Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар дахь “Шангри-Ла”-нууд

ikon.mn
2015 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Аливаа улсын нийслэл хотын төв талбай, төв цэцэрлэгт байгууламжийг хүрээлээд тухайн хот, улсын нэрийн хуудас болсон ордон, цамхагууд сүндэрлэдэг жишиг Улаанбаатарт минь ч бас өөрийн гэсэн онцлог, хэв маягтайгаар буй болоод багагүй хугацаа өнгөрчээ.

Угаас айлчин гийчинд зочломтгой ханддаг “нүүдэлчид” харин саяхныг болтол нийслэл хотдоо гадныханд байтугай дотоодын хэрэгцээ шаардлагадаа ч хүрсэн орчин үеийн шийдэл, тав тух бүхий оффис, цогцолборгүй байсан бол шил дараалан сүндэрлэж буй Шангри-Лагийн барилгууд энэ орон зайг нөхөж байгаа билээ. Харин олон Шангри-Ла нэрэнд төөрсөн Улаанбаатарчуудынхаа эргэлзээг гаргах зорилгоор үүнийг бэлтгэлээ.

Хонгконгийн Керри Групп, Монголын М-Си-Эс Групптэй хамтран өдгөө 3 томоохон төсөл хэрэгжүүлээд байгаа нь Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайн хажууд байрлах Сэнтрал Тауэр, Гэрлэх ёслолын урд байрлах Шангри-Ла Зочид буудал, түүний зүүн талд байрлах Шангри-Ла Төв зэрэг юм.  

Анхны Шангри-Ла буюу “Сэнтрал Тауэр” нь 2009 онд ашиглалтанд орсон бөгөөд ерөнхий гүйцэтгэгчээр олон улсад томоохон групп, их сургуулиудын бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэгч “BCEG”, зураг төслийг дэлхийн томоохон хотуудад хот төлөвлөлт, усан хангамж, гео техник, архитектур, төслийн менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “AECOM” корпораци болон “DLN” компани хамтран гаргажээ. Газар хөдлөлтийн 8 баллын үед тэсвэртэйгийн дээр галын аюулаас сэргийлэх бүрэн автомат систем, нөөц усны болон цахилгааны үүсгүүр гэх мэтчилэн олон дэвшилтэт технологийг Монголд анх нэвтрүүлж байсан ба одоо ч шилдэг хэвээрээ буй.

Сэнтрал Тауэраар хаяглах нь байгууллагуудын хувьд нэр төрийн хэрэг болж ирсэн төдийгүй энэхүү барилга нь 1-3 давхартаа дэлхийд нэртэй брэнд дэлгүүрүүд, дээд зэрэглэлийн ресторан, хоолны газруудыг нээснээрээ гадна дотны бүх хүний орж гаран, саатах дуртай газруудын нэг болсон юм.

Удаах Шангри-Ла буюу Шангри-Ла Зочид буудал нь 2015 оны 6 дугаар сард үүд хаалгаа нээсэн бөгөөд нээгдсэнээсээ хойш сониучирхсан хүмүүсээр тасрахгүй байгаа билээ. Томоохон арга хэмжээнүүдээс эхлээд цуутай хуримууд бүгд л Шангри-Ла Зочид буудалд гэсэн урилга илгээж, шинэхэн 5 одтой зочид буудал маань ихээхэн хөл хөдөлгөөнтэй байгаа.

3 дахь бүтээн байгуулалт болох Шангри-Ла Төв нь 2016 оны 2 дугаар улиралд ашиглалтанд орох бөгөөд ирэх онд зохион байгуулагдах АСЕМ-ын чуулганаас өмнө амжиж нээх даалгавартай шаргуу ажиллаж байгаа гэнэ.  Энэхүү бүтээн байгуулалт нь оффис, орон сууц, худалдааны төв зэргээс бүрдэх юм.  Шангри-Ла Худалдааны Төвд Монголын хамгийн анхны IMAX кино театр нээгдэнэ гэсэн сайхан мэдээ саяхнаас дуулдах болсон төдийгүй дэлхийд нэртэй тансаг брэндүүдээс эхлээд боломжийн үнэтэйг хүртэл олон төрлийн дэлгүүр, үйлчилгээг багтаасан Улаанбаатар дахь хамгийн том Молл болно гэцгээж байгаа юм.

Хүний хэрэгцээ явсаар их хотын соёлыг бие болгосон. Тэгвэл нэг сая гаруй хүн амтай Улаанбаатар хотын өнгө үзэмж, хэв маягийг тодорхойлох цөөн хэдэн бүтээн байгуулалтын нэг Сэнтрал Тауэр, Шангри-Ла Зочид буудал болон удахгүй ашиглалтанд орох Шангри-Ла Төв зэргийг ялгаж салгаж ядан байсан уншигчдад энэхүү нийтлэл минь бага ч гэсэн тус болсон болов уу.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.