Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ипотекийн зээлийн хүүг ТАВАН хувь болгох асуудлыг судлахаар буцаажээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаанаар ипотекийн найман хувийн хүүтэй зээлийг олгож эхлэх хуулийг баталсан билээ. Энэ нь зогсонги байдалд ороод байсан ипотекийн зээлийг хэвийн үргэлжлүүлэх боломжоор хангахад чиглэгдсэн хууль юм. Гэтэл иргэдийн дунд уг хууль батлагдсанаар таван хувийн хүүтэй ипотекийн зээл олгож эхлэх үү гэсэн асуулт үүсээд байна.  

Иргэд найман хувийн хүүтэй зээл авах боломжийг УИХ-аас хууль батлах замаар нээлттэй болгосон. Харин тэрхүү хуулиар таван хувийн хүүтэй болгох уу, ямар шалгуураар олгох вэ, хэнд өгөх вэ гэдгийг Засгийн газраас журам гарган батална.  Гэтэл өчигдөр буюу нэгдүгээр сарын 19-нд БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ мэдээлэл хийх үеэрээ:

"Нэгдүгээр сарын 11-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар орон сууц барьцаалсан зээлийн журамд өөрчлөлт оруулж, зээлийн хүүг таван хувь болгосон. 

100 м.кв хүртэлх хэмжээтэй орон сууцыг таван хувийн хүүтэй зээлээр авах боломж нээгдсэн. 100 м.кв-аас дээш хэмжээтэй орон сууц барьцаалсан зээл найман хувийн хүүтэйгээр олгогдоно. 

Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль, Иргэний хуульд оруулах нэмэлт өөрчлөлт батлагдвал арилжааны банкууд, Монголбанктай хамтарч ажиллаад орон сууц барьцаалсан таван хувийн хүүтэй зээл олгогдох боломжтой. Түүнчлэн найман хувийн хүүтэй орон сууцны зээл авсан иргэдийн зээлийн хүү таван хувь руу шилжинэ" гэж хэлсэн нь иргэдийг төөрөгдөлд оруулаад байгаа юм. 

З.Баянсэлэнгэ сайдын хэлснээр найман хувийн хүүг таван хувь руу шилжүүлэх журмыг баталсан мэтээр ойлгогдож байгаа. Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар ипотекийн зээлтэй холбоотой журам баталсан эсэхийг ЗГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Цээпилээс тодрууллаа.

Тэрбээр “Энэ асуудлыг маш нарийн судлах шаардлагатай учир буцаасан. Засгийн газраас ипотекийн зээлийн хүүг бууруулах журам гаргахыг дэмжсэн. Өнгөрсөн долоо хоногийн хуралдаанд энэ асуудлыг оруулж ирсэн ч судлахаар буцаагаад байгаа” гэсэн тайлбарыг өгөв.

Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль батлагдсанаар орон сууцаа зээлээр авах боломжийг иргэдэд олголоо. Ингэснээр банкнууд дээр гацаад байсан 70 тэрбум төгрөгийн зээл эцэслэгдэж, бичиг баримтаа бүрдүүлээд банканд өгчихсөн байгаа 2,000 айл орон сууцтай болох боломжийг бүрдүүлж байна. 

Харин зээлийн хүүг бууруулах, хэнд, ямар нөхцөлөөр өгөх зэрэг нь Засгийн газраас батлах журмаар зохицуулагдах юм