Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ю.Цэдэнбалын 1960-1980-аад оны тэмдэглэлийн дэвтрээс...

МОНСУДАР
2015 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Энэ есдүгээр сарын 17-нд Монгол Улсын төрд 44 жил зүтгэсэн БНМАУ-ын баатар, Маршал Ю.Цэдэнбал агсан мэндэлсний 99 жилийн ой тохиосон билээ. 

Өмнөх дугаартаа бид түүний хувийн амьдрал, улстөрийн үйл хэргийн тухай дэлгэрэнгүй өгүүлсэн “Цэдэнбал түүний цаг үе” хэмээ хцуврал хоёр ботийн нэгдүгээр ботиос толилуулж байсан бол энэ удаа хоёрдугаар боть болох “Баримт бичиг, захидал, дурдатгал” номноос хэсэгчлэн хүргэж байна.

Даргын дотроо бодож явсан зүйл 

Тэмдэглэлийн дэвтэрт бичсэн зүйлийг яг дурсамж шиг – ямар нэг зүйлийн тухай өгүүлэх гэж биш, нуух гэж бичсэн байх нь олонтаа тохиолддог билээ. Гэвч янз бүрийн хэмжээтэй, өөр өөр хавтастай, шинэ хуучин бөгөөд дотор нь орос, худам бичгээр хийсэн өчнөөн тэмдэглэл бүхий Ю.Цэдэнбалын хадгалагдаж үлдсэн хориод тэмдэглэлийн дэвтэр нь үзэг юм уу хөх харандаагаар таталгасхийн бичиж байсан эзнийх нь тухай төсөөлөл өгнө гэвэл юу л бол. 

Тэрээр ихэнхдээ, ялангуяа амьдралынхаа сүүлийн жилүүдэд хоорондоо ямар ч холбоогүй тэмдэглэл хийж байсан бөгөөд тэдгээр нь санаанд нь төрсөн бодол сэтгэмжээс нь үүдэлтэй гэхээсээ илүү ой тойнд нь гэнэт гялсхийн орж ирсэн тохиолдлын чанартай дурсамж дурдатгалаас нь үүдэлтэй байлаа. 

Тийнхүү тэрээр Н.С.Хрущев, Л.И.Брежнев, Ю.В.Андроповтой уулзаж байсныгаа, Хятадад хандах хандлагынхаа тухай, Крымд амарч байх үеийн дурсамжаасаа цухас цухасхан тэмдэглэжээ. Сэтгэл нь хөдлөж бичсэн зүйл гэвэл зөвхөн Анастасия Ивановнагийн тухай тэмдэглэл, ичингүйрэн хайраа илчилсэн үгс нь байна. Тэгэхдээ хайр сэтгэлийн тухай ганц ч үг байхгүй бөгөөд гагцхүү сайхан дагинынхаа идэвх зүтгэл эрч хүчийг бахдан бичжээ. 

Өдрийн тэмдэглэлүүдийнх нь дотор уншсан номноосоо хуулж бичсэн зүйл, өөрт нь сонин санагдсан санаа бодол, ухаантай цэцэн үг болоод бичихээр төлөвлөж байсан дурсамжийнх нь ном ямар байх тухай санаа оноо, ардын эмнэлэгийн жорууд олонтаа тааралдна. Тэмдэглэлүүдийг нь авцалдаатай болгохын үүднээс зохиогч хэсэг бусаг бичээсийг нь цаг хугацаа юм уу эсвэл дурссан зүйлийнх нь ойролцоо агуулгыг бодолцон наана цаана нь оруулан нийтлэлээ.

<...> Маршал Чойбалсангийн тэргүүлсэн БНМАУ-ын төлөөлөгчид – түүнд би орсон байв – 1946 оны хоёрдугаар сард найрамдал харилцан туслах гэрээ байгуулахаар Москвад очиж билээ. Тэгэхэд бид Заречьед байрлаж байв. Гэрэл зургууд бий. Ээлжийн амралтынхаа үеэр би гэр бүлтэйгээр [тэнд] 1952, 1953, 1955 онд байрлаж байсан.

1947 онд Маршал Чойбалсан 1938 оноос хойш анх удаа ЗСБНХУ-д амрахаар очсон юм. Тэрээр Заречьед байрлаж байсан. Тэнд Чойбалсан АИ бид хоёрын хуримыг хийлгэсэн юм. И.В.Сталины зөвлөснөөр ЗСБНХУ-ын Дээд Зөвлөл АИ-д гадаад хүнтэй гэрлэхийг зөвшөөрсөн юм. Тэргүүлэгчдийн газарт  хандсан захидлыг В.М.Молотов бичсэн. Энэ тухай надад Зөв. элчин сайд И.А.Иванов ярьсан юм. 

 

Сталин. ЗХУКН-ын ХХ их хурлын дараа би Н.С.Хрущевтой уулзсан юм. Надад ажил хэргийн холбогдолтой асуудлууд байлаа. Зарим нэг объектуудыг барьж байгуулахад туслаач гэж гуйв. Хрущев зөвшөөрч тавьсан асуудлуудыг шийдвэрлэв. Ярилцлагынхаа төгсгөлд би: Та Зөвлөлт Холбоот Улсад Сталины хөшөөнүүдийг буулгаж байна... гэж асуулаа – “Үүнийг ард түмэн шаардаж байна” гэж Хрущев хэлэв.

Тэгэхэд нь би – Монголд, Улаанбаатарт бид Сталины ганцхан хөшөө босгосон. Бид тэрнийг буулгахгүй байгаа. Биднийг манай ард түмэн ойлгохгүй гэлээ. Хрущев: “Энэ бол, одоо, та нарын шийдэх хэрэг. Манайд хаадын хөшөө ч гозойж л байна. Яахав тэр хөшөө танайд гозойж л байна биз” гэж билээ.

1961 оны долдугаар сард ардын хувьсгалын дөчин жилийн ойн баяраар Зөвлөлт Холбоот Улсаас ЗХУКН-ын ТХ-ны нарийн бичгийн дарга М.А.Суслов тэргүүтэй төлөөлөгчид ирсэн юм. 7.10-нд бид төлөөлөгчдийг Баянгол дахь зусланд урьсан юм (хожим нь бид тэнд АИ-гийн санаачлагаар олон улсын пионерийн зуслан барьсан).

Орой нь хотын зах руу орж явтал манай машиныг ачааны тэрэг хар эрчээрээ ирж мөргөв (Тэрээр хажуугаас их хурдтайгаар бидний явж байсан засмал руу давхиж явжээ). Миний баруун хөл хуга цохигдсон байв. ЗХУКН-ын ТХ-ны хэлтсийн эрхлэгч Ю.В.Андропов намайг засгийн газрын эмнэлэг рүү аваад явлаа. Тэнд зөвхөн жижүүрийн эмч сувилагч хоёр байв. Намайг ширээн дээр дээш харуулж хэвтүүлээд дэргэд Юрий Владимирович Андропов жижүүрлэв.

Тэр маш сэтгэл зовсон байлаа. Эмч нарыг зуслангаас нь цуглуулав. Андропов М.А.Суслов руу явлаа. Казахстаны сайд нарын зөвлөлийн даргын сууж явсан машины урд талын татаж гаргадаг суудлын төмрийн хэлтэрхийгээр түүний хөлийн арьс зүсэгдсэн байв. Андропов тэгэхэд Москва руу утасдаж тэндээс маргааш нь академич (мэс засалч) Петровский (хожим нь тэрээр олон жил эрүүлийг хамгаалах яамны сайд байсан) нэгэн залуу мэс засалчтай нисч ирэв.

Тэр өдрийн шөнө нь манай чадалтай мэс засалч Шагдарсүрэн надад мэс ажилбар хийснийг нь академич Петровский зөв гэж үнэлэв. Тэр сардаа намайг галт тэргээр Москвад аваачиж тэнд Лениний уулан дахь шилтгээнд удаан хэвтэж эмчлүүллээ. Зугуухнаар шохойг дээрээс нь тайран авав. Эхлээд өвдөг хүртэл авч – өвдгөө нугалдаг болов. Гэхдээ хөлнийхөө хоёр талд төмөр тулгууртай удтал байсан (тулгуурыг гуталд бэхэлсэн байлаа).

1971 онд Брежнев надад ярьсан нь: П.Г.Кравченко13 39 оны намар БНМАУ-аас Днепропетровскод очсон юм. Эх нь Голубовка тосгонд суудаг байлаа. Мужийн намын хороо түүнд баяр хүргэсэн. Шалтгаан нь – тэрээр Халх голд ЗСБНХУ-ын хошой баатар болжээ. 

Пицунд, 8 дугаар зуслан. 9.8-нд Кириленкогийн үдийн хоолонд очив. 9 дүгээр зуслан. Өмнөх өдөр нь тэрээр эхнэртэйгээ манайд ирж биднийг урьсан юм. Тэрээр 72 нас хүрч байгаа аж. Үдийн хоолонд ТХ-ны нарийн бичгийн дарга Рябов Яков Петрович, Гүржийн сайд нарын зөвлөлийн дарга Зураб Александрович Патризе эхнэртэйгээ, ЗСБНХУ-ын Барилгын яамны сайд Караваев Георгий Аркадьевич эхнэртэйгээ ирсэн байв. Тэрээр Кириленког мужийн намын хорооны нарийн бичгийн дарга байх үед түүний удирдлагын доор Николаев, Запорожье, Днепропетровск, Свердловскод Барилгын удирдах газрын дарга байжээ. Тэрээр томоохон (гаргацгүй)... болон цэргийн объектууд барьж байгуулдаг ажээ.

ЗСБНХУ-ын Улсын кино хорооны дарга Ермаш Филипп Тимофеевич нь Кириленког Свердловск мужид ажиллаж байхад БХЛКЗЭ-ийн мужийн хорооны нарийн бичгийн дарга нарын нэг байжээ. Тэр үед тэд, манайх гурван маш-тай – тэр нь Уралмаш, Химмаш тэгээд Ермаш гэж хошигнодог байсан гэнэ. Бид Кириленкогийнд 13-аас 18 хүртэл байв. Би Кириленко, Брежнев хоёрын төлөө хундага өргөлөө. АИ – Кириленкогийн эгэл жирийн зан, халуун сэтгэл, хүнлэг чанарын төлөө хундага өргөв. Кириленкогийн нүднээс нулимс гарч билээ. АИ – зарим хүмүүс өндөр албан тушаалд дэвшихээрээ зангаа хувиргадаг гэж хэллээ. Кириленко хэлсэн үгэндээ, тэрбум хүн амтай Хятад Монголыг бяцалж болох боловч монголчууд түүнээс нь айхгүй Хятадын эзлэн түрэмгийллийн эсрэг бат зогсч байна гэж хэлэв.

 

80.8.18 Крым хот, Ялта. Л.И.Брежнев надтай ярилцаж байхдаа: “Бас нэг, магадгүй, том биш боловч чухал асуудал байна. Танайд орос хэлийг судлах ажил өргөн далайцтай хийгдэж байна. Энэ бол, мэдээж, сайхан бас өгөөжтэй ажил. Орос хэлийг сайн эзэмшсэн явдал нь хэдийнээс танай олон нөхдийн хувьд ертөнцийг таних дэлгээтэй уужим цонх болсон. Гэхдээ, эрхэм нөхөр Цэдэнбал аа, хүмүүсийг орос хэл сурах ажилд татан оруулж, энэ ажлыг зохион байгуулахдаа зөвхөн сайн дурынх нь үндсэн дээр, аливаа шахалт үзүүлэхээс зайлсхийж, хөхиүлэн дэмжих ятгаж ойлгуулах аргаар хийх хэрэгтэй. Би чамайг эртнээс сайн мэддэгийн хувьд, чамд эрхэм найзын сэтгэлээр ханддагийн хувьд чамд энэ нарийн асуудлын тухай ярьж байна. Миний нөхөр ёсны зөвлөгөөг зөв хүлээж авна гэдэгт итгэлтэй байна шүү” гэж хэлэв.

81.3.18-нд Москвад ирлээ. Лхагва. 19-нөөс хоолойгоо эмчилж эхлэв. Ларингит. Улаанбаатар луу 81.4.2-нд буцлаа. Энэ үед сансрын нисгэгч Жанибеков, Гүррагчаа (БНМАУ) нар сансарт хөөрөв. 

Хятад бидний эсрэг 10-12 дивизи, 150 мянган хүн хаяж чадахаар байна. Хятадууд хил рүү хоёр хоногийн дотор ирж гарцуудыг хааж чадна. Нэг.

Хоёр. Бидэнд хил рүү хүрэхийн тулд гурван хоног хэрэгтэй. Баруун талд манай байдал тааруухан байна (Баруун талаа эхлээд нэг дивизээр хааж дайсныг гарц руу оруулахгүй хаах хэрэгтэй).

Гурав. Хаалганы чиглэлд гэнэтийн хүчтэй цохилт өгч чадах бүлэг цэрэгтэй байх хэрэгтэй байна. Бээжин – ...гаргацгүй.

Дөрөв. Өмнөговь. Мартаж болохгүй.

Хятад дахь хэрэг явдлыг задлан шинжлэхдээ дотоодын байдлыг нь заавал бодолцох шаардлагатай. Дотоодын бэрхшээлүүд нь Хятадын удирдагчдыг ихээхэн хэмжээгээр гадагш чиглэсэн адал балмад явуулга хийхэд хүргэж байна. Тэд ЗСБНХУ болон бусад социалист орнуудаас харилцаагаа бүрэн тасалвал байдал өөр байх байв. Тэд харилцаагаа бүрэн таслахгүй мөртлөө бас ойртохгүй байна.

Коста-Рика, 2 сая хүн амтай, Латин Америк дахь армигүй цорын ганц орон. Чинжүү нь судасны ханыг бэхжүүлж, цус харвалтаас урьдчилан сэргийлдэг.Чидун жимсний тосыг маслинаас гаргаж авдаг, хүний биенээс холестериныг гадагшлуулдаг, түүнийг бий болох явдалд саад болдог.

Хятад дахь хэрэг явдлыг задлан шинжлэхдээ дотоодын байдлыг нь заавал бодолцох шаардлагатай. 

Судасны хатуурлаас урьдчилан сэргийлж цөсний хүүдий болон давсагнаас жижиг чулууг гадагшлуулахад хэрэглэдэг. Тос, зөгийн бал, нэг нимбэгний шүүсийг тус бүрийг хоолны халбагаар өдөрт хоёр-гурав удаа уувал сайн. Сүм хийд. Тэнд залуучуудыг бидэн шиг хурал хийж “манивийлддаггүй”, харин үгийг нь анхааралтай, тэвчээртэй сонсч, зөвлөдөг ажээ. Манай хүмүүжлийн ажилд чухамдаа тийм зүйл дутагдаж байна. 

Миний дурсамж яриаг аль болохоор амьд, сонирхолтой, зугаатай болгохыг хичээх хэрэгтэй юм (тэгэхийн тулд өө сэвийг нь засч их ажиллах хэрэгтэй). Бидний дайсан бол зусарч бялдууч зан. Нэн соёлтой харилцаатай хутгаж андуурч болохгүй.

Анастасия Ивановна – маш зоригтой шийдэмгий, халуун зөөлөн сэтгэлтэй (хүмүүсийг, гол нь хүүхдүүдийг халамжлах, хүмүүсийн төлөө санаа тавьж халамжилдаг, хүмүүсийн цэвдэг сэтгэл, эгэл жирийн хүмүүсийн хувь заяанд анхааралгүй ханддаг явдлын дайсан юм).

АИ бага наснаасаа юм оёж, нэхэж сурчээ. Тэрээр нэг биш удаа гэрийн даашинз, халаад эсгэж оёж, Славик, Зорик хоёрт хүүхдийн өмд, цамц, хормогч, зуны малгай эсгэж оёсон билээ. Тэрээр хатгамал сайн хийдэг – цэцэг, мөөг зэргийг урладаг. Манай өвлийн байрны гадаах бүх паркийг тэрээр суулгаж, ажлыг нь удирдаж, ойгоос ямар ямар мод авчрах тухай өөрөө зөвлөгөө өгч, услах, хашаанд цэцэг тарихыг зааж байсан юм.

Тэрнээс нь өмнө манай хашаанд хашлаганы хананы дагуу зөвхөн тачирхан бутнууд байсан. Манай хашааны манаачаар намайг Монгол банкны дарга байхад аж ахуйн хэлтсийн эрхлэгч байсан Тогоо өвгөн байлаа.

АИ цэцэг маш сайн мэддэг юм. Гэрийн гадаа болон гэрт байгаа цэцгүүдийг АИ л тарьсан. Тэрээр цэцгийн баглаа хийхдээ чадамгай. Нисэх онгоцны буудал, харшид дээд хэмжээний албан ёсны зочдод өгөх цэцгийг тэрээр өөрөө бэлддэг. Хүлээн авалтын үеэр тавих цэцгийг шалгадаг. Тэрээр олон хүнийг цэцгийн баглаа хийж сургасан. Гэсэн ч тэд ямагт түүнтэй зөвлөдөг.

АИ амьдралд асар их хайртай, зовлон зүдгүүр тохиолдсон хүнийг үнэн сэтгэлээсээ өрөвддөг найрсаг, шулуун шударга илэн далангүй зантай. Тэрээр сэтгэлийнхээ гэрэл гэгээг хүмүүст зориулдаг. Тэрээр хазаарлагдашгүй эрч хүчтэй хүн, үйл хөдлөлийн төлөө төрсөн хүн. Ажлыг хойш тавих дургүй. Хүмүүст тустай зүйл хийх нь түүний эрмэлзэл. Тэрээр хүн зовж байхад цэвдэг сэтгэл гаргах нь аймшигтай гэсэн зарчмыг баримталдаг.

Тэрээр хүүхэд, хүмүүст ихэд өрөвч сэтгэлээр хандаж халамжилдаг. Өөрийн зүрх сэтгэлээр хүмүүст сайн сайхан зүйл ихийг авчирдаг. Түүний халамж сэтгэлийн илч бүх хүнд хүртдэг. Хүмүүс түүн рүү зөвлөгөө, тусламж авахаар очиж, өөрсдийн зүдгүүр түгшүүрийн тухай ярьдаг. Хүмүүст баяр баясгалан, сайхан сэтгэл, сэтгэлийн илчээ бэлэглэдэг. Тэрээр элбэрэлтэй энэрэнгүй зөөлөн сэтгэлтэй. Тэрээр хүүхэд эхчүүдийн хувь заяанд халуун сэтгэлээсээ санаа тавьдаг.

Эх сурвалж: “Цэдэнбал, түүний цаг үе, II”: Баримт бичиг, захидал, дурдатгал.

Монголын нам төрийг 40 гаруй жил удирдсан Ю.Цэдэнбал болон тухайн үеийн монголын нийгэм улс төрийн амьдралтай холбоотой баримт бичгүүд, Ю.Цэдэнбалын тухай дурдатгалууд багтсан энэхүү бүтээлээс уншигч та бүхэн 1932 оны эсэргүү бослогын талаар ЗХУ-аас өгсөн зааварчилгаа, хэлмэгдүүлэлт болон чухал захидал харилцаанууд зэрэг олон сонирхолтой баримтуудтай танилцах болно.
Та энэхүү номыг “Интерном” номын их дэлгүүрийн бүх салбараас худалдан авах боломжтой.