Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

Чингис гэдэг чинь од юм уу

Б.Өнөртогтох
2015 оны 12 сарын 9
Монголын мэдээ
Зураг зураг

Эцэг эхчүүд хүүхдээ хөтлөн гадуур явж харагдвал өнөөдөр амралтын өдөр юм байна гэж анх мэддэг байсан талаараа Японд сурч буй Монгол оюутан хуучлав.

Японд зуны амралт, өвлийн амралт гэж байдаггүй ч сардаа 3-4 удаа бүх нийтийн амралтын өдөр тохиодог бөгөөд борооны, халууны гэсэн долоо долоо хоногийн амралт л байдаг аж. Энд амралтынх нь талаар бичих гэсэнгүй. Харин тэдгээр амралтын өдрүүдийг эцэг эхчүүд нь хүүхэддээ зориулдаг тухай бичих гээд байна. 

Амралтын өдрийг япончууд гэртээ зурагт үзэж, эсвэл өдөржин унтаж өнгөрөөхийг хүсдэггүй аж.

Амралтын өдрийг япончууд гэртээ зурагт үзэж, эсвэл өдөржин унтаж өнгөрөөхийг хүсдэггүй аж. Харин энэ өдрөө гэр бүлдээ, тэр тусмаа үр хүүхэддээ цаг гаргах өдөр гэж үзэн гадуур дагуулан явж түүхэн дурсгалт газар, үндэснийхээ ёс заншил, үүх түүхтэй танилцах өдөр болгон өнгөрүүлдэг гэнэ.

Хятад, Солонгост ч ялгаа байхгүй. Сургуулийн өмнөх боловсрол, бага дунд боловсролын салбарын хичээлийн программд ахуйтай, үүх түүх соёлтойгоо танилцах тухай багтсан байдаг аж. 

БНСУ-д та гадуур явахдаа нэг ижил цүнх, хувцсаар гангарсан цэцэрлэгийн жаалууд сүм дуган, түүхэн дурсгалт газраар аялж явахыг өдөр бүр харна. Багш нартайгаа хөтлөлцөн элдвийг шалгааж яваа энэ дүр зураг бараг л хэвийн үзэгдэл болсон. Харин манайд тийм зүйл алга.

Тэр тусмаа орчлонг таньж яваа балчир ухаанд нь тугал, хурга, нохойн гөлөг ялгах ухаан суугаагүй байгаа. Тугал мөөрөхийг сонссон цэцэрлэгийн жаал “поох гөлөг” хэмээн дуу алдаж байсан тухай эцэг эх нь инээд хөөр болгон ярих. Ухаандаа бол, хүүхдээ монгол ахуйгаас нь ийм хол хөндий өсгөж байгаадаа ичих учиртай бус уу. 

Хэдийгээр цэцэрлэгийн багш нар нь зураг харуулаад энэ нь тийм амьтан гэж нэрлэж, цээжлүүлдэг ч цэцэрлэгт явдаг жаалууд өдрийг өнжин дөрвөн хананы дунд хятадын эрээн мяраан тоглоомтой нөхөрлөсөөр орой гэртээ харьдаг нь худлаа биш. Бага ангийн сурагчид ч ялгаагүй. Хаа нэгхэн идэвхтэй гэж хэлж болох багш байгалийн түүхийн музей зэрэг түүхэн дурсгалт газраар дагуулж явдаг ч сургуулийн нэгдсэн автобус байхгүйгээс тийм боломж бараг л гарахгүй. 

 Цементэн шалнаас өөр амьдрал үзээгүй хүүхдүүд хөгжиж буй орнуудад олон бий.

Ингээд л өдрийг өдөржин дөрвөн ханан дунд хашч суулгаад болсон болоогүй тоо бодуулж, цээж бичиг хийлгэдэг. Харин түүний үр дүнд тугал хурганыхаа майлах дууг ялгахгүй нийгмийн хэсэг бүлэг бий болж байгаа юм.

Өчигдөрхөн Увс аймгийн нэгэн цэцэрлэгийн багш хүүхдүүдээ хөдөө малчны хотонд авч очоод тэмээ гэж юу болох яаж дуугардаг, хонь хурга, ямаа ишиг, үнээ тугалны талаар нэг бүрчлэн зааж тайлбарлаж байх аж. Багш хүн ийм л байх учиртай. Номноос унших гэхийн оронд орчинд нь очиж тайлбарлавал хүүхэд амархан ойлгоно. 

Тэр тусмаа хавар намрын налгар үеэр цэцэрлэгийн хүүхдүүдийг эцэг эхийнх нь хараа хяналттай ойрхон хөдөө авч яваад ахуйтай танилцуулах боломж манайд бүрэн бий. Нэг өдрийг үр хүүхэддээ зориулаад амралтын хоёр өдрийнхөө нэг өдрийг нь хүүхдийнхээ мэдлэгийн төлөө зарцуулж яагаад болохгүй гэж.

Ядахдаа л эх орныхоо түүхэн дурсгалт газраар үр хүүхдээ дагуулж явдаг болъё, эцэг эхчүүд минь. Ингэж байж л бид “Чингис гэдэг чинь од юм уу” гэж асуудаг өчүүхэн сэтгэлгээтэй өсвөр үеийг бэлтгэхгүй болно. Хөгжингүй орнуудаас хөгжиж буй орны ялгарах нэг давуу тал байдаг юм гэнэ билээ. 

Тэр нь үсрэнгүй хөгжлийн үедээ алдсан алдаа болон олсон давуу талаас нь суралцах явдал. Цементэн шалнаас өөр амьдрал үзээгүй хүүхдүүд хөгжиж буй орнуудад олон бий. Гэвч тэд жижигхэн ч гэсэн бахархах түүхтэй улс юм шүү гэдгээ үр хүүхэддээ ойлгуулах гэж тэгтлээ их хичээж байгааг дээрх жишээ харууллаа. Бидэнд асар том түүх бий.

Монгол ахуй, Монгол уламжлал, ёс заншил бол, дуу хуур гээд дундрашгүй өв түүхтэй. Үүнийг багаас нь ойлгуулж, амралтынхаа өдрийг зурагтын удирдлагатай биш үр хүүхэдтэйгээ өнгөрүүлж, үндэсний дуу бүжиг үзүүлж харуулж байя. Хүүхэддээ цаг гаргах гэдэг чинь удирдлагатай тоглоом тоглуулж, орчуулгагүй кино театрт үзүүлэхийг хэлдэггүй юм.

Зураг