Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

"ОЛДОХ" -ын хүүхдүүд /үргэлжлэл/

Б.Энхзаяа
2015 оны 11 сарын 27
Зууны мэдээ
Зураг зураг

Эхлэл хэсгийн ЭНД дарж уншина уу. 

Уг нь монголчууд олуулаа болъё гээд Төрийн тэргүүнээсээ эхлэн уриалж, гурван саяулаа болсон баярыг “дэнж хотойтол” тэмдэглэсэндээ, саяхан. Гэтэл энэ улсын ирээдүйг бүтээлцэх энхрий үрс нь ээж, аавдаа хаягдаж эрүүл мэнд, амь насаараа хохирч, зарим хэсэг нь гадаадад үрчлэгдэж байхад бид хэзээ олуулаа болох вэ?

Бүхэл бүтэн 10 cap хэвлийдээ тээсэн үрээ “Амьдралын эрхээр” гэсэн өчүүхэн шалтгаар эсвэл гэр бүлийн таарамжгүй харьцаанаас, бүр архинд толгойгоо мэдүүлж жишим ч үгүй гудамжинд хаячихдаг ээж, аавууд жил бүр нэмэгдсээр байгааг “Зууны мэдээ” хөндөн бичиж байгаа билээ.

Зөвхөн Хүүхдийн төв сувилалд жилд дунджаар 20 гаруй хүүхэд олдож ирдэг судалгаа байна. 

Хүүхдийн төв сувилалд хүргэгдэж чадалгүйгээр эндэх тохиолдол ч олон.

Хүүхдийн төв сувилалд хүргэгдэж чадалгүйгээр эндэх тохиолдол ч олон. Цагдаа нар олдсон хүүхдүүдийн цөөхөн ар гэрийг олж чаддаг юм билээ.

Тэгэхээр хүүхдээ хаясан гэмт хэрэгтнүүдийн амьдрал цааш үргэлжилдгээрээ үргэлжилж байна. Лав л эцэг, эхийнхээ үүргийг умартсан гээд шорон, гяндан болсон тохиолдол манайд ховор. Тэгвэл тэдний хаясан хүүхдүүдийн хувь заяа, амьдрал хэрхэн үргэлжилдэг бол...

Олдмол хүүхдүүд Хүүхдийн төв сувилалд гурван нас хүртлээ амьдардаг юм байна. Улсаас санхүүжилттэй энэ байгууллага дутуу төрсөн нярай, гурван ихрийн асаргаа, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг асарч тойглох гээд барагдахгүй ажилтай. Дээрээс нь хаягдсан хүүхдүүдийг асрах давхар үүрэгтэй. Тэд олдож ирсэн учраас бүгд “Олдох” овогтой. Олдмол хүүхдүүд тэнд ийнхүү шинээр нэр ус, овогтой болж, өмсөж зүүх, идэж уухаар дутахгүй. Гагцхүү эцэг, эхийн хайр энэрэл тэдэнд үгүй.

Хүүхдийн төв сувилал олдмол хүүхдүүдийг хооллож ундалж, эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамруулдаг ч хүүхдийг хөгжүүлэх, танин мэдэхүйг нь дээшлүүлэх орчин байдаггүй юм билээ. Тэглээ гээд төвийнхний буруу биш . Эдийн засгийн нөхцөл боломж, ажилтнуудынхаа ажлын ачаалалд тааруулж хүүхдийг эрүүл, саруул өсгөж байна. Ажилтнууд нь ээлжин дээрээ хүлээж авсан хүүхдүүдээ илүү асарч, “ээж” нь болдог юм билээ.

Олдмол хүүхдүүдийн зарим нь тэнд амьдрах хугацаандаа шинэ аав ээжтэй болдог. Өөрөөр хэлбэл, бусдад үрчлэгддэг. Өмнө нь үрчлэлийн асуудал тус төвд ихээхэн шуугиан дэгдээж байсан билээ. Харин Үрчлэлийн хууль гарснаар эрхзүйн зохицуулалттай болж, хараа хяналт сайжирсан болохыг холбогдох хүмүүс хэлж байна.

Үрчлэлийг Монголчуудаас илүү гадныхан хийдэг байна. 

Эцэг, эх болохоор ирэгсдэд хүүхдэд дасах хугацаа өгч, ажиглалт явуулдаг юм байна. Хүүхдийг хайрлаж, эрүүл байх, боловсрох бүхий л ирээдүйг нь бий болгож чадах эсэхийг хянаж судалдаг болжээ. Ингээд хуулиараа дүүргийнхээ Засаг даргатай зөвшилцөн үрчлэлийн асуудлыг  шийддэг гэж байна.

Үрчлэлийг монголчуудаас илүү гадныхан хийдэг байна. Монголчууд голдуу охин хүүхэд авах сонирхолтой гэнэ. Учир нь охид том болоод эцэг, эхдээ энэрэлтэй, хар муу санаагүй, зөөлөн хүн болно гэсэн “уламжлалт” бодолтой холбоотой гэх. Энэ жил гэхэд тус төвөөс 18 гэр бүл хүүхэд үрчлэх хүсэлт гаргажээ.

Төвийнхөн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд найман хүүхэд үрчлүүлжээ. 2010 онд 10 байсан бол 2003 онд 30 хүүхэд үрчлүүлж байжээ. Монголчуудын үрчлэл гадаадынхныг бодвол тийм ч олон биш. Гадаадынхан эрэгтэй хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг үрчилж авах нь олон байдаг. Ялангуяа, АНУ-ын иргэд Монгол хүүхэд үрчилж авсан тохиолдол олонх аж. Түүний араас Итали, Германы иргэд орж байна.

Гадаадад үрчлүүлсэн хүүхдийн талаар тус төвийнхөн хагас жил тутамд мэдээлэл авч хэрхэн өсч торниж байгааг нь хянадаг байна. Энэ асуудалд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам давхар хяналт тавьдаг аж. Үрчлэл зөвхөн Хүүхдийн төв сувилалд гэлтгүй бусад асрамжийн төвүүдэд ч явагддаг.

Ялангуяа гадаад үрчлэл дийлэнх байдгийг албаны хүмүүс ярьж байгаа юм. Хүүхдийн төв сувилалд гэхэд өнгөрсөн 20 жилийн дотор 176 хүүхэд үрчлэгджээ. Тэдний дунд дэлхийд Монголоо цуурайтуулах гавьяатан, баатрууд хэчнээн байсан бол. Хүүхэд эцэг, эхээ сонгож төрдөггүй. Эцэг, эхийн нэр зүүсэн мунхагуудаас болж бяцхан үрсийн хайр, энхрийлэл дунд өсч бойжих, боловсрох зэрэг олон эрх зөрчигдсөөр байна.

Үргэлжлэл бий...

Зураг