Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

А.Энхбат: Гэрэгэ одоогийн гадаад паспорттой төстэй үүрэг гүйцэтгэж байсан

Г.Номин, iKon.mn
2015 оны 10 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

Монгол Улсын Ерөнхийлөгч 2013 онд Исламын Бүгд Найрамдах Иран улсад айлчлах үедээ Иранд 100 орчим жил оршин тогтнож байсан Монголын Иль Хаадын улсын түүхийг хамтран судлах тухай санамж бичигт гарын үсэг зурсан билээ. 

Уг санамж бичгийн хүрээнд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Гадаад Хэргийн Яамны Боловсрол, судалгааны төвийн  судлаачдын хамтарсан судалгааны баг байгуулагдаж, хоёр жил хамтран ажиллаж байгаа бөгөөд Монголын талын судалгааны баг энэ оны зургаадугаар сард Иранд албан томилолтоор ажиллаад иржээ. 

Санамж бичгийн хүрээнд хэд хэдэн чиглэлээр судалгааны ажил хийх юм байна. Үүнд 

Нэгдүгээрт, ИльХант улсын түүхийн холбогдолтой баримтын жагсаалт гаргах
Хоёрдугаарт, Соёл, шашны судалгааны бүтээл гаргах
Гуравдугаарт, Ираны уран барилгад шингэсэн Монголын соёлын нөлөөг судлах
Дөрөвдүгээр, Хоёр орны олон жилийн түүхийн холбоо, хэлхээ, харилцааг судлах

Багийнхан нэн тэргүүнд Ираны архив номын санд хадгалагдаж буй Иль Хант улсын түүхийн холбогдолтой баримтын жагсаалт гаргахаар ажиллаж байгаа ажээ. 

Түүнчлэн цаашдын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор өнөөдөр “Хижрийн 7-8, нийтийн тооллын XHI-XIV зууны Азийн соёл иргэншлийн үнэт зүйл-Гэрэгэ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Гадаад Хэргийн Яамны Зөвшилцөл танхимд зохион байгуулж байна. Хуралд есөн улсын 30 орчим эрдэмтэн судлаачид оролцохоор хуран цуглараад байна. 

ШУА-ын Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин хурлыг нээж хэлсэн үгэндээ "2012 оноос эхлэн манай улс Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг "Бахархлын өдөр" болгон тэмдэглэдэг болсон бөгөөд одоо арваннэгдүгээр cap гараад тэмдэглэх гэж байна. Энэ утгаараа Чингис хааны мэндэлсэн өдрийн өмнөхөн болж буйгаараа манай олон улсын хурал онцлогтой юм.

Хурлын үеэр Монголчуудын дэлхийн түүхэнд үзүүлсэн нөлөө, Иль Хант улсын түүх, Монголын эзэнт гүрний түүхийн судалгааны түүхийн сан хөмрөгийг улам баяжуулна гэдэгт найдаж байна" гэсэн юм. 


Олон улсын эрдэм шинжилгээний хурлын гол судлагдахуун нь Гэрэгэ түүний ач холбогдол юм. Энэ талаар "Гэрэгээний үүсэл" сэдвээр илтгэл тавьж буй ШУТИС-ийн дэд профессор А.Энхбаттай ярилцлаа.

- Гэрэгэний үүсэл, түүхэн ач холбогдлыг тайлбарлаж өгөхгүй юу ?

- Илтгэлийнхээ хүрээнд Гэрэгээг эртний нүүдэлчдээс гаралтай гэдгийг археологийн баримтад тулгуурлан батлахыг зорьж байна.

Хятад сурвалжийн мэдээнүүдэд эртний нүүдэлчид мод болон ясан дээр ямар нэгэн зүйлийг тэмдэглэж нэг нэгэндээ дамжуулдаг байсан гэх баримт бий. Энэ маань хөгжсөөр байгаад 13-р зууны үед Гэрэгэ үүссэн юм болов уу гэсэн таамгийг дэвшүүлж байгаа. 13-р зуунаас өмнө бас Киданчууд модон гэрэгэ хэрэглэж байсан гэх баримт Монгол нутгаас олддог. 

-Гэрэгэ тухайн үедээ өнөөгийн гадаад паспортын үүрэг гүйцэтгэж байсан хэмээн эрдэмтэд үздэг юм билээ?

-Тийм ээ. Гэрэгээг авч явж байгаа хүн хэнийг төлөөлж  байгаа нь тодорхой бөгөөд тухайн хүний албан тушаал, үүрэг даалгавраас шалтгаалаад мод, хүрэл, мөнгө, алтаар хийгдсэн байдаг. Мөн Гэрэгэ эзэндээ халдашгүй дархан байдлыг бий болгож, Их Монгол Улсын Далай хааныг төлөөлж байгааг илтгэж байсан.

Гэрэгэ эзэндээ халдашгүй дархан байдлыг бий болгож, Их Монгол Улсын Далай хааныг төлөөлж байгааг илтгэж байсан.

Гэрэгэтэй хүнд халдах, баривлах эрх тухайн үеийн улс орнуудад байгаагүй. Тухайн хүний хаанаас ирснийг гэрчлэх таних тэмдэг, амь насны баталгаа болж байсан гэрэгэ одоогийн гадаад паспорттой төстэй үүрэг гүйцэтгэж байсан.

Түүнчлэн дэлхийн олон улс харилцан бие биедээ итгэх, баталгаатай харилцааг бий болгоход Монголчуудын бий болгосон Гэрэгэ чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг.