Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

Христофер Колумби харгислагч байсныг батлах ЕСӨН БАРИМТ

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Жил бүрийн аравдугаар сарын хоёр дахь Даваа гарагийг Америкт Христофер Колумбийн шинэ тивийг нээсэн алдрыг дурсдаг өдөр болгон тэмдэглэж байв.

Гэвч сүүлийн үед Америкчуудын ихэнх нь түүнийг дурсах гавьяагүй этгээд байсан хэмээн үзэх болжээ.

Үүнийг батлах дараах баримтуудтай танилцъя. Баримтуудыг саяхан хэвлэгдсэн Лоренс Бергриний “Колумбийн Дөрвөн аялал” (Columbus: The Four Voyages) нэртэй намтраас цуглуулан эмхэтгэжээ.

 

  • Колумби Кариб эмэгтэйг барьцаалж, түүнийг хөлгийн багийнхандаа өгч хүчиндүүлж байжээ.

Энэ тухай түүний хоёр дахь аялалд оролцсон Мишель де Кунеогийн дурсамжинд тэмдэглэгджээ. Колумбийн багийнхан нэгэн үзэсгэлэнтэй Кариб эмэгтэйг олзлон хөлөг дээрээ авчирч хөлгийн багийнхны хэрэгцээг хангaж байжээ.

 

  • Испаниола арал дээр Колумбийн баг Индианчуудыг номхруулахын тулд нэгийнх нь чихийг огтолж байв.

Испаниола бол одоогийн Доминиканы БНУ, Гаити улсууд оршдог арал.

Арлын 2,000 орчим Индианчууд эсэргүүцэл үзүүлсний дараа гурван удирдагчийг нь баривчилж олны өмнө Колумбийн тушаалаар толгойг нь авсан байна. Мөн нэгэн тосгоныхныг өөрийн мэдэлд оруулахын тулд сүрдүүлж иргэдийнх нь нүдэн дээр нэг Индиан хүний чихийг огтолж байжээ.

 

  • Колумби Испаниола арлаас мянга гаруй хүнийг боол болгосон

Кунеогийн дурссанаар Колумби арлын 1,500 хүнийг баривчилж, тэдгээрээс шаардлага хангахгүй 400-г нь чөлөөлж, 500-г нь Испани руу илгээж, 600-г нь арал дээрх Испаничуудад боол болгон өгчээ. Испани руу илгээсэн 500 хүний 200 нь замын дунд амиа алдаж Атлантын далайд хаягдсан байна.

 

  • Алт олж ирэх эсвэл үхэх ял тулгаж байв

Колумби нутгийн иргэдийн 14 наснаас дээш хүн бүрийг их хэмжээний алт олж ирэх, үгүй бол алах ял тулгаж байжээ. Алт багатай нутгийн хүмүүсийг алтны оронд хөвөн олж ирэхийг тушааж байв.

 

  • 50,000 орчим Индианчууд Испаничуудын дарлалаас болж амиа хорложээ.

Испаничуудын дарлалыг тэсэхийн аргагүй болсон тул нутгийн иргэд хаднаас үсрэх, ургамлын үндсээр өөрийгөө хордуулах, өлсөж үхэх замаар бөөн бөөнөөрөө амиа хорлож байв.

 

  • Колумбийн эхний аялалаас хойш 56 жил өнгөрөхөд Испаниола арлын 300,000 оршин суугчаас 500 нь амьд үлджээ.

1492 онд Колумбийг анх ирэхэд Испаниола арал дээр 300,000 хүн амьдардаг байв. 1494-1496 оны хооронд 100,000 хүн амиа хорлож үхжээ. 1508 онд хүн амын тоо 60,000 хүрсэн бол 1548 онд ердөө 500 хүн үлджээ.

 

  • Испаничуудыг ч хатуугаар харгисладаг байв.

Нутгийн иргэдтэй харгис хатуу харьцдаг байсан төдийгүй Колумби өөрийн мэдлийн Испаничуудыг ч хэрцгий аргаар шийтгэдэг байжээ. Олон Испани хүнийг тэр нийтийн өмнө зодож, ташуурдаж шийтгэх, өөртэй нь буруу үг хэлээр харьцсаны төлөө хэлийг нь огтлох, хулгай хийсний төлөө дүүжлэх зэргээр шийтгэж байжээ.

 

  • Колумбийн албатууд 9-10 насны охидыг секс боол болгон зардаг байжээ.

Испаний хатан хааны найз Дона Хуана де ла Торрын захианд колончлогчдын дунд олон тооны наймаачид байдаг байсан бөгөөд есөөс арван насны охидыг сайн үнээр худалдан авч цааш зуучилдаг байсан тухай дурджээ.

 

  • Испаничууд ядарсан Индиан боолын гинжийг суллахын оронд толгойг нь тасдаж байжээ.

Испаний колончлогчдын түүхийг бичсэн Бенжамин Киний баталснаар Испани эзэд сульдаж ядарсан Индиан боолуудын хүзүүний гинжийг суллахын оронд цаг хэмнэж толгойг нь тасдаж орхиод явдаг байжээ.

 

Эх сурвалж: Vox.Com