Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудлаар чуулж байна

БОНХАЖЯ
2015 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг зураг

БОНХАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, НҮБХХ-ийн “Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх нь” төсөл, Германы сэргээн босголтын банкны “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслүүд хамтран “Тусгай Хамгаалалттай Газар Нутгийн Үндэсний Чуулган”-ыг дөрөв дэх удаагаа “Тусгай хамгаалалттай газар нутаг - Олон улсын болон Монгол Улсын төрийн бодлого” сэдвийн хүрээнд зохион байгуулж байна.

Чуулганы зорилго: Тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хөтөлбөр, олон улсын конвенцийг хэрэгжүүлэхэд салбарын оруулж буй хувь нэмрийг үнэлэх, түүний хамгаалалтын менежментийг сайжруулахад олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилтыг тодорхойлоход оршино.

Чуулган 2 өдөр үргэлжлэх ба нэгдсэн хуралдаан, хэлэлцүүлэг гэсэн 2 хэсгээс бүрдэнэ.

Нэгдсэн хуралдаанаар оролцогчид илтгэж тавьж туршлага хуваалцах бол, хэлэлцүүлгийн үеэр Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөрийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн үр ашгийг дээшлүүлэх талаар олон улсын болон бүс нутгийн түвшинд хамтын ажиллагааг өргөжүүлэх сэдвийн хүрээнд харилцан санал солилцох юм.

Уг чуулганаас дараах үр дүн гарахаар хүлээгдэж байна. Үүнд:

1. Чуулганд оролцогчид Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн талаар Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтууд, Ногоон хөгжлийн бодлого, Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр болон “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулийн төсөлд хэрхэн тодорхойлсон талаар нэгдсэн мэдээлэл, ойлголттой болсон байна.

2. Дээрх бодлого, хөтөлбөрийн хэрэгжүүлэхэд холбогдох талуудын оролцоо, авч хэрэгжүүлэх арга хэмжээг зөвшилцөн тохирсон байна.

3. Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн үр ашгийг дээшлүүлэх талаар олон улсын болон бүс нутгийн түвшинд хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэл тодорхойлогдсон байна.

Чуулганыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БОНХАЖ-ын сайд ноён Н.Батцэрэг нээж үг хэлсэн бөгөөд салбарынхандаа цаашид хийх болон хийж буй ажлынхаа талаар санал бодлоо хуваалцлаа.

 

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг: Монгол Улсын нийт газар нутгийн 17.4 хувийг тусгай хамгаалалттай газар нутаг эзэлж байгаа бөгөөд бид 30 хувь хүргэх зорилго, зорилт тавин ажиллаж байна.

Энэ нь Төв Азийн экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад чухал нөлөөтэй. Мөн бид тусгай хамгаалалттай газрынхаа тоог нэмэгдүүлэх асуудлаар Засгийн газарт 4 газрын нэр оруулахаар бэлтгэж байна.

Байгаль хамгаалагчдын орон тоо, унаа машин, багаж хэрэгсэл гээд ажиллах орчин нөхцөл, нийгмийн асуудлыг шийдвэрлэх олон асуудал байна.

Байгалийн болон хүний хүчин зүйлсийн нөлөөгөөр байгаль орчин хэдийгээр доройтож байгаа ч цаг уур, орчны өөрчлөлтөд дасан зохицох шаардлага бий болсон тул бид олон улсаас хөрөнгө босгох асуудалд онцгой анхаарч байна.

БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл:

Бид Тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх, уг газарт аялал жуулчлалын бүс бий болгох, ингэхдээ биологи, амьтан, ургамлын төрөл зүйлийг авч үлдэх, зохистой ашиглах, нөхөн сэргээх, иргэдийн амьжиргааг дэмжих, шинжлэх ухааны суурь судалгааг сайн хийх хэрэгтэй байна гэлээ.

Мөн ирэх оны 7 дугаар сард БНЧехУ-аас манай улсад 4 тахийг тээвэрлэн нутагшуулна. Эдгээр тахийг НҮБ-ийн энхийг сахиулагчдын онгоцоор Хустайн нуруунд тээвэрлэн авчрах бөгөөд уг онгоцоор Хустайн нуруунд нутагшиж буй 4 тахийг говийн дархан цаазат “Б” хэсэгт нутагшуулах ажлыг зохион байгуулна. Энэ ажлын хүрээнд манай 4 мэргэжилтэнг БНЧехУ-ын холбогдох албаны хүмүүс тээвэрлэлтийн чиглэлээр сургахаар боллоо.

 

Чуулганд УИХ-ын БОХХААБХ, ЭЗБХ-ны гишүүд, холбогдох яамд, гадаад улсын элчин сайдын яамд, ОУ-ын байгууллагууд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Хил дамнасан тусгай хамгаалалттай газар нутгийн төлөөлөл, Хамгаалалтын захиргаад, аймгийн БОАЖГ, Орчны бүсийн менежментийн зөвлөл, ТББ, хувийн хэвшил, судлаачдын төлөөллийн гээд нийт 280 гаруй зочид төлөөлөгчид оролцлоо.

Ялангуяа ОХУ-ын Онон балжийн БЦГ-тай хиллэдэг Сохондын шим мандлын нөөц газар, Хөвсгөл нуурын БЦГ-тай хиллэдэг Тункены БЦГ, Сийлхэмийн БЦГ-тай хиллэдэг Салюгемын БЦГ, Монгол Дагуурын ДЦГ-тай хиллэдэг Даурский ДЦГ болон Мөнх хайрханы БЦГ-тай хиллэдэг БНХАУ-ын Шинжан Уйгарын өөртөө засах орны Алтай аймгийн ТХГН-ын төлөөлөл, БНЧехУ-ын Прагийн амьтаны хүрээлэнгээс захирал оролцож байна.

Чингис зочид буудал. 2015 оны 10 сарын 12-ны өдөр 10:00 цаг