Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

Ипотекийн зээлийн эргэн тойронд Улс төрчид & Эдийн засагчид

Б.Төрбат
2016 оны 1 сарын 21
MorninigNews.mn
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг тойрсон асуудал улстөрийн хүрээнд болон эдийн засагч, иргэдийн дунд өнөөг хүртэл маргаан дагуулсан халуун сэдэв хэвээрээ байна.

Орон сууцтай болохыг хүссэн олон мянган иргэнд битүүхэн хүлээлт үүсгээд байсан ипотекийн найман хувийн зээлийг үргэлжүүлэхээр болсон нь тэдний хувьд хамгийн таатай мэдээ байлаа. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн Мягмар гарагт ээлжит бусаар хуралдсан УИХ-ын чуулганаар Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр баталсан нь гацаанд ороод байсан ипотекийн зээлийг хөдөлгөөнд оруулсан юм.

Гишүүдийн олонхийн саналаар дээрх хуулийг баталснаар арилжааны банкууд ипотекийн зээлийг үргэлжүүлэн олгох хууль эрх зүйн орчин бүрдсэн билээ. Хэдийгээр хууль, эрх зүйн орчинг бүрдүүлсэн ч улстөрчид болон эдийн засагчдын хооронд бяцхан маргааныг үүсгэсэн гэхэд болно. Тиймээс дээрх асуудалтай холбогдуулан зарим улстөрч, эдийн засагчид ямар байр суурьтай байгааг хүргэе. 

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл

-Ипотекийн зээлийн эх үүсвэртэй боллоо гэж зарлах нь ач холбогдолтой. Гэхдээ бидний үзэж байгаагаар Ирээдүйн сангийн хууль гаргах гэж байна. Энэ хууль болон Хүний хөгжил сангийн мөнгөний эх үүсвэрийг ипотекийн зээлд татан оруулах, санхүүгийн эх үүсвэр болгохоор ярьж байна.

Үүнийг болохгүй зүйл гэж би хэлэхгүй. Тэртээ тэргүй Засгийн газар иргэдийнхээ тэтгэвэрт жил бүр тодорхой мөнгө төсөвлөдөг.

Ипотекийн зээлийн эх үүсвэртэй боллоо гэж зарлах нь ач холбогдолтой.

Дээр нь орон сууц зээлээр худалдаж авсан олон хүн бий. Энэ бүх зээл, мөнгийг нийлүүлж ипотекийн зээлийг санхүүжүүлэх боломжтой л гэж хараад байна. Зээл олгож болно оо, гэхдээ ухаалаг хандах хэрэгтэй. Өнгөрсөн Засгийн газрын үед 30-аад мянган айлын орон сууцыг барьсан.

Тэдний дөрвөн мянга нь зээлээр худалдаж авсан. Дундаж цалинг хоёр дахин нэмэхэд л иргэд байраа худалдаж авч байсан. Хөдөөний малчид хүртэл байр худалдаж авч байсан. Энэ мэт аргаар ухаалаг хандах л хэрэгтэй дээ. Харин инфляци 14 хувь байхад зээлийн хүүг найман хувь байсан гэж яриад байна.

Одоо инфляци буурсан болохоор зээлийн хүү бууралгүй яах юм гэх юм. Энэ яаж бууж байгаа инфляци вэ гэдэг нь тодорхой. Махны үнэ буурлаа, шатахууны үнийг буулгалаа. Дээр нь иргэдийн худалдан авах чадвар хүртэл буурчихлаа шүү дээ. Гэтэл энэ буурсан инфляци чинь ирэх жил ямар байх юм бэ. Одоо байгаа 2.9 хувь чинь ирэх онд зургаа болвол буцаад ипотекийн зээлийн хүүгээ нэмэх үү.

Гэхдээ ганцхан үүнтэй холбох нь буруу юм. Иргэдээ бодит орлоготой л болгох хэрэгтэй. Сонгуулийн өмнө ийм асуудал ярьж байгаа нь санал авах гэсэн эдийн засагтай холбогдсон цаг зуурын бодлого гэж харж байна. Ийм цаг зуурын бодлогоор эдийн засгийг удирдан залахаа болих хэрэгтэй байгаа юм. 

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл

-Энэ бол нэг их яригдаад, санаа зовоод байх асуудал биш. Өнөөг хүртэл хэрэгжиж ирсэн ипотекийн зээлийг Төвбанк хариуцаад, арилжааны банкууддаа мөнгө зээлэх замаар, өөрөөр хэлбэл мөнгө хэвлэх замаар ипотекийн зээлийн эх үүсвэрийг бүрдүүлэх байх. Мөнгө хэвлэнэ гэдэг нь мөнгөний эх үүсвэрийг л бий болгож байна гэсэн үг. Үүнийг мөнгөний өргөтгөсөн бодлого гэдэг. Гэхдээ хэт их мөнгө хэвлэх ёсгүй.

Инфляцийг нэг оронтой тоонд барих ажил хуулиар өөрт нь олгогдсон Төвбанк мэдээд хийдэг зүйл. Үүн дээр нь наймыг таван хувь болгох асуудлыг хөндөж болно.

Ирээдүйн тэтгэврийн нөөцийн сан бол хүмүүс тэтгэвэрт гарахад өөрт нь хуримтлал бий болгох бодлогоор оруулж ирсэн. Үүнээс бас эх үүсвэрийг авахаар ярьж байна. Гэхдээ мөнгө хэвлэх үү гэвэл хэвлэнэ. Гэхдээ инфляцийг нэг оронтой тоонд барих үүрэг хүлээсэн Төвбанк болон эдийн засагт хүртээмжтэй санхүүжилтийг хийх ёстой Засгийн газар хоёр хамтарна.

Хүртээмжтэй санхүүжилт гэдэг нь наймаас таван хувь болгож, өрх гэрт бууж байгаа ачааллыг буулгах процессыг хэлж байгаа юм.

Гэхдээ үүнийг өнөөдрийн шоу биш 20-30 жил тогтвортой авч явахын тулд Ирээдүйн тэтгэврийн сан ч гэдэг юм уу, иймэрхүү байдлаар мөнгөжүүлэх зорилготой хийж байгаа үйл ажиллагааны л нэг хэсэг. Гаднаас мөнгө зээлж авч болно, дотооддоо бонд үүсгэж санхүүжүүлж ч болно. Энэ бол асуудлын гол биш. Үүнд нэг их айгаад л хүмүүс цэцэн үг ярих юм. Мөнгө хэвлэж л байдаг шүү дээ, харин мөнгийг хэт хэвлэж болохгүйг л анхаарах хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат

-Хямд үнэтэй байрыг найман хувиар авах, өндөр үнэтэйг нь таван хувиар авах хоёрын зөрүү гэж байна уу. Ерөөсөө л таван хувь гэдэгт л иргэдийн сэтгэл ханамж бий болчихоод байгаа болохоос өндөр үү, хямд уу гэдэгт сэтгэл ханамжийн асуудлыг тооцож үзэхгүй байна. Ний нуугүй хэлэхэд энэ бол сонгуулийн шоу.

Эхний ээлжид бүх зээлийг таван хувь болгох гэж байгаа бол түүнд зориулсан санхүүжилт зайлшгүй хэрэгтэй болно. Цаашдаа таван хувьд нь яаж байлгах вэ гэдэгт ч асуудал гарч ирнэ. Тэгэхээр өмнө нь олгосон найман хувьтай зээлийнхээ эргэн төлөлтийг таван хувьд шилжүүлээд бага хэмжээний мөнгийг таван хувь болгосон гэдэг байдлаар улстөрийн шоу хийж магадгүй.

Нэг бол Монголбанк дахин мөнгө хэвлээд эх үүсвэр бий болгоод олон хүнийг хамруулсан байдлаар таван хувьд шилжүүлэх гэсэн хоёр л гарц бий.

Монголбанк өмнө нь мөнгө хэвлэхэд өөрт нь нэлээд их валютын нөөц байсан юм.

Монголбанк өмнө нь мөнгө хэвлэхэд өөрт нь нэлээд их валютын нөөц байсан юм. Ерөөсөө мөнгө хэвлэнэ гэдэг валютын эх үүсвэртэй байж хийдэг алхам.

Учир нь, валютын ханшийн өөрчлөлтийн эрсдэлийг дааж чадах тохиолдолд л мөнгө хэвлэдэг юм шүү дээ. Харин өнөөдрийн нөхцөлд манайд ийм боломж байхгүй гэж би харж байна. Цаашдаа ч Монголбанк мөнгө хэвлэхгүй байх гэж найдаж байгаа. Энэ бол цэвэр сонгуульд зориулсан л ажиллагаа.

Түүнээс улс орноо, эдийн засгаа бодсон ажил огт биш. Тиймгүй бол Монголбанк өөрийнхөө бодлогын хүүг гурван хувиар бууруулах ёстой шүү дээ. Гэтэл нэг л хувиар бууруулж байгаа нь “но”- той байгаа биз. Уг нь Монголбанкны бодлогын хүү буурснаар бусад арилжааны зээлийн хүү буурах ёстой. Уул шугамандаа ийм л зрчмаар явах учиртай юм. Ганцхан инфляц буурснаар ипотекийн хүү буурна гэсэн ойлголт биш. Энэ бол эдийн засгийн онолд байхгүй зарчим.

Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ

-Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарсантай холбоотойгоор Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль хэрэгжих боломжгүй болсон учраас арилжааны банкууд орон сууц барьцаалсан найман хувийн хүүтэй зээлийг зогсоосон. Тиймээс Ипотекийн зээлийг үргэлжлүүлэхийн тулд Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль, Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, анхны хэлэлцүүлгээр баталлаа.

Нэмэлт өөрчлөлтөөр тухайн иргэн орон сууцаа шилжүүлэх буюу худалдаалахдаа банкнаасаа зөвшөөрөл авч, түрээслэх тохиолдолд заавал зөвшөөрөл авахгүй байя гэдэгт санал нэгдлээ. Хууль эрх зүйн орчин бүрдсэн учраас арилжааны банкууд ипотекийн зээл гаргаж болно.

Түүнчлэн дээрх хуулийг баталснаар арилжааны банкууд, Монголбанктай хамтарч орон сууц барьцаалсан таван хувийн хүүтэй зээл олгох боломжтой. Үүнээс гадна найман хувийн хүүтэй орон сууцны зээл авсан иргэдийн зээлийн хүү тав болгоно. Эдийн засгийн тооцоо судалгаатайгаар зээлийн хүүг таван хувь болгох ажлыг хийж байна. 

Эдийн засагч, санхүүч Б.Найдалаа 

-Наймыг тав болгоход асуудал байхгүй. Ингэснээр иргэдийн халааснаас гарах мөнгө ч багасна. Гэхдээ найман хувь өөрөө зах зээлийн хүү биш. Тэгэхээр зах зээл, мөнгөний бодлогын хүүгээс ч багаар өгөхөөр тэр хоорондын зөрүү ямар нэгэн алдагдал үүсгэнэ. Өөрөөр хэлбэл, наймыг тав болгохоор алдагдлаа л нэмнэ.

Цаанаа заавал зардалтай. Бид бүгдээс гарч байгаа зардал. Нэг ёсондоо найман хувийн хүүтэй зээл зах зээлийнх биш болохоор эргээд бидний халааснаас нь гарна. Бүгдийнх нь халааснаас аваад найман хувийн хүүтэй зээл шинээр авах хүнд өгч байгаа гэсэн үг. Бидний хувьд эдийн засгийн өсөлт бууралт, уналтыг сайн мэдэхгүй, мэдрээгүй ард түмэн юм шиг байгаа юм. 2010, 2011 онд хамгийн таатай үе нь таараад жилд тав орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орсноор эдийн засгийн огцом үсрэлт болсон. 

Гэтэл үүнийг байнга давтагдах юм шиг хүлээлт манай улс төр, Засгийн газар, бизнесийн хүрээнд байна. Аргалж байтал тэр сайхан үе ахиад ирнэ гэсэн гэнэн харанхуй хүлээлт. Дэлхийн эдийн засгийн байдал, судлаачдын ярьж байгаагаас харахад тийм үе ирэхгүй. Монгол Улсын хувьд эдийн засаг үнэхээр хүнд байгаа. Инфляц буурсан гэж ярьж байна. Гэтэл эдийн засаг нь тогтворжоод халалт нь буурч байгаадаа биш идэвхжил нь буураад байна.

Санаа зовж байгаа зүйл гэвэл энэ жил сонгууль болно. Та бүхэн анзаарч байгаа бол эрх баригчид, дарга нарын үг, дууны өнгө өөр болчихлоо. Тэрний энэний зээлийн хүүг бууруулах тухай амархан ярьж, үүрэгдэж байна. Маргааш бууруулаад өгье гэж байна. Өмнө нь мөнгө тараадаг байсан бол одоо зээлийн хүүгээр дамжуулж бизнесийн салбар руу хутгалдсан маягийн популизм хийж байгаа нь тун осолтой. Энэ бол эдийн засгаа богино хугацаанд сэргэсэн болгож харагдуулаад оны сүүлээр унагаах зүйл болж болзошгүй.

Эдийн засагч Д.Лхагвасүрэн

-Ипотекийн зээлийн хүүг бууруулснаар мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, зээлийн дундаж хүүгийн төвшин хэмжээгээр буурна. Эдийн засгийн хүндрэлийн үед улс орнууд зээлийн хүүгээ буулгадаг.

Манайхан үүний эсрэг явж болохгүй. Эдийн засаг эмзэг байгаа үед мөнгөний нийлүүлэлт бага байх сөрөг талтай. Тэгэхээр инфляци буурсан нь ипотекийн зээлийн хүүг бууруулах том боломжийг олгож байна. Хамгийн гол нь макро эдийн засгийн нөлөөгөөрөө эдийн засгийг идэвхжүүлэх болно. 

Эдийн засагч, судлаач Х.Батсуурь

-Ипотекийг амжилттай хэрэгжүүлэхэд тухайн улсын эдийн засгийн чадавхи, тогтвортой байдал, иргэдийн орлогын төвшин, банк санхүүгийн тогтолцоо, бие даасан болон хууль, эрх зүйн орчны боловсронгуй байдал, мөн хөрөнгийн зах зээлийн хөгжлийн түвшин нь суурь нөхцөл болдог.

Гэвч манай улс 2013 онд ипотекийн найман хувийн зээлийг хэрэгжүүлэхдээ дээрх суурь нөхцөлийг бүрдүүлээгүй. Ипотекийн зээл өнөөдөр эдийн засагт хүндрэл үүсгэж наашаа ч биш, цаашаа ч биш асуудал болоод байгаа юм.

Ипотекийн зээл зогсож зохиомлоор үүсгэсэн хөөс хагаран байрны үнэ хөрсөн дээрээ буух нь зөв юм.

Уг нь, ипотекийн зээл зогсож зохиомлоор үүсгэсэн хөөс хагаран байрны үнэ хөрсөн дээрээ буух нь зөв юм. Гэвч энэ бол эдийн засгийн биш улстөрийн эрх ашгийн асуудал болоод байгаа нь харамсалтай. Эрх баригчдын хувьд сонгууль хаяанд ирсэн нь ипотек гэх энэ асуудлыг давуу тал болгон ашиглах сэдлийн үндэслэл болж байна гэхэд болно. Тэд зээлийн хүүг найман хувиас бүр тав болгон бууруулж популизмдах гэж байна. 

Ипотекийн зээлийг таван хувьтайгаар хэрэгжүүлэхэд шинээр зээлд хамрагдагчдын тоо 3,750-иар нэмэгдэнэ, мөн урьдчилгаа төлбөрийг 20 хувь болгон бууруулж 10 хувийг нь засгаас төлөх боломжтой гэсэн. Хэрэв энэхүү тооцоолол зөв бол үүнийг санхүүжүүлэхэд хамгийн багадаа 400-450 тэрбум төгрөг олох шинэ эх үүсвэр шаардагдана.

Эдийн засгийн бодит чадавхиар энэ их хэмжээний мөнгийг босгох боломж байхгүй. Чухам ямар гээчийн онцгой арга хэмжээг манай Засгийн газар, түүнтэй хуйвалдагч гол эзэн Монголбанк авах бол, мэдэхгүй. Магадгүй 2012 оных шигээ мөнгө хэвлэх үү. 

Мөнгө хэвлэж эдийн засагт шахсанаас үүдэлтэй 13 хувиар өссөн инфляци, ам.доллартай харьцуулахад 40 хувиар унасан төгрөгийн ханш зэрэг өвдөлтүүдийг монголчууд санаж байгаа байх. Энэ бол яав ч зөв сонголт биш. 

Эдийн засагч О.Амартүвшин

-Банк найман хувиараа зээл өгч чадахгүй байсан байж тав болгоно гэж ярьж байгаа нь түр зуурын, сонгуулийн зорилготой л шийдэл. Цаана нь эх үүсвэр байгаад зардал нь ойролцоо түвшинд байвал ярих зүйл алга. Гэтэл өнөөдөр мөнгө байхгүй. Мэдээж үүнийг шийдэхийн тулд Монголбанк мөнгө хэвлэнэ. Гэхдээ мөнгийг ийм зоргоороо хэвлэх нь дунд болон урт хугацаандаа асар муу шүү дээ. Эргээд хэвлэсэн төгрөг нь ам.доллартай харьцах ханшийг өсгөнө. 

Магадгүй ам.доллар 2,500-3,000 болохыг үгүйсгэхгүй. Шийдэл хийж байгаа нь сайн ч бодитой байх ёстой юм. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээл олгож байгаа эх үүсвэрийг өр тавьж бий болгож байгаа учраас макро эдийн засагт урт хугацаанд сөргөөр нөлөөлж, зах зээлээ л донсолгоно. Одоогоор эдийн засаг хүндрэлтэй, шинээр ажлын байр бий болохгүй байна. Ийм үед хэнд орон сууцны зээл өгөхөө бодох хэрэгтэй.

Зураг