Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

Путин Туркэд ямар хариу барих вэ?

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Оросын бөмбөгдөгч онгоцыг унагасан явдал Орос-Турк улсуудын хооронд томоохон асуудал үүсгээд байна.

Энэ талаар Оросын талаар мэргэшсэн судлаач, Нью-Йоркын Их сургуулийн Гадаад Харилцаа судлалын Төвийн профессор Марк Галеотти VOX.com сайтад ярилцлага өгчээ. Түүний ярилцлагаас товчлон хүргэж байна.


 

Асуулт: Оросууд яагаад Туркийн агаарын хилд нэвтрэх болсон бэ?

Хариулт: Хэд хэдэн шалтгаан байх боломжтой.

Нэгд, нисгэгчийн алдаа. Тэд хилд тун ойрхон агаарын ажиллагаа явуулж байсан тул алдаа гарган санамсаргүй нэвтэрсэн байх боломжтой. Орчин үеийн техник технологи хөгжсөн үед ингэх боломжгүй мэт санагдавч бид энэ хувилбарыг орхиж болохгүй.

Хоёрт, Турк нь NATO-гийн гишүүн орны хувьд Оросууд улс төр-дипломатын хүчин чадлаа харуулах гэж ингэсэн байж болно. Өмнө нь тэд NATO-гийн хойд хилд мөн ийм үзүүлбэр хийгээд ял шийтгэлгүй мултарч байсан. Түүн шиг зүйл хийхийг хүссэн байж магадгүй.

Гуравт, энэ нь Туркийн хил дотор богино хугацаанд цохилт өгөхөөр хийсэн зориудын үйлдэл байж болно. Турк улс өөрөө зарим босогчдын бүлгийг идэвхтэй дэмждэг тул уг бай нь Туркийн хил дотор байсан байж болох юм. Өөрөөр хэлбэл Туркийн дэмждэг босогчдын бүлэг хилийн гадна, дотор сэлгэн байрладаг байхыг үгүйсгэхгүй.

 

Асуулт: Путин энэ явдлын дараа Орос-Туркийн харилцаанд “ноцтой үр дагавар“ бий болно гэж сүрдүүлсэн. Энэ талаар?

Хариулт: Яг одоо Путины санааг тааварлахад хэцүү. Гэхдээ миний үзэж байгаагаар Москва дахин нэг дипломат дайн эхлүүлэхэд бэлэн биш байна. Тэд Украинтай асуудалтай байгаа бол Сирид том амлалттай ажиллаж байгаа. Олон улсын хориг арга хэмжээ гэж нэг дарамт бий.

Хамгийн боломжит арга хэмжээнүүд нь голдуу билэгдлийн чанартай байх болов уу, тухайлбал, Туркийн онгоцнуудыг Орост буухыг хориглох, зарим нэг эдийн засгийн хориг, Туркийн элчинд эсэргүүцлээ илэрхийлэх гэх мэт.

Үүнтэй зэрэгцээд Москва Анкарагаас ямар нэг жижиг ч хамаагүй буулт хүлээж авснаар Путин Оросын иргэдэд “Туркүүд бууж өглөө, уучлал гуйлаа, асуудал шийдэгдлээ”  гэж хэлэх боломжтой болох нь гол юм.

 

Асуулт: Оросын олон нийтийн хандлага ямар байгаа бол?

Хариулт: Мэдээж эхний ээлжинд олон нийтээс бухимдал илэрнэ. Тэд зөвхөн Кремлийн мэдээлж байгаа Оросын онгоцыг террористуудтай байлдаж байхад нь Туркууд унагасан гэх мэдээг л хүлээж авч байгаа. Путины “араас хутга дүрэх” гэдэг гоёмсог үг нь ялангуяа өнгөрсөн түүхээ мэддэг Орос хүмүүсийг доргиох зорилготой.

Зөвлөлтөөс өмнө Орос нь удаан хугацааны турш Оттоманы эзэнт гүрэнтэй дайсан байсан бөгөөд Түрэгүүд итгэж болохгүй хүмүүс гэсэн ойлголт Оросуудын тархинд нь гүн суусан байдаг.

Сирийн дайн Орост “террористуудтай Орост байлдсанаас Сирид байлдсан нь дээр” гэсэн найруулгын дор явагдаж, энэ нь ч амжилттай байгаа.

Ерөнхийдөө Оросын үзэл суртлын машин бүх бодит байдлыг өөрийн талаас харуулах ажиллагааг амжилттай явуулж байгаа юм.

 

Асуулт: Орос-Туркийн харилцааны ерөнхий байдлыг цөөн үгээр илэрхийлбэл?

Хариулт: Нэг талаас харвал Эрдоган, Путин хоёр хоёул хүчирхэг удирдагчдын дүрд тоглодгоороо ижил.

Гэвч үнэнийг хэлэхэд тэд нөхөрсөг өрсөлдөгчид (frenemy). Эрдоганы удирдлаган дор Турк өөрийгөө бүс нутгийн гол гүрэн болгохоор зүтгэж байна. Энэ хүрээнд тэд өөрийн нөлөөллийн бүсийг бий болгохын тулд Москватай тулах нь гарцаагүй.

Үүний эхлэл бол Сири. Намайг Азербайжанд байхад Туркуудын тоглолт маш тодорхой харагдаж байсан. Тэд тэндээс Оросуудыг хүчтэй шахаж байгаа нь мэдэгдэж байв. Ер нь тэдний өнөөдрийн өрсөлдөөн ч багагүй түүхтэй. Жишээ нь Оросын тагнуулын офицерууд Туркийн нутагт Чечений босогчдын санхүүжүүлэгчийг устгаж байсан нь Туркуудэд хүч чадлаа мэдрүүлсэн явдал болж байлаа.

Энэ сөргөлдөөн намжихгүй гэдэг нь тодорхой.

 

Асуулт: Путин Сирид байлдааны ажиллагааг өргөжүүлж хуурай замын цэрэг оруулах эсэх талаар?

Хариулт: Үнэнийг хэлэхэд Москва Сирид ялалт байгуулах эсэх нь чухал биш. Агаарын цохилтын гол зорилго нь Сирид болж байгаа улс төрийн үйл явдалд Москвагийн оролцоог бий болгох.

Цэрэг дайны ажиллагаа гол биш, харин улс төрийн ашиг чухал. Путин аль болох хурдан улс төрийн байр суурь олж авахыг хүсч байгаа.

Саяын Парист болсон халдлагын ачаар тэр санасандаа хүрэхэд ойрхон боллоо. Харин онгоц унагасан явдал нь Баруун-Оросын энэ тохиролцоог гацаах, эсвэл түргэсгэх боломжтой.

Яг одоо бол энэ тухай хэлэхэд эрт байна.