Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

Германчууд ДЭМБ-ын хорт хавдрын анхааруулгатай санал нийлэхгүй байна

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 10 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага боловсруулсан махан хүнсийг хорт хавдар үүсгэдэг бүтээгдэхүүнүүдийн ангилалд оруулж архи, тамхитай нэг түвшинд авч үзэх болсноо зарласан.

Мөн боловсруулаагүй улаан мах (шувуу, загасны бус) нь түүний дараагийн ангилал буюу хорт хавдар үүсгэж болзошгүй бүтээгдэхүүнүүдийн жагсаалтанд оржээ.

Гэхдээ ДЭМБ махыг тохируулж хэрэглэх нь ашигтай, төмөр, цайр, селен, В витамин зэрэг эрүүл мэндэд хэрэгтэй бодисуудыг өгдөг гэсэн байна.

Одоо харин улс орон бүрийн эрүүл мэндийн байгууллагууд энэ зөвлөмжийг өөр өөрийн стандартад тохируулан буулгах ёстой аж.

ДЭМБ-ын гаргасан шийдвэрт эмзэглэж байгаа хүмүүс бол Германчууд. Тэд махан хүнс ихээр хэрэглэдэг. Германы Хоол тэжээлийн Нийгэмлэг нэг хүний долоо хоногийн махны хэрэглээ 300-600 граммаас хэтрэхгүй байхыг зөвлөдөг гэнэ. Гэвч Герман эрчүүд нэг килограммаас дээш хэрэглэдэг бол эмэгтэйчүүд нь 600 грамм орчмыг дунджаар хэрэглэдэг ажээ.

Нобелийн шагналт хавдар судлаач Харальд зюр Хаузен Tagesspiegel сэтгүүлд ярихдаа ДЭМБ-ын шинэ ангилалд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна. Түүний үзэж байгаагаар улаан махыг шарах, утах зэргээр боловсруулахад янз бүрийн химийн бодис ялгардаг ч шувуу, загасны махнаас мөн л ийм бодис ялгардгийг онцолжээ.

Тэр зарим улаан махны өндөр хэрэглээтэй Монгол, Боливи зэрэг орнуудад бүдүүн гэдэсний хорт хавдрын өвчлөл маш бага байдгийг ярьсан байна.

Хаузен цааш нь ярихдаа зарим нэг төрлийн үхрийн мах эрсдэлтэйг баталсан байдаг ба тиймээс бүгдийг нь гэж ерөнхийлөхгүйгээр илүү задалж ялгах хэрэгтэй гэжээ.

Гэсэн хэдий ч Хаузен энэ анхааруулгаас болоод махны хэрэглээгээ хүмүүс бууруулж байвал буруудах зүйлгүй гэсэн байна.

Өөр нэг мэргэжилтэн Германы Махны Үйлдвэрлэлийн Холбооны тэргүүн Томас Вогельсанг хорт хавдрын өвчлөл зөвхөн нэг төрлийн хүнснээс бий болохгүй, үүнд удамшлын, байгаль орчны, амьдралын хэв маягийн гээд олон шалтгаанууд нөлөөлнө гэжээ.

Судалгааны тоо баримтаас харахад боловсруулсан махны хэт хэрэглээнээс үүдэлтэй хорт хавдраар жил бүр 34,000 хүн амиа алддаг гэнэ. Хэрвээ улаан махны нөлөө батлагдах юм бол энэ тоо нийтдээ 50,000 хүрнэ.

Харин тамхинаас үүдэлтэй хорт хавдраар дэлхий даяар жилд зургаан сая гаруй хүн амиа алддагтай харьцуулбал бага үзүүлэлт юм байна.

 

Эх сурвалж: Der Tagesspiegel