Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

"ОЛДОХ" -ын хүүхдүүд

Б.Энхзаяа
2015 оны 11 сарын 20
Зууны мэдээ
Зураг зураг

Дөнгөж мөлхөж байгаа, бас тэнгэр тунтар алхдаг болчихсон, зарим нь саяхнаас л юм түшээд ганц, хоёр алхаж сурсан жаалуудыг “ээжүүд” нь үдийн цайнд оруулж байна.

Алаг хувцсаар ижилссэн хоёр хүүг ширээний хоёр талд унахаас сэргийлж сандалтай нь уячихаж. Тэдний цаана түшлэгтэй сандал дээр бяцхан охин хоолоо хүлээж суух зуур хоёр “ээж” хэдхэн сартай бололтой бас хоёр хүүг тэврээд хоол халбагадаж өгнө. 

Харин түрүүлээд хоолоо идчихсэн нь нөгөө өрөөнд ариун цэвэр сахиж, зарим нь унтлагын орон дээрээ тонгочино. Энэ бол Хүүхдийн төв сувилалд олдож ирсэн хүүхдүүдийн үдийн хоолны цаг. Мөдхөн тэд амтат зүүдэндээ умбана. Гэхдээ ээжийнхээ мөөмийг дураараа хөхөж, аавынхаа алган дээр эрхлэх жаргалыг тэд зүүдлэхгүй. Ой ухаанд нь ч ээж, аавын хайр “бичигдээгүй” багачуудын ертөнцийг энэ удаа хөндөж байна.

ЭНЭ ОНД ЗУРГААН CAP ХҮРЭЭГҮЙ НАЙМАН ХҮҮХЭД ОЛДЖЭЭ

“Нярай хүүхдээ хаяжээ”, “Нэг сартай нярайг хогийн савнаас олжээ” гэсэн мэдээлэл байсхийгээд л хэвлэлийн хуудаснаа дурайдаг. Энэ орчлонд хосгүй заяагаар хүний төрөл олоод ирсэн алаг үрсээ араатнаас ч дор хог шиг хаядаг ард түмэнтэй улс гэвэл Монгол.

Уг нь бид эцэг эхийн нандин холбоо, үр хүүхдээ насан туршид нь халамжилж хайрладаг онцлог заншилтай үндэстэн.

Сувиллаас гаргасан судалгаанаас харахад өнгөрсөн онд 27, түүний өмнөх жил 28 хүүхэд олдож ирсэн.

Гэвч даяаршиж, он улирах тусам хүний санаанд багтамгүй энэ мэтийн үйлдүүлэнгүүт олширсоор.

Тэдний уршгаар энэ оны эхний 10 сарын байдлаар гэхэд зургаан cap ч хүрээгүй найман нярайг цагдаа нар олж Хүүхдийн төв сувилалд хүргэжээ. Сувиллаас гаргасан судалгаанаас харахад өнгөрсөн онд 27, түүний өмнөх жил 28 хүүхэд олдож ирсэн байна.

Таван жилийн өмнө буюу 2010 онд бүхэл бүтэн цэцэрлэгийн нэг анги дүүргэхээр 34 хүүхэд эцэг, эхдээ хаягдаж Хүүхдийн төв сувиллыг гэр, эмч ажилчдыг нь аав , ээжээ болгож байжээ. Өвлийн тэсгэм хүйтэн, таагүй нөхцөлд хаягдсанаас болж эрүүл мэнд, амь насаараа хохирсон хүүхдүүдийг нэмбэл энэ тоо бүр л өснө.

ТЭДНИЙ 6-18 ХУВЬ НЬ Л ТӨРСӨН ГЭРТЭЭ БУЦДАГ

Хүсээгүй жирэмслэлт, архидалт, биеэ үнэлэлт, ядуугийн төлөөсөнд эдгээр гэм зэмгүй амьтад өртөж байгааг холбогдох албаныхан хэлж байна. Тэр дундаа архидан согтуурах, хүсээгүй жирэмслэлтээс үүдэж үр хүүхдээ хаях тохиолдол анхаарал татах болжээ. Хүүхдийн төв сувиллаас мэдээлснээр нийт олдож ирсэн хүүхдийн 29 хувь нь архичин, 13 хувь нь сэтгэцийн өөрчлөлттэй аав ээжтэй гэж судлагдсан байна. 

Эцэг, эхийн таарамжгүй харьцаанаас болж цөөнгүй хүүхэд гэрээсээ дайжиж, хараа хяналтгүй болдог ажээ. Түүнчлэн хүсээгүй жирэмслэлтээс болж нууцаар хүүхдээ хаясан тохиолдол ч цөөнгүй байна. Насанд хүрээгүй байхдаа жирэмсэн болсон эсвэл биеэ үнэлдэг эмэгтэйчүүд төрснийхөө дараа эхний хоногуудад нярай хүүхдээ гээдэг байна. 

Тэр дундаа архидан согтуурах, хүсээгүй жирэмслэлтээс үүдэж үр хүүхдээ хаях тохиолдол анхаарал татах болжээ. 

Нярай хаях тохиолдол голдуу Баянгол дүүрэгт бүртгэгддэг ажээ. Ялангуяа Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв буюу Эх нялхаст төрсөн эхчүүд гарахдаа хүүхдээ ойролцоо нь хаях тохиолдол байдгийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн байцаагч, цагдаагийн ахмад Д.Оюун ярьж байна.

Цагдаа нар жил бүр хорь, гучаараа хаягдаж байгаа хүүхдүүдийн ар гэр, асран хамгаалагчийг эрэн сурвалжилсны хүчинд цөөхөн хэсэг нь төрсөн гэртээ буцаж элэг бүтэн болдог ажээ. Гэхдээ тийм хангалттай тоо биш. Өнгөрсөн онд олдсон хүүхдүүдийн 13 хувь нь гэртээ буцжээ. Хамгийн өндөр хувьтай нь 2013 онд 18 хувь буюу таван хүүхдийн эцэг, эхийг олсон байна. Гэтэл зарим онд хоёр, гурван хүүхдийн ирээдүйг л баталгаажуулжээ. 

ОЛДМОЛ ХҮҮХДҮҮДИЙН ТОО НЭМЭГДЭХ МАГАДЛАЛТАЙ

Зурагт үзүүлснээр сүүлийн гурван жилийн судалгааны дүн тогтмол, жилд 27-28 хүүхэд олдсон нь өмнөх жилүүдтэй харьцуулахад буурсан үзүүлэлт мэт боловч сэтгэл амрах шалтгаан биш болохыг мэргэжлийн хүмүүс сануулж байна. 

Хүүхдүүд хаяглах шалтгаан ядуурал архидалтаас үүдэлтэйг дээр онцолсон. Өнөөгийн нийгмийн эдийн засгийн хямралаас үүдэлтэй ажилгүйдэл, ядуурал нь хүүхэд багачуудын ирээдүйг бусниулж ч мэдэхээр байна. Нэг үгээр хямралаас болж хүүхдээ хаягчид улам нэмэгдэх магадлалтайг хүүхдийн эрхийг хамгаалагчид онцолж байна.

Д.Энхцэцэг: ОЛДМОЛ ХҮҮХДҮҮДИЙН ХУВЬ ТАВИЛАН МАШ ЭМЗЭГ

Төрүүлсэн үрээ хаяж, төөрүүлэхийг Монгол Улс эрүүгийн гэмт хэрэг болгон авч үздэг. Эрүүгийн хуулийн 117 дугаар зүйл ангиар асран хамгаалагчид нь хариуцлага тооцох хуультай.

Тэгээд ч зогсохгүй Гэр бүлийн тухай, Хүүхэд хамгааллын тухай олон хууль тогтоомж, олон улсын гэрээ конвенцоор хүүхдийн эрхийг хамгаалах үүргийг Монголын төр, насанд хүрсэн хүн бүр хүлээсэн байдаг. Гэвч хаягдсан хүүхдүүд гэр бүлийн хайр халамжаас эхлээд ирээдүйд хэн болж болох олон эрхийг томчууд өөрийн дураар боомилж байгаа нь харамсалтай. 

Хүн эцэг эхээр овоглох эрхтэй. Хүүхдийн төв сувиллынхан хүүхдүүд анх олдож ирэхдээ гэрчилгээтэй байвал тэр нэрээ нь овоглочихдог байна. Харин ямар ч бичиг баримтгүй ирсэнд нь нэр өгдөг. Гэхдээ бүгдийг нь “Олдох” хэмээх овогтой болгодог ажээ. Эцэг эх, асран хамгаалагч нь олдоосой хэмээн бэлгэдэж ийнхүү овоглодог бололтой.

Олдмол хүүхдүүдийн талаарх өнөөдрийн эрхзүйн зохицуулалт тодорхой бус юм байна. Хүүхдийн төв сувиллын захирал Д.Энхцэцэг “Олдмол хүүхдүүдийн хувьд манай сувилал дамжин өнгөрөх гуравдахь субьект л болдог. Бид олдмол хүүхдүүдийг асарч болно. Бидэнд туршлага, орон байр нь байна.

Хүүхдүүд манай сувилалд юугаар ч дутагддаггүй. Хоол унд, хувцас хунар, эрүүл мэндийн үйлчилгээ цөм бүрэн. Гагцхүү тэдэнд эцэг, эхийн хайр л дутагддаг. Тэдний ирээдүйг яах ёстой вэ гэсэн заавар, зөвлөмж хууль эрхзүйн хэмжээнд хангалтгүй. Тиймээс тэдний хувь тавилан маш эмзэг. Хүүхдүүдийг хаях тохиолдлыг багасгахын тулд яах ёстой, олдоод ирснийх нь дараа ирээдүйг нь хэрхэн баталгаатай болгох зэрэг асуудал тулгамддаг” гэж байна.

Хараа хяналтгүй, хаягдсан хүүхдүүдийг цагдаа нар олж Хүүхдийн төв сувилалд хүргэж өгдөг. Хүүхдүүд тэнд гурван жил амьдрах “визтэй”. Тэднийг гурван жилийн дараа асрамжийн газар эсвэл үрчлэгдэх ирээдүй л хүлээж байна.

Үргэлжлэл бий...

Зураг