Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

М.Батбаатар: Барилгын салбартай хамт банк унана

Б.Заяа, Зууны мэдээ
2015 оны 12 сарын 17
Зууны мэдээ
Зураг зураг

Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатартай ярилцлаа.

-Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс болж арилжааны банкууд ипотекийн найман хувийн зээлийг зогсоочихлоо. Энэ үйл явдал зөвхөн барилгынханд биш ард түмэнд хүнд цохилт боллоо?

-Энэ онд барилгын салбарт хямралыг бага, багаар мэдрүүлсэн олон алхам хийгдлээ. Барилгын, ялангуяа Монголын барилгачдын холбооны гишүүн байгууллага болох ерөнхий болон туслан гүйцэтгэгч компаниуд тендерт шалгарч гүйцэтгэсэн ажлынхаа үлдэгдэл санхүүжилтийг 1-2 жилийн хугацаанд авч чадахгүй байгаагаас банк санхүүгийн өрөнд баригдаж, хүүгийн хүүгийн зээлд ороогдох хүнд сорилттой тулгарсан. Найман хувийн ипотекийн зээлийг арилжааны банкууд зогсоочихлоо. 

 Найман хувийн ипотекийн зээлийг арилжааны банкууд зогсоочихлоо. 

Хамгийн сүүлчийн найдварын гал дээр ус асгачихлаа. Нөхцөл байдал маш хүнд байна. Орон нутгаас манай холбооны гишүүн барилгачид холбогдсоор байна. Яах юм бэ, Барилгачдын холбоо үгээ хэлээч, арилжааны банкууд барилгын салбар дээр тоглоод дууслаа гэж.

Үнэнээ хэлэхэд би ч гэсэн хэлэх үггүй сууна. Бидний үгийг тоож сонсох тэнхээтэй яам, Тамгын газар, улстөрч ч алга. Бүгд пайнагт орно гэдэг шиг яахаа мэдэхээ байчихлаа. Энэ бол он удаан жил барилгын салбарт үүссэн асуудлыг шийдэхгүй байсаар бий болсон цохилт.

-Орон сууцны үнэ унасаар байна. Гэсэн ч захиалагчид хангалтгүй байгааг судалгаанууд харуулж байна?

-Барилгын салбар унахаар хүмүүс тоохгүй байх шиг байна. Гэтэл энэ салбарыг унагаавал бусад бүх салбар татагдаад ойчино. Хамгийн түрүүнд банкны салбар өөрөө унана. Барилгынхныг өнгөтэй, өөдтэй байхад нь өндөр хүүтэй зээл өгч байсан банкууд өнөөдөр жаахан ядарч явахад хүнлэг сэтгэл гаргах ёстой.

-Барилгын салбарт тулгамдсан асуудлыг шийдэхгүй байсаар ийм байдалд хүрсэн гэлээ. Энэ талаар тодруулаач?

-Тендерийн хуульд өөрчлөлт оруул гэдэг асуудлыг сүүлийн гурав, дөрвөн жил барилгын салбарынхан ярьж ирсэн. Эхний 30 хувийг өөрийн хөрөнгөөр, 60 хувийг банкны зээлээр хийж байж эхний санхүүжилтийг өгнө гэдэг заалтаас болж барилгын салбарынхан сүйрч байна. Үүнийг өөрчлөөгүйгээс болж барилгынхан банкны зээлд ороогдчихлоо. 

Хоёрдугаарт, орон сууцны санхүүжилтийн хэлбэрийг энгийнээр шийдээд яваад байсан. Арилжааны банк найман хувийн хүүтэй зээл өгөөд, илүү гарсан хүүг нь Засаг даагаад, арилжааны банкуудтай тохиролцоод болох юм шиг бодсоор ирсэн. Та бүхэн мэдэж байгаа.

2000 оноос хойш Орон сууцны хөтөлбөр боловсруулж байхад орон сууцаар барьцаалсан буюу үл хөдлөх хөрөнгөөр барьцаалсан үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлээч гэж шаардаж байсан. Хоёр зах зээлийг хооронд нь хольсны уршгаар сая ингээд ганц удаад Цэцийн дүгнэлт гарахад арилжааны банкууд нүүр буруулж байна.

-Одоо энэ байдлаас хэрхэн гарах вэ. Ипотекийн зээлтэй, зээл авахаар хөөцөлдөж байсан олон мянган иргэн яах учраа олохгүй байгаа. Таны ярьснаар хоёрдогч зах зээлийг бий болгох боломжтой юу?

-Нэгэнт байдал ийм болчихсон хойно найман хувиа сэргээх нь гарцаагүй. Цохилт өгсөн дээр нь бүгд эрүүл ухаанаар сэтгэж санхүүжилтийн механизм ямар хэлбэртэй байх ёстойг шийдэх хэрэгтэй.

Найман хувийн ипотекийн зээл бол үнэт цаасны анхдагч зах зээл юм. Арилжааны банк, иргэд, барилгын гүйцэтгэгч байгууллага гурав хоорондоо сүлжээнд орж нэг нь барилгаа барихад нь зээл өгч, нөгөөх нь худалдаж авахад нь зээл өгөх маягаар арилжааны банк анхдагч зах зээл дээр тоглож байгаа. Анхдагч зах зээл дээр өнөөдрийн байдлаар 70 гаруй мянган хүн орон сууцанд ороод нэг их наяд гаруй төгрөгийн богинын зээлийн сүлжээ үүсчихсэн байна.

Арилжааны банкууд эх үүсвэргүй болчихсон байхад сангууд эх үүсвэртэй гэдэгт итгэхгүй байна.

Үүнийг өрийн бичиг болгож банкуудаас салгаж аваад орон сууцаар барьцаалсан үнэт цаас болгоод гадаад зах зээл дээр гаргах хэрэгтэй. Ард иргэдийн орон сууц дээр барьцаалсан үнэт цаас хамгийн баталгаатай.

Түүн дээр нь Засгийн газар жаахан баталгаа нэмж өгөөд гадаад зах зээл дээр гаргаад дөрвөн хувийн хүүтэй 30 жилийн хугацаатай зээл оруулж ирээд цааш чөлөөтэй явах ёстой. Тэр зээлийг хоёр жилийн өмнө оруулчихсан бол өнөөдөр найман хувийг арилжааны банкууд хэчнээн хаагаад зогсоосон ч хоёрдогч зах зээл ажиллаад явах байсан.

-Манайх дотооддоо хоёрдогч зах зээлийг бий болгоно гэж байгаа шүү дээ?

-ТОСК, Засгийн газар дотооддоо хоёрдогч зах зээл гаргана гэж яриад байгаа юм. Тэтгэврийн сан, хадгаламж, нийгмийн даатгалын санг ухаж төнхөнө гэсэн. Тэнд 500 сая эсвэл 200-300 тэрбум төгрөгийн дотор л эргэлдэнэ. Нэг халаасаа ухаад нөгөө халаасдаа хийж байна гэсэн үг. Арилжааны банкууд эх үүсвэргүй болчихсон байхад сангууд эх үүсвэртэй гэдэгт итгэхгүй байна. Гадаад зах зээл рүү гаргах хэрэгтэй.

Зураг