Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/26-НД НИЙТЛЭГДСЭН

“Буянт-Ухаа-1”-т хүн амьдрах нөхцөлгүй болжээ

Б.Төрбат
2015 оны 11 сарын 26
MorninigNews.mn
Зураг зураг

Одоогоос хоёр жилийн өмнө Хан-Уул дүүргийн XҮI хорооны нутаг дэвсгэрт төрийн захиалгаар “Буянт-Ухаа-1” хорооллын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, өнгөрсөн онд ашиглалтад оруулсан. 

Ингэж анх удаа төр, засаг ард түмэндээ хайр зарлаж өөрийн гэсэн байртай болохыг хүссэн олон зуун иргэний мөрөөдлийг биелүүлсэн. 
Өөрөөр хэлбэл, зах зээлээс харьцангуй бага үнэтэй, стандартын шаардлага хангасан, чанартай орон сууцтай болохыг хүссэн 1,700 гаруй өрх хашаа байшин болон машин тэргээ зарж, өр зээл тавин байж “Буянт-Ухаа-1” хороололд байртай болсон юм.

Тэд саяхныг хүртэл төрийн хайр энэрлийг хүртсэндээ хөл нь газар хүрэхгүй баярлаж явжээ. Учир нь, ашиглалтад ороод хоёр жил ч болоогүй “Буянт-Ухаа-1” хороолол оршин суугчдадаа тараа таниулж эхэлсэн байна. 

Манай сурвалжлах баг өчигдөр төрийн захиалгаар барьж, ашиглалтад оруулсан “Буянт-Ухаа-1” хорооллыг зорив. Өвлийн эхэн сар дөнгөж дундаа орж байгаа ч хүйтний эрч улам чангарч, жавар тачигнаж эхэлсэн болоод ч тэрүү байрнуудын гадаа хүн байсангүй. Тиймээс оршин суугчидтай уулзахаар дотогшоо орлоо. Хамгийн эхэнд 723 дугаар байрны оршин суугчидтай уулзаж, ганц нэг айлын гэрээр нь орж үзсэн юм.

Иргэдийн гомдоллож байгаагаар бол “Буянт-Ухаа-1” хорооллын орон сууцнуудын агааржуулалт болон цонх нь чанарын шаардлага хангахгүй, маш муу гэнэ. Үүнээс болж цонх нь өдөртөө цантаж, тэрхүү цан нь шөнөдөө хөлдөж их хэмжээний мөсийг бий болгодог байна. Шөнөдөө хуримтлагдсан мөс нь өдрийн наранд хайлж уур болон дэгдэхдээ өрөөг тэр чигээр нь чийгтэй болгож, улмаар хананаасаа мөөгөнцөртөж эхэлжээ. Энэ бол ганц айл ч биш тус хорооллын ихэнх өрхөд тохиолдож буй зовлон аж. Тэд энэ тухайгаа холбогдох албаныхан болон төрийн удирдлагуудад хүртэл хэлээд тусыг эс олж, арга мухарджээ.

Үнэхээр ашиглалтад ороод жил гаруйн хугацаа үдэж байгаа шинэ орон сууц гэхэд ихэнх өрхийн цонх цанатаж, зарим өрхийн хана нь мөөгөнцөртжээ. Айл болгоноос зөвхөн чийг л үнэртэх аж. Өнгөрсөн жил халаалтгүй өвөлжсөн тус хорооллын иргэд энэ жил чийг даасан хүйтэн гэрт өвлийн гурван сарыг давна гэдэг үнэхээр бэрх санагдав. Тэр тусмаа нялх хүүхэдтэй айлууд.

Цонхноос нь хүйтэн салхи сийгэж, өрөө бүрээс нь чийг үнэртээд үнэхээр амьдрах аргагүйд хүрээд байгаа талаараа ч иргэд гомдоллож байв. Дараа нь бид 724, 725 дугаар байраар ч гэсэн орсон юм. Биднийг 723 дугаар байрны оршин суугчдад тохиолдоод буй яг л адилхан орчин угтав. Тиймээс олныг нуршилгүйгээр “Буянт-Ухаа-1” хорооллын оршин суугчдын сэтгэгдлийг хүргэж байна. 

Э.Сувдаа: Том охин маань гэртээ байсан хэрнээ хатгаа тусчихсан 

-Манайх шинэ байрандаа ороод удаагүй байна. Гэтэл байранд маань агааржуулагч байгаагүй. Хэл ам хийсээр байж цахилгаанаар ажилладаг хоёр агааржуулагч хийлгэсэн. Халаалт маш муу. Сүүлдээ бид халаагч залгаж өрөөгөө халааж байна. Өдөр, шөнөгүй халаагч залгаад байхаар сар хүрэхгүй хугацаанд 100 вт гарчихлаа. Хамгийн их бэрхшээлтэй зүйл бол цонх маш муу. Шөнө нь цантаад өдөр ус нь хайлж байна. Улмаар шөнөдөө маш их хэмжээний мөс бий болдог.

Халуун, хүйтэн харшихаар хананыхаа буланд чийг дааж, эхнээсээ мөөгөнцөртөж байна. Хувцас хунараа угаахаар өрөөний дөрвөн булан хөлөрдөг. Дээр нь хана нимгэн. Дээд, доод айлын яриа тод сонсогддог. Одоо гэрээс байнгын чийг үнэртдэг. Үүнээс болж том охин маань хатгаа хүртэл туссан.

Сурагчдын амралт эхэлчихсэн байхад шүү дээ. Гэрээсээ огт гараагүй, гэртээ байсан хэрнээ хатгаа авчихсан. Эмчид үзүүлэхэд чийгтэй, хүйтэн газар удаан байснаас болж хатгаа туссан байна гэж хэлсэн. Бүр аргаа бараад л халаагч залгадаг болсон. Үнэхээр яахаа мэдэхгүй сууна.

Олон хүнтэй уулзсан, тэд ч ирж нөхцөл байдалтай танилцсан. Үндэсний бүтээн байгуулалтын корпорацийн хүмүүс өдөр болгон ирдэг. Ирээд янзаллаа л гэдэг хэрнээ асуудлыг бүрэн шийдэж чаддаггүй. Байраа буцаая гэж хүртэл бодсон. Гэтэл эдийн засаг ямар байгаа билээ, тэд мөнгөө эргүүлж төлөх эсэх нь эргэлзээтэй шүү дээ. Зарна гэхээр зээлтэй байрыг хэн авах юм бэ. Үнэхээр арга мухардаад л сууж байна даа. 

Б.Чулуунбаатар: Өдөр болгон цонхныхоо мөсийг цэвэрлэдэг 

-Байрандаа өнгөрсөн оны есдүгээр сарын 15-нд орсон. Өнгөрсөн жил бол энэ өвөл шиг хүйтрээгүй. Гэтэл энэ жил хүүхдүүд маань ханиаднаас салахаа байлаа. Би өөрөө хүртэл ханиад хүрчихсэн л сууж байна. Өдөр болгон цонхныхоо мөсийг цэвэрлэдэг. Маргааш нь болоход дахиад л цонх дагасан зузаан мөс бий болчихсон, үнэхээр хэцүү.

Гадаа байгаа юм шиг л сийгдэг, цонх маань цоорхойтой. Амьхандаа дулаан байлгах гээд л хөшгөө хаадаг юм. Хөшиг нь цонхныхоо шилд наалдчихдаг. Ямар сайндаа хөшгөө салгаад, мөсийг нь хуулаад сууж байна. Халуун, хүйтэн харшина гэж ярьдаг. Үр дүнд нь, гал тогооны хэсгийн пилта хууларчихсан.

Хана эхнээсээ мөөгөнцөртөж эхэлсэн. Манайх цонхоо нэг ч онгойлгохгүй байгаа, онгойлгох ч арга алга. Төр бидэнд өгсөн байр шүү дээ. Үнэхээр гомдолтой байна. Эрүүл саруул амьдрах нөхцөл алга байна шүү дээ. Тэгсэн хэрнээ байр, дулааны мөнгө гэж аваад л байдаг. Ийм байхад өгөх хэцүү л байх юм. 

А.Буямаа: Хана маань мөөгөнцөртөөд эхэлчихлээ 

-Өнгөрсөн оны аравдугаар сард нүүж ирсэн. Энэ хорооллын өрөө бүрийн агааржуулалт, цонхны хийц загвар, чанар муутай материалаар хийсэн нь харагдаж байна. Хоол хийсэн ч, хийгээгүй ч цонх цантаад л шөнөдөө хөлддөг. Үүний улмаас цонхоо дагаад их хэмжээний мөс бий болдог.

Цонхноосоо маш хүйтэн, сийгдэг. Дээр нь хамгийн ойрхон буландаа чийг өгдөг юм байна. Тэндээсээ мөөгөнцөр, хөгзрөлт бий болдог. Бид ханыхаа цаасыг сольсон. Эзэнтэй байгаа дээр нь энэхүү асуудлыг шийдүүлмээр байна. 15-20 жил зээл төлж сая нэг юм өөрийн гэсэн байртай болно. Гэтэл ашиглалтад ороод удаагүй байж ийм асуудал үүсч байгаад гайхаж байна.

Өдөр ирэх бүр л айлууд нэмэгдээд л байна. Үнэхээр анхнаасаа энэ орон сууцыг барихад шаардлага, хяналт тавиагүйн улмаас л өнөөдөр ийм байдалд хүрч байгаа юм. Хамгийн гол нь, шаардлага болон хяналт нь чанга байсан бол өнөөдөр өөр байх байсан. Чанаргүй, стандартын шаардлага хангаагүй орон сууц барьж, ашиглалтад оруулсан нь төр засгийн буруу. Энд ганц би ч биш олон зуун айл ийм байдалтай байна. Энэ асуудлыг даруйхан шийдэж, нэг тийш нь болгох хэрэгтэй. 

Оршин суугчид аргаа барж сууна 

Дээрх иргэдтэй уулзсаны дараа “Буянт-Ухаа-1” хороолол фэйсбүүк группэд зочилсон юм. Энд зовлон нэгтэй иргэд асуудлын гарцыг хайж, үзэл бодлоо хуваалцдаг аж. Ингээд тэдний заримынх нь сэтгэгдлийг ямар ч нэмэлт хачиргүйгээр хүргэе.

-Балконы хаалга, цонх бүгд мөс болчихсон. Гэрийн дулаан 18 хэм л байна. Цонхны амалгаа гэж юу ч байхгүй. Гадна талаас нь харахад дан хөөсөөр орхисон байна лээ. Гүйцэтгэгч компанийн инженерт нь хэлэхээр “Одоо яах ч аргагүй, тэгээд ч би яг гүйцэтгэл хийж байх үед нь ажиллаж байсан хүн биш” гэх юм. Үнэхээр гомдолтой байна.

Эдийн засаг ийм хүнд байгаа үед дулааны мөнгөө төлөөд дээр нь ахиад цахилгаанаар давхар халаах үнэхээр хэцүү байна шүү дээ. Ард иргэдийнхээ авч байгаа цалинг бодож үзээд амьдралын нөхцөл, боломжийг нь харж үзээч. Зээлийн өндөр хүү төлж амьдарч байж ядаж л тухтай дулаан гэрт амьдармаар байна.

-Цонх хийсэн гүйцэтгэгч байгууллага үнэхээр хариуцлагагүй, хямд өртгөөр ашиг олох зорилгоор л ийм юм хийснээс одоогийн асуудлууд үүсээд байна. Энэ сайхан төслийг хэдхэн барилгын компани ийм муухай нэр зүүлгэж байна шүү дээ. Манай цонх хөлөрч, сийгэж байгаа. Бас л нялх хүүхэдтэй айл бусдын л адил усыг нь арчаад утсаар хэлээд л байж байна. Хамгийн гол нь, ямар ч арга хэмжээ авахгүй байгаа нь хачин санагдаад байх юм аа. 

-Төрөөс барьсан гээд л бид итгээд хамаг юмаа шавхан байж энэ байрыг авсан. Ард түмнийхээ жаахан хөрөнгөөр тоглон байж өвлийн хүйтэнд ингэж зутраах хэрэгтэй юм уу. Тэгээд хэлж яриад байхад арга хэмжээ ч авчихгүй, биднийг үнэхээр цөхрөөж байгаад гомдолтой байна. 

-Нялх хүүхэдтэй гэртээ даараад зутруу байна. Цонх маш муу тэгээд байнга гуйлгуулж байж ирж янзална. Янзалсан нэртэй ямар ч нэмэргүй. Иймэрхүү байдалтай хоёр дахь өвөлтэйгээ золгож байна. Үнэхээр “Буянт-Ухаа-1” гэж том бүтээн байгуулалт гэж шоудацгаахаа боль. Ямар байгааг нь, ямар орон сууц барьснаа мэдэхгүй байж. 

-Төрийн мөнгөөр барьсан гээд хамаг л чанаргүй, хамгийн хямд материалаар хийсэн юм шиг байна. Өвөл нь хөлдөж үхэх гэж амьдарна. Угаалгын өрөөний паарнууд нь хэзээ буудаж хагарах бол гэж, хэзээ дээд айлаас ус алдаж орж ирэх бол гэж, хэзээ чанаргүй сангийн материал нь эвдэрч эзгүй хойгуур доод айл руу ус алдах бол гэж байнгын түгшүүртэй амьдарч байна.

-Цонх сольж байна гээд л нүглийн нүдийг гурилаар хуурах аятай юм болоод байгаа юм уу даа. Тэр чигээр нь рамтай нь солихгүй худлаа шилийг нь солиод байна лээ. Тэгээд л рамаараа яг адилхан сийгээд л хүйтэн цантаад нөгөө цан нь урсаад хананы обой цаашлаад шавар унагаад сүүлдээ бүүр паркетан шал руу ороод төмбийлгөх шинжтэй болж байна. Бага дээр нь засаад өгөхгүйн байхдаа ТОСК. Цаг явах тусам улам л хохирол нэмэгдээд байгааг ойлгуулах юмсан.

Хариуцлагыг хэн хүлээх вэ 

Үндэсний барилгын компаниудын төлөөлөл одоогоос хоёр жилийн өмнө нэгдэж, хямд үнээр чанарын өндөр төвшинд орон сууцны хороолол барих төслөө танилцуулснаар “Буянт-Ухаа-1” хорооллыг барьж, ашиглалтад оруулахаар болсон.

Ямар ч орон сууцны хороолол, хотхонд нэн тэргүүн тавигдах шаардлага бол мэдээж барилгын чанар байдаг.

Төр засгийн зүгээс иргэдэд тус хорооллын суурийг тавьсан эхний өдрөөсөө л хямд үнэ, чанартай орон сууцыг барьж, ашиглалтад оруулахаа амалсан.

Тухайн үед албаныхан асар богино хугацаанд сүндэрлэсэн “Буянт-Ухаа-1” хорооллыг барилгын салбарт сүүлийн 20 жил хийгдээгүй томоохон бүтээн байгуулалт хэмээн онцолж, иргэд ч баярлан хүлээж авч байлаа. Гэтэл нүглийн нүдийг гурилаар хуурна гэгчээр чанаргүй барилга барьж, ашиглалтад оруулах юм чинээ хэн санах билээ.

Үнэндээ сэтгэл байвал сэрээгээр ч газар хагалж, зүтгэл байвал зүүгээр ч худаг ухаж болно гэдэгсэн. Гэхдээ энэ удаад төр, засгийн удирдлагууд зүтгэсэн шиг зүтгээд нэг мөсөн дорвитойхон шиг орон сууц барьчихсан бол өрөөлд ч, өөрт нь ч хэрэгтэй байх байлаа.

Нэгэнт л их хэмжээний хөрөнгө мөнгө зарж, 1,700 гаруй айлын бүхэл бүтэн хорооллыг барьсан юм бол жаахан ч гэсэн сэтгэл гаргаад орон сууц шиг сууц барьчихгүй дээ. Нүглийн нүдийг гурилаар хуурч, барилгынхаа чанарт анхаараагүй алдааг чинь хэдий болтол ард түмэн үүрэх юм. Тэгэхээр хариуцлагыг хэн үүрэх вэ нөхдөө. 

Зураг