Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Сүхбаатар аймгийн нутгаас том, жижиг 39 чулуун хөшөөний хагархай олдсон"

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 2 сарын 2
iKon.MN
Зураг зураг

ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгээс энэ сард болох “Монголын археологи-2015” эрдэм шинжилгээний бага хурал болон 2015 онд судалсан судалгааны талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Доктор Б.Цогтбаатар хэлэхдээ: "Энэ сарын 4, 5-нд болох "Монголын археологи-2015" эрдэм шинжилгээний бага хурал нь ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн нэгдүгээр байрны 410 тоотод болно.

Тус хурлаар 2015 онд МУ-ын нутагт археологийн чиглэлээр судалгаа хийсэн бүх байгууллагуудын нэгдсэн судалгаа, тайлангуудаа анх удаагаа улсын хэмжээнд танилцуулах болно.

Тус хурлыг манай хүрээлэнгээс ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал агсан, нэрт археологич, академич Доржхандын Доржийн мэндэлсний 80 жилийн ойд зориулан зохион байгуулах гэж байна.

1936 онд Сүхбаатар аймагт төрсөн бөгөөд 1960-1991 он хүртэл МУ-ын нутагт археологийн судалгааг Орос болон бусад гадаадын олон улсын судлаачидтай хамтарч хийж байсан бөгөөд үндэсний судалгааны ажлын багийг ахалж байсан аж. Түүнчлэн одоо хийгдэж буй судалгаануудын гол үндэс суурийг нь тавьсан буюу 20-р зууны Монголын томоохон эрдэмтэн, академич юм. 

Энэ удаагийн хуралд ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгээс гадна МУИС-ийн Антропологи-археологийн тэнхим, Монголын Үндэсний Музей, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль, Улаанбаатарын Их сургууль, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Соёлын өвийн төв гэсэн зургаан байгууллагын 70 орчим судлаачид, гадаадын 50 гаруй эрдэмтдийн оролцсон 49 илтгэлийг хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.

Манай судлаачид Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг дэвсгэрт 2013 онд дарагдаж, булагдсан дурсгалуудыг илрүүлсэн. Үүнээс хойш 2013, 2014 онд бид илэрсэн дурсгалуудтай холбоотойгоор урьдчилсан судалгаа хийсэн. Харин өнгөрсөн жилд Монгол-Японы хамтарсан төслийн хүрээнд хээрийн судалгаа буюу малтлагыг амжилттай хийсэн.

Тус газар нутгаас нийт том, жижиг 39 чулуун хөшөөний хагархай олдсоныг эвлүүлэхэд нийтдээ 13 том хөшөө болж байсан. Эдгээр хөшөөн дээр тухайн үеийн бичээс, тамга тэмдгүүд байсан бөгөөд одоогоос 1,000 гаруй жилийн өмнөх түүхийг агуулсан хөшөө гэж судлаачид дүгнэсэн. Хөшөөний өндөр нь 3-6 метр байсан аж.

Цаашид хэрхэн сэргээн засварлах, бичээсийг судлах, тамга тэмдэг харьцуулах гэх мэт олон ажлуудыг хийхээр төлөвлөөд байна" гэлээ.

2015 онд хийсэн ажлуудаас дурдахад:

  • 2015 онд манай археологийн салбарын судлаач, эрдэмтэд Монгол Улсын хэмжээнд гадаадын 9 улстай хамтарсан 29 төслийг 15 аймгийн 33 сумын нутагт хэрэгжүүлж 100 орчим дурсгалыг малтан судалж, 1000 гаруй эх хэрэглэгдэхүүнийг шинээр илрүүлэн олсон байна. 
     
  • Урьд өмнө судлагдаагүй байсан эртний Сяньби нарын бүтэн оршуулгын газрыг Баян-Өлгий аймгаас малтсан.
     
  • Хүннүгийн шавар ваар савны урлагийн олон шинэ олдворуудыг Тамирын Улаан хошууны булшнаас илрүүлсний дотор Дундад Азиас гаралтай шавар савнууд байгаа нь Төв Азийн эртний соёл иргэншлийн хэлхээ холбоог илэрхийлэх чухал баримтууд болж байна. 
     
  • Монгол улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс археологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагууд 55 тооны ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбай болон шинээр тавигдаж буй автозамын трассын дагууд хайгуулын ажлыг 8 аймгийн 20 сумын нутагт гүйцэтгэж 2,600 орчим дурсгал шинээр илрүүлэн олсон юм.

Төслүүдийн танилцуулга: