Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Ю.Цэдэнбал агсны хүү болон ач охин Монголд амьдрах эрхээ эдэлж чадахгүй байна"

Э.Лхамзаяа, iKon.mn
2015 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг

"Ю.Цэдэнбал академи" болон академийн дэргэдэх Ю.Цэдэнбалын Гал голомт хөдөлгөөний холбогдох хүмүүс өнөөдөр мэдээлэл хийлээ.

"Ю.Цэдэнбал академи"-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч Ц.Жамбалсүрэн "Ирэх жил Монгол Улсын хөгжил дэвшилд томоохон нөлөө үзүүлсэн Ю.Цэдэнбалын 100 жилийн ой болно. Бид үүнтэй холбогдуулж, УИХ-д түүний нэр төрийг сэргээх, 100 жилийн ойг тэмдэглэх талаар хүсэлт гаргасан. Одоогоор сүүлчийн хэлэлцүүлэг хийгдэж байна.

100 жилийн ой гэдэг бол Монголын ард түмний эв нэгдэл, шударга ёсны бэлэг тэмдэг болсон баяр болно. Энэ ойн үеэр нийт ард түмнийгээ ахмад үеэ хүндэтгэж, шударга ёсыг эрхэмлэж, түүхээ үнэн зөвөөр ярьж тэмдэглээсэй гэж хүсч байна. Түүнчлэн ойг тэмдэглэхэд нийт ард түмэн, албан байгууллагуудыг бидэнтэй хамтарч ажиллах байх гэж найдаж байна" гэлээ.

"Ю.Цэдэнбал академи", Гал голомт хөдөлгөөний тэргүүн Б.Бат-Амгалан "Манай академи болон хөдөлгөөн маань байгуулагдсан цагаасаа Ю.Цэдэнбалын агсны хүний эрх эдлэх, тэтгэвэр тэтгэмж авах, нэр төрийг нь сэргээх гэх мэт асуудлуудыг холбогдох хүмүүсээс хүсч ирсэн. Өнөөг хүртэл энэ талаар үндэслэлгүй ташаа мэдээллийг холбогдох хүмүүс хэлж байгаа учраас бид мэдээлэл хийж байна. 

1984 онд Ю.Цэдэнбал агсныг ЗХУ-ын  эмч нарын тодорхойлолтоор "Эрүүл мэндийн байдал муу, ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон" гэсэн шалтгаанаар Москвад гэрийн хорионд оруулж, хугацаагүй цөллөгт явуулсан. 1990 оны 3 дугаар сарын 14-ны МАХН-ын хурлаар Ю.Цэдэнбалыг намаасаа хөөсөн. Дараа нь бүхий л шагнал, цолыг хүчингүй болгосон.

Бид тухайн үед намаас хөөсөн, шагналуудын хураасан, цөллөгт явуулсан гэх мэт гаргасан шийдвэрүүдээ холбогдох хүмүүс нь буцааж, нэр төрийг нь сэргээх, хүний эрхийг нь эдлүүлэх, мөн гэр бүл, үр хүүхдүүдээс нь уучлалт гуйхыг шаардаж байна. Харин дараа нь 100 жилийн ойг тэмдэглэж болно. Мөн түүний хэрэглэж байсан эд хогшил болон шагнал урамшууллыг олгох талаар бид асуудал дэвшүүлнэ. Тиймээс эхлээд 100 жилийн ойг ярих биш, түүний эрх эдлэх, нэр төрийг нь сэргээх асуудлыг шийдвэрлэхийг УИХ-аас хүсч байна. Харин Засгийн Газар бол 100 жилийн ойг хэлэлцэх учиртай. 

Эдгээр асуудлууд гагцхүү Ю.Цэдэнбал агсан биш түүний гэр бүл болон үр хүүхдүүдийн хувь заяаг өнөөдрийг хүртэл хар бараан болгож байна. Одоо Москвад түүний хүү болон ач охин нь амьдарч байгаа. Гэвч тэд Монгол Улсын иргэншлийг авах, Монгол амьдрах эрхээ эдэлж чадахгүй байна" гэв.