Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Дараах 3 зорилгод хүрвэл насанд хүрсэнд тооцож болно гэж сэтгэл зүйч дүгнэжээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Сэтгэл зүйч Иенсен Арнетт хэдэн зуун хүнээс “та өөрийгөө насанд хүрсэн гэж үздэг үү?” гэсэн асуултыг асууж судалгаа хийжээ.

Хэдийгээр 18-29 насныхан физологийн хувьд нас биед хүрсэн байдаг ч нийгмийн хувьд насанд хүрээгүй байгаа мэт сэтгэгдэлтэй явдагаа янз бүрээр хариулсан байна. Судалгаанд оролцогчид нь Америкийн төрөл бүрийн гарал угсаатнууд (африк, латин, ази), мөн Аргентин, Хятад, Румынь, Швед, Австри, Израйль, Энэтхэг улсын иргэд байжээ.

Ингээд Клэрк Их сургуулийн сэтгэл зүйн судалгааны профессор Иенсен Арнетт өөрийгөө насанд хүрсэнд тооцоход хүргэх дараах гурван гол зорилгыг тодорхойлсон байна.

Сэтгэл зүйч энэ судалгааныхаа тухай өнгөрсөн онд хэвлүүлсэн “Emerging Adulthood: The Winding Road from the Late Teens Through the Twenties” номын хоёр дахь хэвлэлтэнд өгүүлжээ.

Эдгээр гурван зорилтыг хангаж чадвал хүн жинхнээсээ насанд хүрснээ мэдэрдэг гэнэ.

  • Хариуцлагаа өөрөө үүрдэг байх

Иенсений бичсэнээр “өөрийн үйлдлийн үр дагаврыг өөр хэнд ч биш, ялангуяа эцэг эхдээ биш, зөвхөн өөртөө үүрч чадах чадвар” бол нэг гол зорилт гэсэн байна.

Алдаа гаргавал түүнийхээ бурууг бусдаас хайлгүйгээр зөвхөн өөрөө шийдвэрлэдэг байх нь насанд хүрсэн хүний гол чанар гэжээ.

  • Бие даасан шийдвэр гаргах

Насанд хүрсэн хүний дараагийн нэг гол чанар бол бие дааж шийдвэр гаргах. Тодруулбал амьдралын гол асуудлуудад бусдын нөлөөгүйгээр бие даан шийдэл олох.

Жишээ нь

  • Ямар сургуульд сурах вэ?
  • Ямар ажил хийх вэ?
  • Хаана амьдрах вэ?
  • Хэнтэй хамт амьдрах вэ?
  • Хэнээс харилцаагаа таслах вэ? гэх мэт.

Энэ нь өөрийгөө олоход тус болдог гэж сэтгэлзүйч үзсэн байна.

Ялангуяа 30 насанд ойртох тусам ийм асуудлуудыг шийдвэрлэх хэрэгцээ улам бүр нэмэгдэж олон талаас дарамтанд ордог гэнэ.

  • Санхүүгийн эрх чөлөө

Насанд хүрсэн хүний гурав дахь хамгийн гол чанар бол өөрөө өөрийгөө тэжээх чадвар. Тухайлбал эдийн засгийн хүндрэлтэй байгаа, боловсролын зардал өндөр Америкт 18-34 насныхны 34 хувь нь эцэг эхтэйгээ амьдардаг гэсэн үр дүн 2015 оны байдлаар гарчээ. Орон оронд энэ нь харилцан адилгүй. Жишээ нь 2012 оны судалгаагаар насанд хүрсэн Италичуудын 31 хувь нь эцэг, эхтэйгээ амьдардаг гэсэн бол 18-29 насныхны 60 хувь нь өөрийн гэрт тусдаа амьдарч байгаа гэсэн байна. Харин 2013 оны байдлаар 15-34 насны Сингапурчуудын 97 хувь нь эцэг эхтэйгээ амьдардаг нь тэдний уламжлал, мөн түрээсийн байр өндөр үнэтэй байдагтай холбоотой гэж дүгнэжээ.

Иенсений дүгнэж байгаагаар эцэг эхтэйгээ амьдардаг залуус тав тух, амьдралын орчин нөхцөл нь дордох байсан ч бие дааж амьдрахыг илүүд үздэг. Хэрвээ хамт амьдарсаар байвал үүний цаана асар их тэвчээр нуугдаж байгаа гэж дүгнэсэн байна.

 

Эх сурвалж: Techinsider