Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

Булган нутагт Байгаль хамгаалах намрын аян амжилттай өндөрлөлөө

БОНХАЖЯ
2015 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Намрын аян өндөрлөж, өвлийн өнгө орлоо

БОНХАЖЯ-наас өнгөрсөн сарын 28-ны өдөр “Байгаль хамгаалах намрын аян”-ыг зарласан. Уг аяны хүрээнд БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан баг Булган аймагт болсон “Байгаль хамгаалах намрын аян”-ы уулзалт, ярилцлагад оролцоод ирлээ. 

Намрын аяныг өндөрлөх дөхөж буйг сануулж буй мэт энэ өдөр хөвсгөр сайхан цас унаж, өвөл ирж буйг сануулаад авлаа. Булган аймгийн Төв театрт цугласан байгаль хамгаалах ойн нөхөрлөлүүдийн төлөөлөл уулзалт ярилцлага эхлэхээс өмнө өөр өөрийн сумдад намрын аян хэрхэн өрнөсөн, ямар зөрчил дутагдал гарсан, хамтарч юуг хэрхэн шийдэх вэ гэхчлэн олон асуудлаар тус тусдаа ярилцах нь энэхүү танхимд цугласан олны байгаль эхээ гэх сэтгэл ямар бахархмаар, амьдрал ахуйтайгаа нягт уялдуулж ажиллаж байгааг нь харахад сэтгэл дотор нэгийг бодогдуулам сайхан санагдаж байлаа. 

Булганчуудын сэтгэлд урам, оюунд нь мэдлэг нэмэрлэлээ

 

Хурал ч эхлэх цаг болж Булган аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга А.Ганболд уулзалт ярилцлагыг нээж үг хэлсэн юм. Хурлыг БОНХАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Банзрагч даргалан явууллаа.

Хурлын эхэнд БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл цугласан олонд салбарын бодлого, төлөвлөгөө, тайлан болон хийгдэж буй ажлууд, сургалт, судалгааг танилцуулан сонирхолтой илтгэл тавилаа.

Тэрээр илтгэлдээ “Байгаль хамгаалах намрын аяны хүрээнд та бүхэнтэйгээ уулзах завшаан тохиож байгаад баяртай байна.

Булган аймаг бол ой мод дундаж  байгаа аймгийн тоонд ордог.

Булган аймаг бол ой мод дундаж  байгаа аймгийн тоонд ордог. Тийм учраас хортон, хөнөөлт шавжтай тэмцэх асуудал хурцаар тавигддаг. Энэ асуудлыг шийдвэрлэх тал дээр салбарын яам анхаарлаа хандуулан ажиллах болно.

Манай яамтай олон яам үйл ажиллагаагаараа холбогддог шиг байгаль орчинтой хүн бүр амьдралаараа холбогддог. Тийм учраас бидний үйлдэл, үйл ажиллагаа бүхэн байгаль орчин, экологид ээлтэй байх хэрэгтэй. Энд цугласан та бүхэн байгальтайгаа хамгийн ойр байж, хайрлан хамгаалж ажилладаг учир бид бахархахгүй байх аргагүй” хэмээн урам хайрласан юм.

Үргэлжлүүлэн салбар яамандаа “Ойн” хэмээн танигдсан БОНХАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Банзрагч мэргэжил нэгт нөхдөдөө хийсэн ажил, хийж буй үйл ажиллагаагаа танилцуулж сонирхсон асуултад нь хариулт өглөө. Насаараа ойн яаманд ажилласан хүний асуултад хариулах нь хүртэл энгийн хэрнээ оновчтой байсан тул олон олон асуултыг араасаа дагуулсан юм.
Ингээд олон сайхан илтгэл сонсож Булган аймгийнхан маань сонороо мялаалаа.

Сая сая мод тарихыг ерөөлөө

БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл Булган аймгийн залуустаа хандаж “Сая, сая мод тарьж ногоон төгөл дундах аймаг болохыг ерөөлөө”. Мод тарихад хамгийн хүнд ажил бол нүх ухах байдаг. Тэгвэл уг ажлыг хөнгөвчилж, улам их мод тарихыг ерөөн хэрэглэхэд хялбар, гурван өөр хэмжээгээр нүх ухах зориулалт бүхий багаж хүлээлгэн өглөө. 

Намрын аяныхаа хаалтад бүх сумд оролцсон нь хуралд ямар их ач холбогдол өгснийг тодхон харуулж байлаа. Уг чуулга уулзалтад БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Банзрагч, Булган аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга А.Ганболд, Булган аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Батсайхан болон бусад албаны хүмүүс илтгэл тавьж, асуулт хариулт явуулан, санал сэтгэгдлээ чөлөөтэй хуваалцсан ийм нэг өдрийг сэтгэл дүүрэн өнгөрүүллээ.

Биднийг хурлаа амжилттай дуусган хот руу хөдлөх үед хэдий цас хаялан, хацар жиндүүлэм жавартай байсан ч Булганыхан маань Байгаль хамгаалах намрын сарын аянаа амжилттай өндөрлүүлж энэ намрын сүүлийн мод тарилтаа хийж, шинэхэн бэлгийнхээ ид шидийг үзнэ хэмээн бидэнд аян замын ерөөл тавин үлдлээ.

Булган аймаг 2015 оны 10 сарын 18-ны өдөр