Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Батцэрэг сайд эхний томилолтоо Өвөрхангайгаас эхэллээ

БОНХАЖЯ
2015 оны 10 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Энэ амралтын өдрөөр БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэгээр ахлуулсан ажлын хэсэг хөдөө орон нутгийн харъяа байгууллагуудынхаа үйл ажиллагаатай танилцах, тэдгээрийн удирдлага, ажилтан албан хаагчидтай биечлэн уулзаж, санал солилцохоор Өвөрхангай аймгийг зорилоо.

Улаанбаатар хотоос арван хүний бүрэлдэхүүнтэй хөдөлсөн ажлын хэсэгт БОНХАЖЯ-ныТөрийн захиргааны удирдлагын газрын дарга Ө.Сумъяабаатар, Сав газрын удирдлагын хэлтсийн дарга Х.Түвшинбаяр, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Б.Цэрэнцэцэг, сайдын ажлын албан бусад хүмүүс багтсан юм.

Энэхүү томилолт Н.Батцэрэг сайдын хувьд эхний орон нутгийн албан томилолт бөгөөд Өвөрхангай аймаг аялал жуулчлал, уул уурхай, гол горхины тулгамдаж буй хэд хэдэн асуудал байдаг. Ажлын хэсгийн эхний зогсоол Ус цаг уур орчны шинжилгээний албанаас эхэллээ. Тус албаны хувьд Хужирт суманд байрлах станц нь чулуун барилгад байрлаж байгаа бол Богд суманд байрлах станц нь газар хөдлөлтөнд цууралт өгөөд байгаа юм байна.

Орчны шинжилгээний ажил хийхэд зориулалтын бус байртай байгаа болохоор өргөтгөл хийх хэрэгтэй болсноо хэлж байсан. Мөн долоон өртөөд бүгд автомат станцад холбогдсон ч харуулууд нь холбогдоогүй тул автомат станцтай болгох хүсэлтэй байна гэдгээ сайдад дуулгалаа. Харин тэдний хийж буй ажлын хувьд 3 цаг тутамд өртөөнүүдээс цаг уурын мэдээгээ авч нэгтгэн Улаанбаатар хот руу явуулах, гүний худгийн усны найрлагыг шинжлэн лабораторийн дүн мэдээг гаргах, агаарын тоосонцорын хэмжээг тогтоож, шар шороон шуурганы автомат станцаар мониторонг хийх, хөрсний чийгшлийг автомат машинаар хэмжих, үүл буудаж бороо оруулах чиглэлээр мэргэжлийн багтай болжээ.Энэ жилийн хувьд тариан бүс нутгааргандуу байсан тул үүл буудаж бороо оруулах ажилд нийт гучин долоон пуужин ашиглажээ.

Хамгийн их асуудал дагуулдаг Орхон гол бохирдоод байна гэсэн орон нутгийн иргэдийн мэдээллийн дагуу Ус цаг, уур орчны шинжилгээнийхэн 50 километрийн зайтай 5 цэгээс дээж авч шинжилхэд усны найрлага нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хэмжээнд бохирдол үүсээгүй хэвийн хэмжээнд, өнгө нь цайвар шаргал өнгөтэй болж хувирсан гэсэн шинжилгээний хариуг холбогдох газарт нь хүргүүлээд байсан юм.  

Н.Батцэрэг сайд ажил байдалтай биечлэн танилцсаны дараа салбар хоорондын уялдаа холбоогоо сайжруулах, тоон мэдээллээ нэгтгэх, цаг уурын болоод гүний усанд хийсэн шинжилгээний хариугаа цаасан дээр буулгаад орхих бус хэрэглэгчдэд хүргэх хэрэгтэй. Худгийн усанд хийсэн шинжилгээний хариуг шинжлэх ухааны хүрээлэнгүүдэд өгөхөөс гадна худгийн дэргэд мэдээллийн самбар байршуулж мэдээллийг тухай бүр ил тавьж бай. Иргэд уг мэдээллийг хараад ямар хатуулагтай, ямар ус ууж байгаа талаараа мэдэж байх хэрэгтэй. Мөн үнэ цэнэтэй мэдээллээ арилжаалах, захиалгаар мэдээлэл нийлүүлэх боломж байгаа эсэхийг эрэлхийлэхийг зөвлөлөө.

Дараагийн зогсоол бол Г.Баясгалан даргатай Байгаль орчны газар байлаа. Ажил мэргэжилдээ туршлагатай энэ хамт олны хувьд хийсэн ажил, хийхээр төлөвлөж буй олон ажилд нь сайд чамлахааргүй сайн дүн өгсөн юм.

Харин Уянга, Бат-Өлзийт сумдад уул уурхайн чиглэлээр хэд хэдэн компани үйл ажиллагаа явуулдаг ч гол ус бохирдуулсан, байгаль орчны нөхөн сэргээлт хийгээгүй гэх мэт олон анхаарал татсан асуудал байлаа. Тиймээс эдгээр асуудлыг хэрхэн шийдэх боломжтой талаар харъяа газрынхаа удирдлагуудтай уулзахаас гадна аймгийн засаг дарга Д.Тогтохсүрэн, ИТХ-ын дарга, Хархорин сумын засаг дарга Л.Энхбат нартай уулзаж, яам, засгийн газар, сайд, орон нутгийн төвшинд энэ асуудалд хамтран ажиллах талаар харилцан санал солилцсон.

Мөн Онги-Таац голын сав газрын хамгаалалтын захиргаа усны менежментийн талаар ихээхэн санаачлагатай ажиллаж байгаа бөгөөд Орхоны хөндийд хураамж нэмэгдүүлэх, Орхон голын сав газрын захиргааг Өвөрхангай аймагт ойртуулах, Бат-Өлзийт сумын “Улаан ам”-ны багт суурьшлын бүс үүсэх гээд байгаа тул анхааралдаа авч ажиллахыг дуулгасан юм.

Өвөрхангай аймагт хийсэн Н.Батцэрэг сайдын энэ удаагийн томилолт орон нутгийн олон ажилтай биечлэн танилцаж, газар дээр нь асуудлыг шийдвэрлэсэн томилолт боллоо.