Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Хүн төрөлхтөн Африкаас эрт нүүдэллэснийг шинэ олдвор харууллаа

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Хятадын агуйгаас олдсон хүний шүд нь хүн төрөлхтөн Европт хүрэхээсээ хэдэн арван мянган жилийн өмнө Азид очсоныг харуулж байна.

Судлаачид энэ олдвор нь хүн төрөлхтөн Африк тивээс бусад тив рүү нүүдэллэсэн тухай таамаглалыг шинээр харахад хүргэж байгааг мэдээлжээ.

Орчин үеийн хүн анх 200,000 жилийн өмнөөс Африкт бий болсон гэж үздэг. Харин эндээс хэрхэн салж нүүдэллэсэн тухай онол байнгын маргаантай байдаг сэдэв.

Өмнөх таамаглалаар Африкаас 70-40 мянган жилийн өмнө бусад бүс нутгууд руу нүүсэн гэж үздэг юм.

Харин саяны нээлтээр энэ хугацаа 130 мянган жил болж урагшилж байна.

Хятадын Хунань мужийн Фуяань агуйд хийсэн малтлагын үеэр эрдэмтэд эртний хүний шүд олжээ.

Энэ агуй нь 3,000 метр квадрат талбайтай бөгөөд түүний нэг хэсэгт малтлага хийсэн юм. Олдсон шүд нь 80 мянган жилээс урт настай гэдэг нь эхний ээлжинд батлагдаж байгаа бөгөөд цаашилбал 120 мянган жилийн өмнөх ч байж болохоор байна.

Мөн эдгээр шүд нь ойролцоо үеийн Африк болон Хятадын бусад хэсгээс олдсон шүднүүдээс жижиг байгаа нь Хятадын өмнөд хэсэгт орчин үеийн хүний өвөг дээдэс оршиж байсныг харуулж байгаа гэнэ. Харин Хятадын хойд хэсгээр өөр төрлийн (мөхсөн) хүмүүс амьдарч байжээ.

Өөрөөр хэлбэл өмнөд Хятад нь одоогийн зүүн Азийн бүс нутгийн хүмүүсийн өлгий байсан байна.

Энэ нээлтээр орчин үеийн хүн хожуу Европ тивд хөл тавьсныг харуулж байгаа. Одоог хүртэл Европ тивээс олдсон хамгийн эртний хүний олдвор нь 45 мянган жилийн өмнөх юм.

Магадгүй энэ нь неандертальчууд орчин үеийн хүнийг Европт нэвтрүүлэхгүй хэсэг тогтоосонтой холбоотой байх гэж судлаачид таамаглаж байна.

Эцэстээ неандерталь хүмүүс байгаль цаг уурын өөрчлөлтөөс болж олноор үхэж үрэгдсэний дараа орчин үеийн хүмүүс Европыг эзэгнэх болсон бололтой.

 

Эх сурвалж: LiveScience