Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨВЛӨЛТ МАЯГИЙН ЗАСАГЛАЛ БУЮУ БНМАУ

МОНСУДАР
2016 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж байгаа “Монголчууд” цувралын дараагийн боть болох “Монголчууд нийгэм журамд давшин орсон нь” буюу Бүгд найрамдах улсаа тунхагласан 1924 оноос хоршоолох хөдөлгөөн ялсан 1959 он хүртэлх үеийн түүхийг сонирхолтой гэрэл зургийн хамт дэлгэн харуулсан ном тун удахгүй уншигчдын хүртээл болох гэж байна. 

Энэ удаа тун удахгүй уншигчдын гар дээр дээр очих гэж буй “Монголчууд нийгэм журамд давшин орсон нь” номын ерөнхий редактор Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор О.Батсайханы яриаг хүргэе.

Монсудар хэвлэлийн газраас эрхлэн хэвлүүлж байгаа “МОНГОЛЧУУД” түүхчилсэн гэрэл зургийн цуврал бүтээлийн эхний боть “Монголчууд XX зууны эхэнд” нэртэйгээр уншигчдын гарт хүрснээс хойш эдүгээ даруй таван жил өнгөрчээ. Энэ хугацаанд уг боть хэдэнтээ хэвлэгдсэн төдийгүй герман хэлээр орчуулагдан гадаадын уншигчдын сонирхолыг татсан бүтээл болж чаджээ. 

Харин эл удаа Эрхэм уншигч танаа Монголын түүхийг гэрэл зургаар баяжуулан харуулсан цувралынхаа дараагийн ботийг “Монголчууд нийгэм журамд давшин орсон нь”  нэртэйгээр өргөн барьж байна.

Эзэн Богд Чингис хааны 28 дугаар үеийн үр, их бичгийн хүмүүн Ванчинбалын Инжаннаш бээр тэртээ 1840-өөд онд “Чиний хоёр нүд бүлтийж байгаад өөрийн уг үндэсний түүх бичиг ба цэдэг судраа үл үзэн, урьдас дээдсээ, угсаа эгнээ үл мэдэн, хүн бөгөөд үндсээ үл мэдэх нь адгуус буюу.

Тайж бөгөөд өвөг юугээ үл мэдэх нь мал буюу.


Нүд буй бөгөөд түүх юугээ үл үзэх нь сохор номин буюу. 

Мэдэлтэй бөгөөд язгуураа үл сэтгэх нь мунхаг гахай буюу” хэмээн айлдсан байдаг билээ.

Иймээс бид монголчуудынхаа түүхийн боловсролд бага ч атугай хувь нэмэр болох чин санаагаар эл цувралаа үргэлжлүүлсээр байна. 
Эл удаагийн цувралд 1924 оноос 1959 он хүртэлх үеийн монголчуудын туулж өнгөрүүлсэн амьдралыг гэрэл зургаар баяжуулан үзүүллээ. ИнгэхдээМонголын улс төр, эдийн засаг, боловсрол, шашин, соёл, цэрэг гээд бүхий л салбарыг хамруулахыг хичээлээ.

Богд хаан 1924 онд таалал болж, улмаар МАН(Монгол ардын нам)-ын гуравдугаар их хурал, Улсын анхдугаар их хурлаас Бүгд найрамдах засаглал тогтоохоор шийдвэрлэсэн билээ. Ингээд 1924 онд баталсан анхны Үндсэн хуулиар Бүгд Найрамдах Монгол Ард Улс буй болсоноор эл цуврал эхэлж байгаа юм.

Хэдий тийм боловч БНМАУ байгуулагдсаны урьдчилсан нөхцөл болсон Зөвлөлийн Улаан Арми 1921 онд Монгол цөмрөн орж, Монголд байрлаж байсан талаар товч боловч дурьдаж байгаа. Энэ мэтээр үргэлжилж эл удаагийн цувралын сүүлчийн хугацаа нь 1959 оноор хязгаарлаж байгаа. Учир нь 1959 онд Монголд нэгдэлжих хөдөлгөөн ялсанаар хувийн бүхий л өмчийг хоршооллож дуусан бөгөөд үүнийг тухайн үед МАХН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Улсын Ерөнхий сайд Ю.Цэдэнбал “1921 оны ардын хувьсгалтай эн зэрэгцэх үйл явц” хэмээн үнэлж байсан байдаг. Өөрөөр хэлбэл хувийн өмч үгүй болсон гэсэн үг.

Бид 1924 оноос 1959 оны хооронд Монголд өрнөсөн улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, цэргийн бүхий л салбарыг хамарсан өөрчлөлт, үйл явдлуудыг олдоцын хирээр гэрэл зургаар үзүүлэхийг хичээв. Уг цувралд Монголын түүхэнд холбогдох Орос, Монголын архивын сурвалжуудыг өргөнөөр ашигласан нь бас нэгэн давуу тал болно.

Мөн монголчуудын амьдралд нөлөөлсөн гадаад хүчин зүйлс, түүний эерэг болон сөрөг тал, үндэсний онцлогоо хадгалах гэсэн монголчуудын эрмэлзэл, ангич нийгмийн зөрчил, нүүдлийн болон суурин иргэншлийн ялгаа зэргийг та тод харах болно.

Монголын улс төрд онцгой үүрэгтэй байсан Зөвлөлтийн сургагч, зөвлөхүүдийн талаар, Зөвлөлтөд КУТВ буюу Дорнодахины хөдөлмөрчдийн их сургууль дүүргэсэн залуусыг Монголын нам, төрийн удирдлагад оруулсан талаар, Зөвлөлтийн бодлогыг шууд хуулбарлан хэрэгжүүлж байсан талаар, угсаа залгамжилсан ноёд, цол хэргэм бүхий лам нарыг зайлуулсан төдийгүй олноор нь хоморголон хилсээр хэлмэгдүүлсэн, хөрөнгийг нь хураасан зэргийг ч харуулахын зэрэгцээ Зөвлөлтөд улс төр, соёл, үзэл суртлын чиглэлээр олон залуусыг бэлтгэж байсан талаар тусгахыг хичээлээ.

Бүхэлд нь харвал Монголын нийгэм суурин иргэншлийн соёлд хэрхэн хөл тавьж эхэлсэн хийгээд суурьшмал соёл монголчуудын амьдралд хэрхэн нэвтэрсэнийг тод харуулсан болно. Өөрөөр хэлбэл нүүдэлчин монголчууд хэрхэн нийгмийн зохион байгуулалтад шинээр орж, улс гэрээ эмхлэн байгуулсаныг өгүүлнэ. 

Эл цувралыг бүтээхэд Түүхийн шинжлэх ухааны доктор (Ph.D), Зөвлөх профессор З.Лонжид,  Боловсрол судлалын ухааны доктор (Ph.D) Б.Батсайхан, М.Дэлгэржав, Соёл судлалын ухааны доктор (Ph.D) Ж.Баатарцогт,Анагаахын шинжлэх ухааны доктор (Sc.D), Профессор Ж.Раднаабазар,  Анагаахын шинжлэх ухааны доктор (Ph.D), Дэд профессор, Р.Эрдэнэтунгалаг, Л.Энхбаатар, Түүхийн шинжлэх ухааны доктор (Ph.D), Профессор Г.Мягмарсамбуу, Түүхийн шинжлэх ухааны магистр П.Лхам зэрэг салбар бүрийн судлаачид оролцон ажилласан нь нэгэн хэвийн түүх бичлэгээр бус олон нийтэд илүү ойлгомжтой, сонирхолтой болсон болов уу хэмээн найдаж байна.

Адмон компаний захирал Р.Энхбатын санаачилгаар бүтээгдэж байгаа Монголын түүхийн бүх үеийг гэрэл зургаар баяжуулан харуулах зорилготой “Монголчууд” цувралын маань энэ удаагийн ботийг Монсудар хэвлэлийн газрын  ажилтан Л.Энхсайхан гардан хариуцаж, тус хэвлэлийн газрын гэрэл зураг хариуцсан ажилтан Б.Чантуу, дизайнер Б.Баясгалан нар уншигчдын хүртээл болгоход чухал үүрэг гүйцэтгэлээ.

Хэдэн жилийн турш уйгагүй хамтран ажилласан бүхий л хүмүүст талархлаа илэрхийлье.

“Монгол тоотон бүгдээр уг үндэс ба язгуур удмаа мэдтүгэй” хэмээсэн их эрдэмтэн Ванчинбалын Инжаннашийн сургаалыг дахин эшлэн түүхээ танин мэдэхийг монголчууддаа уриалъя.

Түүхээ танин мэдэж, түүнээсээ сургамж авч, өөрийгөө таньж, өнөөдөрөө бодитой дүгнэж, ирээдүйгээ соргогоор харах нь бидэнд нэн чухал болно.

Монгол Улсын Төрийн соёрхолт, Түүхийн шинжлэх ухааны доктор, профессорО.Батсайхан

Монголчууд цуврал

Уг цувралын хүрээнд монгол нутагт хүн амьдарч эхэлсэн цагаас өнөөг хүртэлх түүхийг гэрэл зургаар баяжуулан уншигчдын хүртээл болгох зорилготой бөгөөд  одоогийн байдлаар “Монголчууд XX зууны эхэнд” буюу 1911-1924 он хүртлэх үеийн түүхийг харуулсан нэгэн боть, “Монголчууд XVII-XX зууны эхэн үе” буюу монголчууд Манжийн эрхшээл орсноос эхлээд тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан 1911 оныг хүртлэх үеийн түүхийг өгүүлсэн нэгэн боть хэвлэгдэн гараад байна. Эдгээр номууд нь дан ганц түүхэн гэрэл зургаас гадна архивын баримт материал, эд өлгийн дурсгал зэрэг олон арван ховор нандин баримтуудыг агуулсан.  

“Монголчууд XX зууны эхэнд” 
“Монголчууд XVII-XX зууны эхэн үе”