Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

Органик бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд гарч ирэх боломж бүрдлээ

Ж.Мягмар
2016 оны 2 сарын 23
Монголын мэдээ
Зураг зураг
2016.02.22. Гэрэл зургийг mpa.mn

 

Монгол Улсад Шинжлэх ухааны парк байгуулах асуудал яригдаж байгаа билээ. Тэгвэл уг ажлын эхлэл тавигдаж, Монгол-Хятадын молекул биологийн лабораторийг өчигдөр нээлээ. Энэ талаар БСШУЯ-ны Шинжлэх ухааны бодлого, зохицуулалтын газрын дарга Ж.Даваасамбуугаас тодрууллаа. 

-Манай улсад анхны шинжлэх ухааны парк байгуулах асуудал яригдаж байна. Энэ талаар тодруулаач?

-БНХАУ-ын тусламжтайгаар анхны шинжлэх ухааны парк байгуулахаар яригдаж байгаа. Энэхүү ажлын эхлэл өнөөдөр тавигдаж “Монгол-Хятадын Молекул биологийн хэрэглээний хамтарсан лаборатори”-ийн үйл ажиллагааг нээж, хоёр тал хамтран ажиллахаар болж байна.

Энэхүү лабораторийг БНХАУ-ын Засгийн газрын сая ам.долларын тусламж, мөн Монгол Улсын Засгийн газрын 350 мянган ам.долларын дэмжлэгээр байгуулж байгаа юм. Шинжлэх ухааны гадаад харилцааг өргөжүүлэхээр зэхэж байгаа энэ үед хоёр орны эрдэмтдийн оюуны хамтын ажиллагаанд томоохон дэвшил гарч буй хэрэг юм. 

-“Монгол-Хятадын Молекул биологийн хэрэглээний хамтарсан лаборатори”-ийн хүчин чадал дэлхийн стандартад нийцсэн байж чадаж байгаа юу?

-Уг лаборатори нь генетик, уургийн биотехнологи, пробиотик бактерийн судалгаа зэрэг Молекул биологийн чиглэлийн судалгаа явуулахад зориулсан нарийн мэргэжлийн багаж төхөөрөмжөөр тоноглогдсон.

Судалгааны үр дүнд гарсан бүтээгдэхүүнийг боловсруулна. Хамтарсан лаборатори нь Монгол, Хятадын их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагууд эрдэмтэн, судлаачид судалгааны ажлаа хийхэд дэмжлэг үзүүлэх зорилготой нээлттэй лаборатори юм.

Уг лабораторид Монгол Улсын эрдэм шинжилгээний байгууллагууд, их дээд сургуулиудад нэн шаардлагатай байгаа лабораториудын саналыг авч нэгтгэн судалсны үндсэн дээр Монголын эрдэмтдийн саналаар Хятадын засгийн газрын үзүүлж буй дэмжлэгээр үндсэн үйл ажиллагааны багаж хэрэгсэл, туршилтын дагалдах материал хэрэгслээс суурилуулсан.

Түүнчлэн өндөр үзүүлэлттэй шингэн хроматограф, ELISA, полимеразын гинжин урвалын төхөөрөмж, гель электрофорезийн дүрслэлийн машин, сүүний найрлага тодорхойлогч машиныг суурилуулсан байгаа.

Мөн азот хэмжигч (azotometer), тослог тодорхойлогч төхөөрөмж зэрэг молекул биологийн туршилтад шаардагдах нарийн багаж төхөөрөмжүүд болон боловсруулалтын зориулалттай капсулаар бүрэгч хагас автомат машин, хавтгай хэлбэрээр бүрэгч машин, үрэл хэлбэрээр шахагч машин зэрэг тоног төхөөрөмжтэй. Үүнээс гадна лабораторид шаардлагатай эм, урвалж бодисоор хангагдаж чадсан. 

-Шинжлэх ухааны парк байгуулах ажлын эхлэлийг яагаад молекул биологийн хэрэглээний лабораториас эхлүүлэх болсон юм бэ?

-Шинжлэх ухааны парк байгуулах ажлын эхлэл болгож БНХАУ-ын судлаачид Монголд судалгаа шинжилгээ хийсэн. Ингээд Монгол Улс органик бүтээгдэхүүн буюу бэлчээрийн хөдөө аж ахуйн судалгаа шинжилгээний ажлаар дэлхийн зах зээлд гарч ирэх боломжтой хэмээн үзсэн.

Ингэхийн тулд эрдэмтэд судалгаа шинжилгээ, санаагаа үйлдвэрлэлд нэвтрүүлэх шаардлага тулгарна. Тэгвэл өнөөдөр /өчигдөр/ нээгдсэн молекул биологийн лабораторид эрдэмтдийн шинэ технологи, санаа оноог үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлэх боломжийг нээж өгч байгаа. Тиймээс судлаачдыг хүмүүс зөвхөн судлаад байдаггэж үздэг. Тэгвэл энэ удаад био бүтээгдэхүүн үйлдвэрлэх асуудалд анхаарч ажиллахаар шийдсэн. 

-Энэхүү лабораторид ямар судалгаануудыг хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Ямартай ч эхний ээлжид хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүн, тэр дундаа сүү, цагаан идээний төрөл бүрийн найрлагын нарийвчилсан судалгаа, хүнсний бүтээгдэхүүний витамин, эрдэс бодисын хэмжээг тодорхойлох, Монгол малын сүүний шинж чанар тодорхойлох, мал амьтдын генетикийн судалгаа гэх мэтчилэн хөдөө аж ахуй, ургамлын гаралтай судалгаа шинжилгээг хийх төлөвлөгөөтэй байгаа.

Одоогоор Шинжлэх ухааны академийн болон их, дээд сургуулийн эрдэмтэд хамтран томоохон судалгааны ажлыг тус лабораторит эхлүүлсэн байна. Түүнчлэн энэ лаборатори нь шинжлэх ухааны салбарын ямар ч эрдэмтэн, судлаач, мөн их, дээд сургуулийн оюутнуудын өмнө нээлттэй ажиллахаараа давуу. Тиймээс энэ салбарын оюутнууд судалгаа, шинжилгээний ажлаа зөвхөн сургуулийн жижигхэн лаборатори бус энд бодитоор хийх боломжтой.

Мөн энэ нэгдсэн лабораторид геномын судалгаа, уургийн судалгаа, пробиотикийн судалгаа, Монгол Улсын хүнсний бүтээгдэхүүний тэжээллэгийн найрлагын хэмжээг тодорхойлох гэсэн бие даасан судалгааг хийх боломжтой байгаа. Шинжлэх ухааны парк байгуулах ажлын үр хөврөл болсон молекул биологийн хэрэглээний цогц, бие даасан анхны лабораторитой болсноор энд гарааны компаниуд ажиллах болно.

Зураг