Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Яагаад Монголчууд онгоцны буудлаа Чингис хаан гэж нэрлэж болдог, харин Германчууд…

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Яагаад Монголчууд нисэх онгоцны буудлаа Чингис хаан хэмээн нэрлэж болдог бол Германчууд Адольф Гитлерийн нэрээр нэрлэж болдоггүй вэ?

Ийм асуулт олон нийтийн хэлэлцүүлгийн сайт Quora-д тавигдаж олон хүн үзэл бодлоо хуваалцсан байна. Тэдгээрээс түүх сонирхогч Анируд Аруны тайлбар сонирхолтой санагдсан тул орчуулан хүргэж байна.


 

“Бид уг нь саарал ертөнцөд амьдардаг боловч хүмүүс нэг бол цагаан, үгүй бол хараар харахыг хүсдэг”

Энэ бол түүх талаасаа ч бус, бас хүний сэтгэлзүй талаасаа сонирхолтой асуулт. Чингис хаан, Адольф Гитлер хоёр хоёул агуу удирдагчид бас харгис хүмүүс байсан. Тэд зорилгодоо хүрэхийн тулд өнөөдрийн бидний нэрлэдэг хүнлэг ёсыг огоорсон. Олон талаар адилхан хүмүүс боловч өнөөдөр тэднийг ихээхэн ялгаатай үзэх болсон нь гайхалтай.

Ихэнх хүмүүсийн мэддэггүй зарим нэг баримтыг дэлгэн үзүүлье.

 

Үзэл санааны гарал: 

Тэмүжин Чингис хаан 1100-аад оны дунд үед Уйгур, Татар, Хэрэйд, Хамаг Монгол, Найман, Мэргид аймгуудыг тэмцэлдэж байх цаг үед төрсөн. Ялагдсан Татар аймгийн тэргүүний нэрийг ааваасаа авсан залуу Тэмүжин Монголчуудыг хожим нэгтгэсэн юм. Энэ үйл хэрэг нь түүний Төв Ази болон Монголд оруулсан хамгийн том хувь нэмэр.

Тэр үүнийгээ айдас хүйдэс, мэргэн бодлогоор гүйцэлдүүлсэн гэдэг.

 

Нөгөө талд Адольф Гитлер нь бутарсан Рейхийн нутагт бутач хүүхэд болон мэндэлжээ. Сүүлдээ тэр бусад Австрийн Германчуудын нэгэн адил хатуу үндсэрхэг үзэлтэн болсон. Түүний философийн үндэс нь 19 дүгээр зууны сүүл, 20 дугаар зууны эхэнд гүн хямралд ороод байсан Германы бахархлыг дахин сэргээх байв. Үүнийг гүйцээхийн тулд тэр эхлээд хүчирхэг Германы Рейхийг босгохыг мөрөөдөж байлаа.

 

Үнэнч тойрон хүрээлэгсэд:

Чингис хаан ойрын хүмүүс болох Жамуха, Сүбэдэй, Тоорил Ван, хөвгүүд нарынхаа үнэнч занг үнэлдэг, тэдэнд итгэдэг байв. Түүнгүйгээр Тэмүжин урвалт шарвалтын энэ ертөнцөд ганц ч жил тогтохгүй байсан юм.

 

Гитлерийн хувьд мөн л өөрийн итгэлт хүмүүс болох Гимлер, Геббельс, Геринг нараар хүрээлүүлж байсан. Гэхдээ тэд Гитлерт үнэнч биш, харин der Undergang гэсэн үзэлдээ үнэнч, нэгдмэл байсан байх.

 

Геноцид, Дайны үеийн харгислал:

 

Энэ тал дээр Чингис хаан бол Хорезм, Хятад, Монгол, Зүүн Европт үйлдэгдсэн аллагын ганц хариуцагч. Түүхэн баримтуудаас дурдвал:

Персэд: “Уламжлал ёсоор гар урлаачдыг Монгол руу илгээж, залуу эмэгтэйчүүд, хүүхдүүдийг Монгол цэргүүдэд боол болгон хуваарилсан бол үлдсэн хүмүүсийг бүгдийг хяджээ. Персийн түүхч Жувейни бичсэнээр Ургенч хотод 50,000 монгол цэрэгт хүн тус бүрийн 24 иргэнийг алах даалгавар өгсөн нь 1.2 сая хүн болно. Ургенчийн хядлага нь хүн төрөлхтний түүхийн хамгийн том цуст үйл явдлуудын нэгд тооцогддог”

Монголд: “12, 13 дугаар зуунд зарим ялагдсан хаад ноёдыг амьдаар нь чанадаг байв. Энэ арга нь дээд язгууртнуудын цусыг гаргахыг хориглодог заншилтай нийцэж байсан ч нөгөө талаар хамгийн харгис ялд тооцогдоно”

Мөн тэр Хятадад хийсэн хядлагаараа түүхэнд нэрээ үлдээсэн юм.

 

Адольф Гитлерийн хувьд: Геноцидын үр дүнд 16,315,000 хүн алагдсаны 10.5 сая нь славян, 5.3 сая жүүд, 258,000 румынь, 220,000 ижил хүйстэн байжээ.

 

Хүн төрөлхтний хөгжилд оруулсан хувь нэмэр

Чингис хаан:

  • Торгоны замын хөгжил
  • Улс төр, соёлын хувьд Ази, Ойрх Дорнод, Европыг холбосон
  • Тухайн үеийн мэдэгдэж байсан газар нутгийн ихэнх хэсгийг эзэлсэн хэд хэдэн эзэнт улсыг бий болгосон.

Адольф Гитлер:

  • Германы түүхэн дэх томоохон дэд бүтцийн хөгжүүлэлт: автобан, төмөр зам, усан сан, барилга гэх мэт.
  • Унасан байсан эдийн засгийг сэргээж ажилгүйдлийг алга болгосон.
  • Цэргийн болон шинжлэх ухааны судалгааг үсрэнгүй хөгжүүлсэн. Вольксвагенаас Атомын бөмбөг хүртэл. Ямар зорилгоор бүтээснийг нь эс тооцвол шинжлэх ухаанд том хувь нэмэр оруулсан.
  • Нэг талаараа дэлхий дахины Колонийн системийг нуран унахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Энэ бол зөвхөн миний бодол.

 

Эдгээр хүмүүсийг ялгаруулж байгаа хүчин зүйлс:

 

Цаг хугацаа: Хүмүүсийн хэлж байгаачлан “цаг хугацаа бүхнийг эдгээдэг” нь үнэн. Чингис хааны харгислал 13 дугаар зуунд болсон бол Гитлерийн түүх саяхных тул хүмүүсийн ой санамжаас алга болоогүй байгаа.

Гэхдээ л би 2500 онд Адольф Гитлер Олон улсын нисэх онгоцны буудал байгуулагдахгүй гэдэгт итгэлтэй байна.

 

Залгамжлагчид: Чингис хаан агуу өв залгамжлагчдыг үлдээсэн: Өгөдэй, Чагадай, Тулуй, сүүлд Хубилай гэх мэт. Залгамжлагчид бол чиний амьдралыг түүх болгон чулуун дээр сийлэх ёстой хүмүүс. Тэд хааны түүх домгийг өөрсдийн амьдралын турш хадгалж, бэхжүүлж явсан. Харин Гитлерийн хувьд Эва Брауны хамт амиа хорлосноор түүний ард түүхийг нь бичих залгамжлагч үлдээгүй.

 

Дайснууд: Чингис хаан дайснуудаа устгасан бол Адольф Гитлер өөрийгөө устгасан.

Өнөөдөр Жүүдүүд дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүс. Тиймээс дэлхийн хаана ч Гитлерийг зөвтгөх үг хэлэх боломжийг тэд олгохгүй. Харин Чингис хааны дайснууд одоо байхгүй. Тиймээс түүний нэрээр онгоцны буудлыг нэрлэж болно.

 

Үр дүн:

Хоёр хүн хоёулаа өөрсдийн төсөөлж байгаагүй хэмжээгээр дэлхийг өөрчилсөн. Гэтэл Хаан дэлхийг хөл дороо сөхрүүлсэндээ сэтгэл хангалуунаар нууцлаг бунхандаа нойрсож байна. Харин Гитлерийн цогцосыг бензинээр цутгаж Рейхстагийн гадаа шатаасан.

Энэ бол түүхийн даажигнал юм.