕХ-нд үлдэх тохиролцооны талаар зөвхөн Польш улс одоогоор дуу хоолойгоо хүргээд байна. Учир нь Польшийн 700,000 иргэн Их Британид ажиллаж байгаа нь хамгийн их хэмжээ юм. Тэдний хүртэх эдийн засгийн үр ашиг муудахаас Польш ихээхэн болгоомжилж байна.

Польш улс одоогоор зүүн Европын бусад орнуудтай уулзаж ЕХ-ны чуулган дээр санал оруулахаар бэлдэж байгаа.

Үүнээс гадна өөр нэг том асуудал бий. Уламжлал ёсоор Их Британи нь Германы эсрэг Францыг дэмжиж хүчний харьцааг тэнцвэржүүлэх, заримдаа эвлэрүүлэгчийн үүрэг гүйцэтгэдэг байсан. Харин Британичууд ЕХ-оос гарвал Берлин Парист дээрэнгүй хандах боломж гарч ирнэ. Тиймээс Брюссель зүүн Европын орнуудын уур хилэнг дарах, холбоон дотрох хүчний харьцааг зохицуулах гээд хүндхэн асуудлуудтай тулгарах юм.

Хэрвээ Британийг үлдээхийн тулд хэт найр тавих бол зүүн Европт асуудал үүснэ. Британийг алдвал нөгөө талд хүчний тэнцвэр алдагдах юм.

 

Британий олон нийтийн санаа бодол

Британичууд харин энэ тухай юу бодож байгаа бол? Өнгөрсөн тавдугаар сард болсон Британий парламентын сонгуулийн дараа ORB-ийн авсан санал асуулгаар иргэдийн 55 хувь ЕХ-нд үлдэхийг илүүд үзэж, 45 хувь нь гарахыг дэмжиж байв. Зуны турш энэ тоо харьцангуй тогтвортой байсан.

Гэвч дүрвэгсдийн асуудал хүндэрсэн аравдугаар сард ЕХ-г дэмжигчдийн тоо буурч 53 хувьд хүрчээ. Парисын халдлага болсны дараа ЕХ-оос гарахыг дэмжигчдийн хувь 52 болсон байна. Гэвч өнгөрсөн сард авсан ORB-ийн судалгаагаар энэ тоо эргэн 48 хувьд хүрч, үлдэхийг хүсэгчид 52 хувьтай болжээ.

Ерөнхий сайд Дэвид Камерон ЕХ-нд үлдэхийг ятгаж байгаа бол зарим улс төрчид, жишээ нь Лондон хотын мэр Борис Жонсон гарахыг уриалаад эхэлсэн. Ямар ч байсан Британичууд зургаадугаар сарын 23-нд Европын Холбоонд “орших уу, эс орших уу” гэдгээ шийдэхээр болж байна.

 

Эх сурвалж: Time.Com