Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

“Харийнхан хөл тавих зайгүй, гуйлгачингүй улс”

У.Хулан, iKon.mn
2015 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Энэ ярилцлагыг Жорж Силвестр Виерек (George Sylvester Viereck) 1923 онд Адольф Гитлерээс авч байсан бөгөөд 1932 онд “Liberty” сэтгүүлд дахин хэвлэгджээ.

“Би Герман улсын удирдлагыг гартаа авсанаар эх оронд минь харийн татвар хураагчид болон Большевизм төгсгөл болно”.

Адольф Гитлер богино хугацаанд Германыг өөрийн болгосон ч Большевизм амь бөхтэй оршсоор байна. "Большевизм” гэж хэлээд Фашист Германы удирдагч шүдээ зуун, хорсолтойгоор хараад “Энэ бол бидний заналт дайсан. Герман улс Большевизмыг үгүй хийснээр 70 сая хүний хүч чадал сэргэнэ. Франц улс хамаг хүчээ цэрэг армидаа биш Большевизмд зарцуулснаар манай хоёр улсын дунд хагарал үүссэн. Версалийн гэрээ болон Ариун Германы гэрээ нь Германы нийгэм дэх Большевизмын нөлөөгөөр амь бөхтэй оршсоор байна. Энэхүү Энхийн гэрээ болон Большевизм нь хоёр толгойтой мангас бөгөөд бид тэр хоёр толгойг хоёуланг нь таслах хэрэгтэй” гэв.

Адольф Гитлер ингэж хэлэх үед түүний зарласан Гуравдугаар Эзэнт гүрэн үүсэн бий болох цаг ойртсон мэт санагдаж байлаа. Хэд хэдэн ээлжит сонгууль болов. Сонгууль болгоноор Гитлерийн нэр нөлөө нэмэгдсээр байв. Гинденбургийн удирдагчийн байр суурь нь ганхашгүй мэт байсан бол харин Гитлер Германы хамгийн том намыг тэргүүлж байлаа.

Түүнчлэн Гинденбург дарангуйллын хэм хэмжээг тогтоогоогүй бол эсвэл тааварлахын аргагүй зарим нөхцөл байдал үүсээгүй бол өнөөгийн тооцоолсон бүх ажил талаар болох байв. Гитлерийн нам Засгийн газрын ордон (Reichstag) – ыг зохион байгуулж, засгийн газрын үйл ажиллагаанд давуу эрхтэй байжээ.

Гитлерийн тэмцэл нь Гинденбургийн эсрэг биш харин Канцлер Брүйнин (Bruening) – ийн эсрэг байв. Үндэсний Социалист намын дэмжлэггүйгээр Брүйнингийн залгамжлагч амжилт олж чадах байсан эсэх нь эргэлзээтэй юм.

Санал хураалтын үеэр Гинденбургт саналаа өгсөн олон хүн дотроо Гитлерийг дэмжиж байжээ. Гэсэн хэдий ч тэдний дотор бат суурилсан үнэнч зан нь хуучин удирдагчдаа саналаа өгөхөд хүргэж байв. Нэг шөнийн дотор шинэ удирдагч төрсөн бөгөөд Герман даяар Гинденбургээс өөр Гитлерийг эсэргүүцэх хэн ч байсангүй. Гинденбург тэр үед 85 настай байжээ. Цаг хугацаа болон Францчууд Гитлерт найр тавиагүй бөгөөд нам нь дотроо зөрчилдөөнтэй байсан нь түүнийг Германы Муссолини болоход нь саад болж байв.

Напелеон Австрийн эзэнт гүрний титмийг булаан авснаар Германы Нэгдүгээр Эзэнт Улс эцэс болжээ. II Эзэн хаан нь Гинденбургийн зөвлөснөөр Голландад хорогдож байв. Хэдийгээр хааны очирт таяг болон титэм байхгүй болсон ч III Эзэнт гүрэн байгуулагдах нь цаг хугацааны асуудал болжээ.

Би Гитлертэй удирдлагын төв байранд нь биш харин Германы тэнгисийн цэргийн Адмиралын гэрт уулзсан юм.


Сурв: Танай намын хөтөлбөр Социализм хэмээх зүйлээс эсрэг тэсрэг атал та яагаад өөрийгөө Үндэсний Социалист гэдэг юм бэ?

“Социализм” гэж хэлээд, тэр аягатай цайгаа уурласан мэт доош тавиад “Энэ бол бүх нийтийг сайн сайхан байлгах шинжлэх ухаан. Коммунизм бол Социализм биш. Марксизм ч Социализм биш. Марксистууд Социализмын ерөнхий хэлбэрийг нь авсан ч агуулгыг нь өөрчилсөн. Би Социалистуудаас Социализмыг авна”.

“Социализм бол эртний Ари, Германчуудын тогтолцоо. Герман өвөг дээдэс маань хэд хэдэн газрыг нийтийн өмч болгон ашиглаж байсан. Тэд бүх нийтээр сайн сайхан байх үзлийн суурийг тавьсан. Марксизм Социализмтай нэгэн ижил мэт дүр эсгэх эрхгүй. Марксизмаас ялгаатай нь Социализм хувийн хөрөнгийг үгүйсгэдэггүй, хувийн ямар ч зүйлийг үгүйсгэдэггүй бөгөөд эх оронч үзэл юм”.

“Бид өөрсдийгөө Эрх Чөлөөний Нам гэж хэлж болох юм. Бас бид өөрсдийн нэрээ Үндэсний Социалист болгосон ч болно. Бид Интернационализмыг баримтлагчид биш. Манай Социализм бол үндэснийх. Бидэнд эв санааны нэгдэл дээр тулгуурласан бүтээлч ангиуд шаардлагатай байна. Бидний хувьд төр болон энэхүү нэгдэл нь нэг ижил зүйл юм”.

Гитлер өөрөө цэвэр герман хүн биш. Түүний бараан үс нь Альпийн нуруунаас гаралтай өвөг дээдсээс нь удамшжээ. Тэр олон жилийн турш фото зургаа авахуулаас татгалзаж байсан аж. Дотны нөхдөөс нь өөр хэн ч түүний царайг мэдэхгүй байх нь түүний төлөвлөгөөний нэг хэсэг байсан бөгөөд хямралын үед тэр хэнд ч мэдэгдэлгүй хүссэн газраараа чөлөөтэй явж байв. Харин одоо тэр Германы ямар ч жижигхэн тосгонд очсон хүмүүс түүнийг шууд танина. Түүний гадна төрх нь өөрийнх нь үзэл бодлоос гайхмаар их зөрүүтэй. Ямар ч шинэчлэгч нь хатуу ширүүн зантай байдаг бөгөөд төр хэмээх хөлөг онгоцыг живүүлэх эсвэл улс төр хэмээх зүйлийн амийг таслахаас өөр аргагүй болдог.

Сурв: Таны төлөвлөгөөний үндэс суурь нь юу вэ?

“Бид эрүүл биед саруул ухаан оршдог гэдэгт итгэдэг. Улс төрийн бие нь дуу хоолой бол амин сүнс нь эрүүл байх юм. Ёс суртахуун болон махан биеийн эрүүл мэнд нь үндсэндээ нэг л зүйл. Муссолини надад бас яг ингэж хэлж байсан юм” гээд Гитлер инээмсэглэв.

“Хүн төрөлхтөний гутамшигт зүйлс дотроос архидалтын аравны нэг нь, ядуурлын аравны ес нь хариуцлагагүй байдлаас болдог. Марксист бол өвчтэй хүн. Эрүүл хүн өөрийнхөө үнэ цэнийг мэдэрдэг. Бид гамшиг болон доройтлын эсрэг тэмцэж байна. Баваричууд харьцангуй эрүүл байна. Учир нь тэд бүрэн аж үйлдвэржээгүй. Баваричууд болон бүх Германчууд манай газар нутгийг бага багаар эзэлж буй эрчимтэй аж үйлдвэржилтэд идвэхгүй хандаж байгаагаасаа болоод буруутгагдаж байна. Хэрэв бид Германыг аврахыг хүсч байгаа л бол манай тариаланчид газар шороондоо үнэнч хэвээр үлдэх хэрэгтэй. Тэгж байж л тэдэнд ажиллаж, амьдрах боломж олдоно.

Сурв: Та ажиллах боломжийг хэрхэн олгох вэ?

Бид колони улсуудаа ашиглаж, зүүн зүгрүү газар нутгаа өргөтгөнө. Бидэнд Англи улстай хамт дэлхийг ноёрхож байсан үе бий. Бид Дорно зүгрүү тэлэх болно. Балтийн тэнгис Германых болох боломж байна.

Сурв: Хэрэв энэ төлөвлөгөө бүтэхгүй бол Герман улс газар нутгаа тэлэлгүйгээр зөвхөн эдийн засгийн үүднээс дэлхий дахиныг эзлэн түрэмгийлэх боломжтой юу?

Гитлер толгойгоо сэгсрэв.

“Эдийн засгийн эзлэн түрэмгийлэл цэргийн эзлэн түрэмгийлэлтэй ижил. Аль аль нь хүч чадал дээр суурилдаг. Дэлхийн хүчийг хэмжиж болохуйц том жингүйгээр дэлхийн хэмжээний худалдаа гэж байхгүй. Манай хүмүүс дэлхийн хүч болон дэлхийн худалдааны нөхцлийн тухай бодоход суралцаагүй. Гэвч Герман улс алдсан бүхнээ эргүүлэн олж авахгүй бол гадаад худалдаа болон газар нутгийнхаа алийг нь ч тэлэх боломжгүй.

“Манай улс одоо орон гэрээ түймэрт алдсан хүнтэй адил байна. Элдэв сайхан төлөвлөгөө боловсруулахаасаа өмнө толгой хоргодох оромжтой болох нь чухал. Бид эхний ээлжинд борооноос хоргодох саравч барьсан нь амжилттай болсон. Бид чулуу бутлахаар бүтээгдээгүй. Гэвч бидний замд хөндөлссөн чулууг бутлахаас өөр аргагүй. Герман улс үндэсний, ёс суртахууны, эдийн засгийн шуурга дундуур алхаж байна.

“Ёс суртахууны доройтолтой намын тогтолцоо нь бидний энэ сүйрлийн шалтгаан болж байна. Парламентын мажоритар тогтолцоо нь цаг хугацааны эрхээр ганхаж байна. Парламентын засгийн газар большевизмын үүдийг нээдэг”.

Сурв: Германы зарим цэргийн эрх мэдэлтнүүдээс ялгаатай нь та ЗХУ-тай холбоотон байхыг ойшоодоггүй бололтой?

Гитлер энэ асуултанд шууд хариулахаас зайлсхийж байв. Эрх чөлөөний нам саяхан түүнээс Герман болон ЗХУ-ын эхлүүлсэн бүх Европыг хамарсан дайны талаар Троцкийн бичсэн захидалд өөрийн нэр нөлөөгөө ашиглан хариу өгөхийг хүсчээ.

“ЗХУ-ын Большевизмруу дайрах нь Гитлерийн хувьд аз сорьсон асуудал байж болох юм. Хэрэв тэр тоглоомонд хожигдох болбол дэлгэх сүүлийн хөзөр нь большевикуудтай холбоотон болох ч байж магад. Хэрэв тэгвэл капитализм Үндэсний Социалистуудын сүүлчийн бэхлэлт болох хувийн өмчийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах нь гарцаагүй. Харин тэднийг өөрсдийн тэмцэлдээ татан оруулбал Герман улс ЗХУ-ын үйл ажиллагаанд албадан оролцохоос өөр аргагүй болно. Гэхдээ юу ч болсон бай Большевизм Германд үндэслэхийг яасан ч зөвшөөрөхгүй гэдгээ Гитлер онцолж байв”.

Гитлер Канцлер Брүйнингийн улсыг удирдаж байсан үе болон бусад улс төрийн нэгдсэн удирдлага хүсэгчдийн тухай ярьж байв. Гэвч одоо бүх зүйл тэр үетэй адилгүй болсон бөгөөд Үндэсний Социалист намыг дэмжигчдийн тоо тогтмол өсч, бусад намынханы гол шийдвэрүүдэд Гитлер нөлөөлөх болжээ.

“Нэгдсэн удирдлага бүхий улс төрийн хослол хэтэрхий хэврэг” гэж Гитлер онцлоод, үргэлжлүүлэн “Тэд тодорхой нэг бодлого баримтлах бараг л боломжгүй. Хаа сайгүй л хагас дутуу зөвшилцсөн, харилцан буулт хийсэн тохиолдол харагдах болж. Бидний хүчийг хэд хэдэн удаа сорьсон. Бид тооцоолол болон эдийн засгийн ертөнцийн механизмийг буруугаар ашигласан. Тоон үзүүлэлт зогсолтгүй өсч байгаа хэдий ч үзэл санааны түвшин доошилсоор байгаа нь бидэнд аюул заналхийлж байна. Зөвхөн тооны асуудал тийм ч чухал биш”.

Сурв: Гэвч Франц улс танай газар нутаг руу дайрч болзошгүй юм биш үү? Урьд нь нэг удаа Рахр (Ruhr) мужруу дайрч байсан. Ахиад тэгэхгүй гэх баталгаа байхгүй шүү дээ?

“Хамаагүй ээ. Хэрэв үндэсний үзлийг нэг л сэргээчихвэл дайснууд хэр том газарлуу дайрч чадах юм? Газар нутгийнхаа төлөө амиа өгөхөөс буцахгүй арван сая чөлөөт Герман иргэн байна. Тэд хүч чадлаа хязгаарлуулсан, харийнханд толгойгоо мэдүүлсэн 50 сая хүнээс илүү хүчтэй.

“Бид нэгдмэл, илүү хүчирхэг Герман улс байгуулахыг хүсч байна. Гэвч бидний үйл ажиллагаа өчүүхэн жижиг булангаас ч эхэлж болно. Бидэнд аравхан акр газар байлаа ч бид тэр газраа амь насаа ч үл хайхран хамгаалсанаар тэр газар нөхөн сэргээгдэж, бусдын анхаарал татахуйц газар болно. Манай хүмүүс Герман эсвэл Марксист гэсэн хоёр гол үзэл санаанд хуваагдаад байна. Бид Герман үзлийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Бид Марксизмыг үндсээр нь таслах ёстой. Марксизм болон Германизм нь эсрэг тэсрэг үзэл юм.

“Би Герман улсыг харийнхан багтах зайгүй, гуйлгачид, мөнгө хүүлэгчид, дамын наймаачидгүй, хүн бүр нийгэмд хэрэгтэй зүйл хийдэг улс болгохоор төлөвлөж байна”.

Гитлерийн духан дээрх хөндлөн зураасууд тодрон, дуу нь чангарч, өрөөгөөр нэг цуурайтав. Хаалга дуугарлаа. Гитлерийг дуудах бүрт бие хамгаалагчтай адил бэлэн байдалд зогсож байдаг туслах нь дараагийн уулзалтандаа явах хэрэгтэйг удирдагчдаа сануулав.

Гитлер цайгаа балгаад бослоо.