Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

"100м.кв хүртэлх хэмжээтэй орон сууцыг таван хувийн хүүтэй зээлээр авах боломж нээгдсэн"

Г.Номин, iKon.mn
2016 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг

БХБЯ-ын сайд З.Баянсэлэнгэ Ипотекийн зээлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Үндсэн хуулийн  цэцийн шийдвэр гарсантай холбоотойгоор Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль хэрэгжих  боломжгүй гэж үзсэн учраас арилжааны банкууд орон сууц барьцаалсан найман хувийн хүүтэй зээлийг зогсоосон байгаа. 

Тиймээс Ипотекийн зээлийг үргэлжлүүлэхийн тулд Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль, Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, анхны хэлэлцүүлгээр батлах ажил үргэлжилж байна.

Нэмэлт өөрчлөлтөөр тухайн иргэн орон сууцаа шилжүүлэх буюу худалдаалахдаа банкнаасаа зөвшөөрөл авч, түрээслэх тохиолдолд заавал зөвшөөрөл авахгүй байя гэдэг дээр санал нэгдэж байгаа. Маргааш болох УИХ-ын ээлжит бус чуулганаар хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах байх.

Хууль эрх зүйн орчин орчин бүрдэж байгаа учраас арилжааны банкууд ипотекийн зээл гаргаж болно гэсэн үг. Үүнтэй холбогдуулан нэгдүгээр сарын 11-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар орон сууц барьцаалсан зээлийн журамд өөрчлөлт оруулж, зээлийн хүүг таван хувь болгосон.

100 м.кв хүртэлх хэмжээтэй орон сууцыг таван хувийн хүүтэй зээлээр авах боломж нээгдсэн.  100 м.кв-аас дээш хэмжээтэй орон сууц барьцаалсан зээл найман хувийн хүүтэйгээр олгогдоно.

Найман хувийн хүүтэй орон сууцны зээл авсан иргэдийн зээлийн хүү таван хувь руу шилжинэ.

Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль, Иргэний хуульд оруулах нэмэлт өөрчлөлт батлагдвал арилжааны банкууд, Монгол банктай хамтарч ажиллаад орон сууц барьцаалсан таван хувийн хүүтэй зээл олгогдох боломжтой. Түүнчлэн найман хувийн хүүтэй орон сууцны зээл авсан иргэдийн зээлийн хүү таван хувь руу шилжинэ.

Үүнийг сэтгэлийн хөөрлөөр ярьж байгаа юм биш. Эдийн засгийн тооцоо судалгаатайгаар зээлийн хүүг таван хувь болгох ажлыг хийж байгаа. Энэ асуудлаар арилжааны банкуудтай ч санал солилцсон. Арилжааны банкууд "Таван хувийн хүүтэй зээлийг гаргах боломжтой, эх үүсвэрийн асуудал, Монголбанктай хамтарч ажиллах тал дээр анхаарч ажиллаач ээ" гэж биднээс хүссэн.

Зээлийн хүү буурсантай холбоотойгоор орон сууцны үнэ нэмэгдэх вий гэсэн болгоомжлол байгаа. Салбарын яамны зүгээс орон сууцны компаниудаа өрийн сүлжээ, өндөр хүүтэй зээлийн дарамтаас гаргах зорилгоор худалдан авалтыг нэмэгдүүлэх шийдвэр гаргаж дэмжлээ. Тиймээс үүний хариуд ААН-үүд  маань төрөө дэмжиж, нийгмийн хариуцлагаа ухамсарлан, үнээ хөөрөгдөхгүй байгаач ээ л гэж хүсч байна" гэлээ.