Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Дөлгөөн: 2016 онд танд санал болгох 10 НОМ

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг

iKon.mn сайтын хүсэлтээр эдийн засагч Б.Дөлгөөн 2016 онд санал болгох 10 номыг товч тайлбарын хамт бидэнд илгээжээ. 

Түүний санал болгож буй номыг уншигчиддаа хүргэж байна.


Өрсөлдөгчдийн Баг
 

 

“Өрсөлдөгчдийн баг” номд АНУ-н 16 дахь Ерөнхийлөгч Абрахам Линколны улс төрийн амьдралыг хүүрнэн өгүүлдэг. Номд Абрахам Линколныг хэрхэн ерөнхийлөгч болсон, түүнийг ерөнхийлөгч байх хугацаандаа юу хийж амжуулсныг баримт нотолгоогоор үзүүлэхээс гадна бидний сонсож мэдээгүй зан чанар, хувь хүний дотоод хүч тэнхээг түүний амьдралтай холбон харуулж, тухайн үед оршин байсан орчин нөхцөлийг түүнтэй өмнө өрсөлдөж байгаад сүүлд түүний Засгийн газарт салбар хариуцсан явсан улс төрчдийн амьдралтай уялдуулан, хэзээ ч төсөөлж үл барам хүмүүсийн харьцааг шигтгээ зоож буй мэт дүрслэн харуулсан нь энэхүү номыг бурам мэт болгожээ.

Зохиолч Доррис Гүүдвэн энэхүү бүтээлээ туурвихын тулд бүхэл бүтэн 10 жилийг судалгаа хийж өнгөрүүлсэн аж. Тэрээр ийм их хугацааг зөвхөн ганц ном бичихэд зарцуулснаа тайлбарлахдаа Америк улсыг өнөөдрийн түвшинд хүргэхэд гол үүрэг гүйцэтгэсэн хүнийг бодитоор харуулахыг чин сэтгэлийн угаас зорисон учир цаг нар харамлаагүй юм гэж тайлбарласан удаатай. Өнөөдрийн Америк орныг бид Абрахам Линколнгүй төсөөлөхөд үнэхээр хэцүү. АНУ-н Ерөнхийлөгч Барак Обама уг номыг өөрийн ширээний ном гэж хэлж байсан бөгөөд өөрийн багаа бүрдүүлэхдээ хүртэл энэ номоос үлгэр жишээ авсан гэдэг.

Үнэндээ “Өрсөлдөгчдийн Баг” номыг бариад суухад үзэл бодлоороо өрсөлддөг биш, ашиг сонирхлоор хуваагддаг манай нийгэмд жинхэнэ удирдагч ямар хүн байх ёстой, үнэ цэнэ үзэл баримтлалаа хадгалж явна гэдэг яасан агуу хэрэг гэдгийг бага ч болтугай харуулсан гэдгээрээ зөвхөн улс төр ч биш, аливаа удирдагчийн ширээн дээр байх ёстой номын нэг юм уу гэлтэй сайхан бүтээл болсон санагдсан.

Монгол хэмээх нэг тогоонд буцалж буй өнөөгийн улс төрчид болоод ирээдүйд хөгжил цэцэглэлтийг нутагтаа авчрах эрхэм ажлын хүнд ачааг хамтдаа мөрлөнө хэмээн зориглон зүтгэх залуус бүгд энэ номыг барин сууж тунгаан уншваас ашиг хонжоо хайсан улс төрийн найраанд автаж бага багаар дасан уусах биш харин өөрчлөлт шинэчлэлтийн салхиар цэвэрлэнэ гэсэн сэтгэл байгаа л юм бол үнэт зүйлсээрээ нэгдэн нийлж, бие биенээ дэмжин тэтгэх замаар алсын хараатай алгуур мөртлөө цуцашгүй тэмүүллээр зүтгэх нь зорилгодоо хүрэх дөт зам гэдгийг энд хэлүүлэлтгүйгээр мэдрэх буй за.
Сүйрэл
 

 

Жэйред Даймондын “Сүйрэл” ном бол улс орон хөгжлийн шатандаа “юу хийхгүй” байх ёстой вэ гэдгийг түүхийн хүрднээс шүүн тунгааж, гарсан сургамжийг цагаан дээр хараар дурайтал зурчихсан гэж хэлэхэд хилсдэхгүй.

Алслагдмал газар хүмүүс суурьшиж, тусдаа гэсэн өөрсдийн нийгмийг цогцлоосон боловч эцэстээ сүйрч алга болсон жишээн дээр ном голчлон тулгуурлаж, энгийн хүний олж хараагүй хүчин зүйлсийг дүн шинжилгээтэй өгүүлж байгаагаараа онцлог. Үүнийг хэн ч уншсан маш сонирхолтой байх ба бидний өнөөгийн нийгэмд ч гэсэн буулган авах зүйл их бий.

Өнөөдөр 40-н сая малын даацтай нутагт 56 гаруй сая мал бэлчиж байгаа, өвөл болгон утаан хөшгөөр Туулын хөндийг дүүргэдэг гэж бодохоор бүхий л салбартаа дорвитой шинэчлэлт хийхгүй л бол махаа ч гаднаас авч, эмчилгээний зардалдаа туйлдаж доройтох аюул нүүрлэх вий. Мэдээж уг номд сайн муу бүгд бий тул авах гээхийн ухаанаар хандаж унших явцдаа салбар бүрийн мэргэжилтнүүд өөр өөрийн дүгнэлтийг хийх буй за. Муу бүхэн миний Монголыг холуур тойрч өнгөрөг!

Дэн Сяопинг ба Хятадын өөрчлөлт шинэчлэлт
 

 

Хенри Киссенжир “Хятад Улс” номдоо “Хятад хүний нэгэн гойд чанар бол нийгэм нь хүмүүстээ хэр их зовлон зүдүүр амсуулж, шударга бус хандаж байлаа ч тэд олноороо өөрийн нийгмээ цогцлоон хөгжүүлэх хүслээ хадгалан үлддэг явдал юм” гэж бичсэн нь цаанааа Дэн Сяопинг бодож байгаад буулгасан гэлтэй.

Хэдийгээр Дэн Сяопинг 20 настайдаа Хятадын Хувьсгалт Намд элсэж, 23-тайдаа армид орсон ч гэлээ, нийгмийн ороо бусгаа цагт улс төрийн эрх мэдлийн төлөөх тэмцэл хэнийг ч хайрлахгүй цавчдаг тул тэрээр “эсэргүү” нэрээр гурван удаа бангадуулж, тухай бүр ямар нэг байдлаар “цөллөгдөж” тэргүүлэгч эгнээнээс тосгоны үйлдвэрийн мэргэжилтэн хүртэл бууж байсан удаатай.

Эхний хүүхдээ анхны эхнэртэйгээ алдаж, хувьсгалын эсэргүүгээр цоллуулсан тул хүүг нь 4-н давхар байшингийн дээрээс “улаан хувьсгалчид” шидсэнээс болоод суумгай болсон гээд Дэнд тохиолдоогүй зовлон ховор.

Хэдийгээр хүнд хэцүү байдалд орсон ч гэлээ тэрээр хэзээ ч Хятад улсыг орхин амар амгалан хөгжилтэй улсад цагаачилж, сайн сайхан амьдрая гээд чемоданаа багласан удаа байхгүй.

Хятад улс өнөөгийн түвшинд хүртэл түүчээлэн хөгжиж, сүүлийн 30 жилд 500 сая хүнийг ядуурлаас гаргаж, Форбес 500 компаний 490 гаруй нь Хятадад судалгаа шинжилгээний хүрээлэнгээ байгуулах хүртэл дэвжиж байгаа нь Дэн Сяопинг гэдэг энэ эрхэмтэй салшгүй холбоотой. Харвардын Их Сургуулийн профессор Эзра Вогелийн энэхүү ном нь Дэнгийн амьдрал Хятадын шинэчлэлтэй хэрхэн холбоотойг тольдон буулгасан бүтээл болжээ.

Карамазовын хөвгүүд
 

 

Хүн алив зүйлийг хоёр зорилгоор уншдаг. Эхний зорилго бол мэдээлэл авах бөгөөд хүн шинээр мэдээлэл авч, мэдлэгээ баяжуулж, өөрийн мэддэг зүйлээ баталгаажуулдаг. Харин хоёр дахь зорилго болох өөрийн тань дотор байгаа “зөн совингоор өмнө мэдэрсэн” тэр зүйлийг илүү бодиттой хэлбэрт оруулдаг.

Нэг ёсондоо мэдэрч байгаа хэрнээ яг юу гэдгийг хэлж чадахгүй байсан тэр зүйлсийг “аанха ийм байсан юм бий” гэдэг дүрсэнд буулгаж бэхжүүлдэг гэх үү дээ.

Карамазовын хөвгүүдийг уншихад зөвхөн уран зохиолын ертөнцөд аялахаасаа гадна ийм зөн совингоор мэдэрсэн зүйлээ нээн илрүүлэх болов уу гэж бодож байна.

Номд Алёша өөрийн лам багш Зосимаг алдахад түүний зүрхэнд хурсан уй гашуу бүхий л мэдрэмжийг залгин улмаар тухайн мөчид элэг зүрхэнд төрсөн тэр л сэтгэгдэл, тэр л мэдрэмж түүний ирээдүйн амьдралын туршид бусад муу муухай, бузар булай, зовлон зүдүүр тэр байтугай инээд хөөр, баяр баясал аливаа зүйлээс хамгаалах бамбай болж чадна гэдгийг тэр өөрөө л бодохыг хичээсэн бол мэдэх байлаа гэж гардгийг уншаад надад ч бас ийм үгээр илэрхийлж үсгээр буулгахад хэцүү мөч байсан юм байна ш дээ гэсэн бодлын оч харвасан юм.

Үүнтэй адил мөртүүд номоор дүүрэн зурайна. Нэгэн цагт Данко зүрхээ сугалж урдах замаа гэрэлтүүлсэн шиг Карамазовын хөвгүүд бидэнд хүн гэдэг амьтны дотоод сэтгэл, мөн чанар руу өнгийж байгаад алив чи энийг нэг хараад аль, хүн гэдэг чинь ийм өчүүхэн амьтан байсан юм, гэхдээ ийм агуу амьтан бас байсан юм ш дээ гээд хэлээд өгөх шиг. Достоевский өөрөө хүртэл нэгэн удаа “Бид бүгдээрээ нэг ч хүн алгасалгүйгээр Феодор Павловичид шүү дээ” гэж уухай алдсан байдаг.

Тахлын үеэрх хайр дурлал
 

 

Хайр дурлал бол хүн төрөлхтний мөнхийн сэдэв яалт ч үгүй мөн. Хүн төрөлхтөн анх үүсэхэд хайр дурлал байж л байсан, харин хүн үүсэхээс өмнө хайр дурлал ямар гээчийн хохирогч гарч ирэх нь вэ гээд хүлээгээд сууж байсан юм.

Хайр дурлалаар жигүүр хийн нисээгүй, тэр нь бүтэлгүйтэж дээд тэнгэрээс Икарус шиг унахдаа дурлалын галд түлэгдэж шархлаагүй зүрх гэж хорвоо ертөнц дээр тун цөөн.

Мэдсэн ч, мэдээгүй ч нэгэнтээ тэр Аморын суманд өртсөн л бол арван тамын хэдийг нь давдгийг бүү мэд, ямартай ч зовлон, жаргал гэж юу байдгийг зах зухаас мэдэрч хэдэнтээ дотор бие өмхөрч хэдэнтээ сэхэж дэлбээлдэг. Энэ ном бидэнд эдгээр бүхий л үйл явцыг зөвхөн уншигч авхайн гуравдагч байр суурьнаас харах боломжийг олгохоос гадна утга уянгын яруу бүүвэйнд өлгийдөж сэтгэлийн болоод оюуны таашаалыг өгөх буй за. Номд “Хүн хайр дурлалд умбахад биеийн болон сэтгэлзүйн тамир ихээхэн доройтдог.

Хэрэв хайр биш байсан бол гарцаагүй эмчлүүлэх нөхцөл байдалд ордог” гэж гардаг нь амьдрал дээр хэчнээн үнэн бэ. Даанч энэ өвчнөөр өвдөгсөд, даа ялангуяа өрөөсгөл дурлалтай учирсан бол эдгэхийн хүслэн болж байдаг ч гэлээ, эрүүл болж тэнхэрчхээд дахин өвчлөхийг хүсдэг ийм парадокс гарцаагүй байдаг юм шиг. Тиймээ, “миний чамд хэр их хайртайг зөвхөн бурхан л гадарлана” гэж хэлэх тэр мөчид ямар мэдрэмж төрдгийг чимхийн төдий ч гэлээ энэ номоос дахин авч чадах болов уу гэж мөхөс би мунхагланам.

Selfish Gene
 

 

Энэ номын нэрийг Монгол хэлнээ буулгаваас “Амиа Бодсон Ген” гэх биз. Хүн анх ухаан орсон цагаасаа л энэ амьдралын утга учрыг эрэлхийлсээр ирсэн, одоо ч гэсэн хүн бүрийн сэтгэлд нийцэхүйц хариултыг олоогүй л явна. Тэгвэл Ричард Давкинсийн бараг 40-н жилийн өмнө туурвисан энэхүү бүтээл “сонгодог” ангилалд аль хэдийн орсон бөгөөд бидний амьдралын утга учрыг эрэлхийлэх замд бага ч атугай дэм үзүүлж, тус болдоггүй юм гэхэд харах өнцгийг тэлж өгөх болов уу.

Дарвины эволюци буюу хувьслын онол гарсан цагаас эхлэн бидний ертөнцийг харах үзэл өөрчлөгдсөн төдийгүй байгалийн шалгарал гэдэг ойлголт өнөөгийн орчин үеийн хүний бодол сэтгэлгээний нэгээхэн хэсэг болсон. Бүх зүйл хувьсан өөрчлөгдөж байдаг орчлон ертөнц дээр үхэшгүй мөнхийн гэдэг зөвхөн үлгэрт л гардаг мэт санагдана. Гэвч бидний оршихуйн үндэс ген маань мөнхийн байгаад, энэ бүгдийг агуулсан бодит төлөөлөл болох таны бие генийнхээ түр хугацааны гэр орон юм гэвэл танд ямар сэтгэгдэл төрж байна вэ?

Зохиолч номоо арван жилээсээ хойш биологи үзээгүй нэгэн ч уншаад ойлгохоор энгийн үгээр бичжээ. Энэ мэт шинжлэх ухааны үндэс суурьтай бүтээлүүд ихээр гарч ирэн “хэрхэн баяжих вэ”, “яаж дараачийн Чингисээр тодрох вэ”, “хэдэн удаа хэнгэрэг нүдвэл зохилтой вэ” зэрэг бүтээлийг массын зах зээл дээрээс түрэн шахваас манай нийгэмд мухар сүсэг чимээгүй тахал мэт тархуузай хэмээн эмээж буй үндэстний сэхээтнүүд маань бага ч атугай тайвшрах вий.

Дипломат Үйл Ажил

 

 

 

Зохиогч Хенри Киссенжер  бол олон улсад танигдсан мэргэжлийн дипломатч хүн бөгөөд “Дипломат Үйл Ажил”, “Хятад”, “Дэлхийн Дэглэм” зэрэг хэд хэдэн ном гаргаснаас “Дипломат Үйл Ажил” бол түүнийг дэлхийн дайдад таниулж, хүндлэлийн зохих оргилд хүргэсэн бүтээл гэж хэлж болно. Киссенжер гуай АНУ-н Төрийн Департаментийн сайд зэрэг өндөр албан тушаал эрхэлж, АНУ-н бодлогыг боловсруулалтаас эхлээд хэрэгжүүлж дуусах бүх шатны түвшинд ямар нэг байдлаар ажиллаж, зааварлаж, боловсруулж, удирдаж ирсэн төрийн түшээ хүн. 1970-д онд Ерөнхийлөгч Никсоны тусгай элчээр ажиллаж, АНУ болон БНХАУ-ын харилцааг дахин сайжруулж өнөөгийн түвшинд гаргахад гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг гээд яривал түүний хийсэн гавьяа, бүтээсэн ажил энд бичиж дуусахгүй биз.

“Урт хугацааны чиг хандлагыг мэдрэхээс илүүтэй зөвхөн өнөө маргаашийн хямралын шинж тэмдгийг олж хардаг удирдагчийг олон нийт яваандаа үл тоомсорлож эхэлдэг. Удирдагч хүний гол үүрэг бол нөхцөл байдлын өрнөлд болон эдгээрт хэрхэн нөлөөлж болох талаар өөрийн гэсэн дүгнэлт хийж, үүнийгээ зөв гэдэгт итгэл үнэмшилтэйгээр шийдвэр гарган, хариуцлагаа хүлээх байдаг” гэж энэ номд гардаг нь үнэндээ өнөөгийн Монголын нийгэмд ч тулгарч буй бэрхшээлийг томьёолоод өгчих шиг. Энэхүү оюуны ундаргаас хэр хэмжээгээр хүртэхийг гагцхүү бидний ухааны сав мэдэх буй за.  

Ницшегийн Бүтээлийн түүвэр
 

 

Ницше гэдэг хүний талаар анх 8 дугаар ангидаа бүтээлээр нь дамжуулж танилцаж байж билээ. Тухайн үед Заратустрагийн бурхан байхгүй талаар өгүүлэх өгүүллийг нь уншаад яаж ингэж хэлж чаддаг байна гэж гайхаж байсан удаатай. Мод өндөр ургах тусмаа үндэс нь гүн ургаж, гүн орох тусам газрын доор буй муу муухай рүү тэр хэмжээгээр хутгалддаг гэсэн ишлэл нь одоо болтол санаанаас гардаггүй. Түүний олон бүтээлийн түүврийг нэгтгэсэн Портабль Ницше ном бол миний ширээний номын нэг. Ницшегийн бүтээлийг олон хүн орчуулсан байдгаас утга санааг алдагдуулалгүй, бүрэн буулгасан нь Валтер Кауфманы орчуулга гэж ярьдаг юм байна лээ.

Хятадыг 1 цагт
 

 

Монголын эдийн засаг өмнө ОХУ-с хамааралтай байсан бол сүүлийн 25 жилийн хугацаанд Хятадаас хамааралтай болжээ. Экспортын 90%, импортын 30-аад хувийг урд хөршөөс бид өгч авдаг болоод хэдэн жил боллоо. Гэтэл Хятадын эдийн засагт болж байгаа өөрчлөлт түүхий эдийн үнийн өөрчлөлтөөр дамжин Монголд нөлөөлж улмаар экпортлож буй бүтээгдэхүүний хэмжээ хэвээр байвч, орж ирж буй мөнгөн дүн багасч, Хятадад экспортолно гэсэн хүлээлтэд үндэслэж Монголд хөрөнгө оруулж байсан урсгал зогссоноор манай эдийн засагт хямралын дохио хангиналаа. Бид мөнхийн хөршийнхөө эдийн засагт юу болж байгааг сонирхохгүй байхын аргагүйд хүрсэн гэвэл нээх буруудахгүй байх.

Тэгвэл Хятадын эдийн засагт гарч буй 6 том өөрчлөлтийг хэн ч ойлгохоор хялбархан бөгөөд тоо баримтад тулгуурлан буулгаж, тухай бүр төсөөлөл өгөхөөр зураг хавсаргасан нь энэхүү номыг энгийн иргэд болоод бизнесийнхэнд туйлын тохиромжтой болгосон байна. Хятадыг нэг цагт уншаад ойлгоно гэж хэзээ ч байхгүй боловч та эндээс урд хөршид гарч буй томоохон өөрчлөлт хандлагуудыг 1 цагийн дотор төвөггүй ойлгох буй за.

Мөхөшгүй Найдварын Гал
 

 

“Та маш их амбицитай байж болно, гэхдээ таны мэдлэг чадвар, оюун ухаан тань таны амбицитай дүйцэхүйц өндөр байж чадаж байна уу гэдгийг байнга өөрөөсөө асууж бай” гэж нэгэн ухаантан хэлсэн байдаг. Өнөөдөр дэлхийн хамгийн нөлөө бүхий улсын Ерөнхийлөгч болж чадсан тэрбээр энэ өндөрлөгт хүрэхдээ итгэл үнэмшлээ хэрхэн бүрэлдүүлж, хэрхэн бие хүн болж төлөвшин, хэрхэн өөрийгөө бэлдэж, яаж гарч ирсэн бэ гэсэн асуултын хариуг эндээс эрэлхийлж болно. Уг номд түүний бодол хэрхэн задарч, үнэт зүйл хэрхэн бүрэлдэж, улс төрийн тогоонд анх яахан буцалж, гутарч гуньж, баярлаж хөөрч байсан үеүд буужээ. Тэрээр элдэв асуудалд орооцолдож, муу нэр зүүж, луу дансанд бичигдэх аюулаас яахан зайлсхийж явсныг мөн үнэт зүйлээ хамгаалахын тулд хэрхэн нэгдэж байгааг, үзэл баримтлал дээрээ хаана буулт хийж, хэдийд нь дайтахад ч бэлэн болдгоо өгүүлсэн.

Миний хувьд АНУ-н Ерөнхийлөгч Барак Обаматай хэзээ ч уулзаж байгаагүй ч, надад тэрээр улс төрч гэхээс илүү манлайлагч санагддаг. Тэрээр ард иргэдийнхээ үүрч яваа ачааг аль ч улс төрчөөс илүү ойлгож, тэдэнтэй хамаагүй ойр байж чаддаг явдал нь намайг түүнийг ихээхэн хүндлэхэд хүргэдэг байх. Тиймдээ ч түүний туурвисан энэхүү “Мөхөшгүй Найдварын Гал” номыг журмын андуудтай хамтдаа Монгол хэлнээ чадан ядан буулгаж уншигч олны мэлмийд 2009 онд хүргэж байсан удаатай.

2016 онд эх оронд маань УИХ-ын болоод орон нутгийн сонгуулиуд болж, улсын маань дараагийн 8 жилийн ерөнхий дүр зураг тодрохоор байна. Энэхүү дүр зургийг Монгол улсын насанд хүрсэн иргэн бүр тодруулалцана. Өнгөрсөн хугацаанд төрөөс олон тэрбумтан төрж, дарга нар тэрбумын наймаа үсэргэж байхад насаараа ажилласан эмч нар 8 хувийн зээлд урьдчилгаа төлөх мөнгөгүй сууж байгаа энэ байдлаа өөрчлөхөд хамгийн чухал алхам бол төрийн түшээдээ сонгохдоо нүдээ олж шийдэх юм.

Энэхүү шийдвэрт тань бага ч атугай хувь нэмэр болоосой гэсэн сэтгэлээр энэхүү номыг санал болгож байна. Нөгөөтэйгүүр бид бүгд улс орноороо өнгөрсөн түүхээ хангалттай ярилаа, гадаад дотоодод зарж идлээ харин одоо гайхам түүх бүтээж иргэдээ сайхан амьдрах орчинг хамтдаа байгуулах тийм манлайлагч бидэнд хэрэгтэй байгаа нь бодит үнэн. Итгэл үнэмшилдээ үнэнч, ямар ч үнээр зарахгүй өөрийн гэсэн үнэт зүйлтэй ирээдүйн манлайлагч танд урдах зам нь дардан байг хэмээн энэхүү номыг барьюу.