Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

В.Путины хуучин эхнэр Людмила 20 насаар дүү залуутай гэрлэжээ

Б.Ууган, iKon.mn
2016 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Оросын Ерөнхийлөгчийн хуучин эхнэр Людмила “Литературная учеба” хэвлэх үйлдвэр болон хувь хүний хоорондын харилцааны хөгжлийн төвийн тэргүүн, 37 настай Артур Очеретный гэх эртэй гэрлэж, нөхрийнхөө овгоор овоглох болсон тухай Оросын “Собеседник” сонин мэдээллээ.  

Энэ сонины сэтгүүлчид Оросын бүртгэлийн албанаас авсан эх сурвалжтайгаар энэ мэдээллийг дамжуулсан бөгөөд Людмилагийн ээж Екатерина Шкребеновагийн 1995 онд худалдан авсан байр анхандаа Людмилагийн эгч Ольга Цомаевад өвлөгдөн очоод харин дараа нь Людмила Александровна Очеретная гэх хүний нэр дээр шилжсэн байжээ. Очеретная гэх овогтой эмэгтэйн төрсөн огноо болон төрсөн газар нь Людмила Александровна Путинагийн мэдээлэлтэй таарч байгаа гэнэ. 

 

Мөн Людмила Путина Оросын төрийн тэргүүнээс гэрлэлтээ цуцлуулж байгаа тухайгаа зарласнаас хойш олны өмнө ганцхан удаа гарч ирсэн юм. Тодруулбал, 2014 оны дөрөвдүгээр сард тэрбээр одоо хэвлэлүүд түүнийг гэрлэсэн гэж мэдээлж байгаа Очеретный гэх эрхмийн тэргүүлдэг “Литературная учеба” хэвлэх үйлдвэрийн үүсгэн байгуулсан Горькийн утга зохиолын шагнал гардуулах жил бүрийн ёслол дээр үг хэлж байлаа.

 

Эх сурвалжийн мэдээлснээр,  Людмилатай гэрлэсэн гэгдээд байгаа Очеретный одоо 37 настай, харин Людмила 58 настай юм. Очеретный өмнө нь В.Путины “Нэгдсэн Орос” намын төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулдаг “Арт шоу центр” фирмд ажилладаг байжээ.

Түүнээс Ерөнхийлөгчийн хуучин эхнэртэй хувийн ямар нэг харилцаатай эсэх талаар асуухад Артур Очеретный ямар ч хариу өгөөгүй байна.

Энд дуулгахад, Владимир Путин болон Людмила Путина нар 2013 оны зургаадугаар сарын зургааны өдөр гэрлэлтээ цуцлуулах гэж байгаа талаар сэтгүүлчдэд дуулган, 2014 оны дөрөвдүгээр сард албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан юм.

Мөн тэднийг гэрлэлтээ цуцлуулсны дараахан В.Путин ярилцлага өгөх үеэр сэтгүүлч түүний хувийн амьдралыг сонирхон, шинэ тэргүүн хатагтайн нэр олон нийтэд хэзээ ил болох талаар асуухад энэ асуултаас зайлсхийн “Би эхлээд хуучин эхнэрээ нөхөрт гаргах хэрэгтэй байна, харин дараа нь өөрийнхөө талаар бодож болох юм” гэж хариулж байжээ.

 

Эх сурвалж: sobesednik.ru, fedpress.ru