Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэл хүрээн дэх ЦЭРГИЙН ХУАРАН

МОНСУДАР
2015 оны 11 сарын 27
www.ikon.mn
Зураг зураг

1911 онд Монголчууд тусгаар тогтнолоо зарласны дараагаар өөрийн тусгаар тогтнолоо Хаант Орос улсаар хүлээн зөвшөөрүүлэх зорилгоор Хаант Оростой гэрээ байгуулахаар болж И. Я. Коростовец Монгол Улсад иржээ.

Тэрбээр Монголд 9 сарыг өнгөрүүлэхдээ монголчуудын аж байдал, соёл, гэрээ хийх үйл явц зэргийг тодорхой өгүүлсэн байдаг.

Энэ удаад Нийслэл хүрээнд байрлаж байсан монголын цэргийн хуарангийн тухай И. Я. Коростовецийн тэмдэглэлээс толилуулъя.

1912 оны Есдүгээр сарын 26.

 Өнөөдөр би Эльтеков, Попов нартай манай сургагч Есаул Васильевийн сургаж байгаа Монгол цэргүүд байрласан Хятад цэргийн хуаран асан газар руу (Консулын газраас 7 бээрийн зайтай) очив.

Анхандаа тэнд 800 цэрэг байсан бол одоо 200 хүрэхтэй үгүйтэй хүн үлдэж, бусад нь хятадуудтай дайтахаар Ховд руу явсан ажээ. Энэ хуаран уулын бэлд, яг энэ хавьд хэд хэд салаалж мушгиран урсах Туул руу буусан өргөн хөндийд байршилтай байв.

Ерөнхийдөө хятадууд энэ газрыг ихээхэн оновчтой сонгож авсан агаад гагцхүү мод бут байхгүй, басхүү голоосоо дэндүү хол нь харамсалтай байлаа. Хуарангийн хэмжээ дамжаа, тооноос нь харахад энд хятадууд бүтэн дивизээс багагүй цэрэг байрлуулах бодолтой байжээ.

 

Уг хуаран шавар, тоосгоор баригдсан бөгөөд нийтдээ нэг давхар арван хоёр байшин бүхий бөгөөд байшин бүр нь хэдэн [арван] тус тусдаа өрөөтэй, өрөө бүхэнд нь 2-4 хүн суухаар барьсан нь ханзны (дороосоо халдаг пийшин - ор) байдлаас мэдэгдэнэ. Агтны жүчээ маш том, сайтар зохион байгуулагдсан байв.

Анхандаа Хятад цэргийн дарга нарт зориулагдсан, одоо манайхны шаардлагад нийцүүлэн өөрчилсөн, өөрөөр хэлбэл цаасны оронд шил хийсэн хөндлөвч, хамар бүхий цонх, модон шал, тааз хийж орос маягийн пийшин барьсан тусдаа байшинд Есаул (бага дарга) Васильев сууна.

Биднийг хуаранд ирэхэд манай сургагч шинээр татагдсан Монгол цэргүүдэд жагсаал, алхалт зааж байв. Ноорхой цоорхой Монгол дээл, хүнд Монгол хувцастай тэд туйлын болхи алхлах ба хөлөө ч олж нийлүүлж чадахгүй, эргэх нь хүртэл эв хавгүй харагдана.

Тушаалыг монгол хэлээр өгч байв. Морио унахаараа дэгжин, гоё харагддаг Монгол эрчүүд явган байхдаа [инээдэмтэй] тун ч олхиогүй үзэгдэх аж.

Ихэнх монголчууд үл ялиг бөгтийж зогсдог нь, зарим талаараа нуруугаа эгцлэн зогсох боломжгүй гэрт амьдардаг, хаалгаар байдгаараа бөхийж мөлхөх шахан ордгоос, зарим талаараа эрүүл ахуйн нөхцөл муугаас гадна махан хоол голдуу иддэгээс үүдэлтэй үе мөчний өвчний улмаас юм байна.

 

Цэргүүдийнхээ байрладаг хуаранг Есаул Васильев надад үзүүлэв. Хуарангуудын бүх модон хийц нь эвдэрч хэмхрэн, хана туурга, дээвэр нь л үлджээ. Монголчууд модыг нь түлдэг байна.

Васильевийн хэлж байгаагаар, наад захын соёлд тэднийг сургаж хэвшүүлэх гэсэн оролдлого бүр нь тал нутагтаа, онгон зэрлэг байгалийн дунд мал сүргийнхээ хамт амьдарч ирсэн нүүдэлчдийн зан заншилтай мөргөлдөн, талаар болдог ажээ.

Жишээлэхэд, түүний худалдаж авч хуарангуудад байрлуулсан паалантай угаалтуурыг цөмийг нь хамх хэмх цохин, энд тэндгүй тарааж хаяад, алчууруудыг нь цуу цуу татаж хаяжээ. Байгалиас заяасан хэрэгцээ болох өтгөн шингэнээ гаргахдаа хүртэл нэг газарт очдог болгож сургах нь хамгийн хэцүү байсан гэнэ.

Үнэхээр ч чацга баасны ул мөр газар сайгүй харагдах бөгөөд хуарангуудын хаалга, цонх цэлийтэл нээлттэй тул үнэр танар гэж тамтаггүй байв. Цэрэг цуглуулахад тун ч амаргүй байлаа.

Энэ тэргүүнд, залуу эрчүүдээ явуулахдаа хошууд тун ч хойрго хандаж, насанд хүрээгүйчүүд юм уу, нас нь явчихсан хүмүүсийг илгээнэ.

Түүнээс гадна, цэргийн алба хаахаар ирэгсдийн дунд тэмбүүнд баригдсан, үе мөчний өвчин нь даамжирсан, шүд, нүдний өвчтэй хүмүүс олон байдаг. Өвчин эмгэгт баригдсан хүмүүс дотор арьс өнгөний өвчтөн маш олон байх агаад Васильевийн шинэ цэргүүд хөл, гар, биедээ ил яр шархтай байлаа.

Эх сурвалж: И. Я. Коростовец, Монголд өнгөрүүлсэн 9 сар

Энэхүү бүтээлээс XX зууны эхэн үеийн Монголчуудын төрх байдал, амьдралын хэв маяг улс төрийн байр суурь зэргийн талаар тодорхой төсөөлөлтэй болохын зэрэгцээ Их гүрний бодлого, жижиг буурай оронд хэрхэн нөлөөлж эдийн засгийн давуу байдал тогтоож болдгийг харах боломжтой.

 “Интерном” номын дэлгүүрийн бүх салбараар худалдаалагдаж байна.