Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

П.Давааням: Гурван триллион гаруй долларын үл хөдлөх хөрөнгө Чингис хааны өв соёл дээр байдаг

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг

“Чингис хааны дэлхийн академи”-ийн тэргүүн П.Давааням өнөөдөр МҮОНТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд академийн зарим гишүүдийн хамт хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойн хүрээнд хийх тайлга тахилга болон Олон улсын заншлын эрх зүйг Монголын төр засаг ойшоож үзэхгүй байгааг шүүмжилж үг хэлсэн юм.

П.Давааням “Хубилай хааны ойг Монгол Улсдаа анх удаа тэмдэглэж байна. Үүнийг зохион байгуулж буй Засгийн газар, БСШУЯ, нийт иргэдэд баярлаж талархаж буйгаа илэрхийлье.

Хубилай сэцэн хааны талаар олон сайхан ном, илтгэлүүд гарсан байна. Дээр нь Хубилай сэцэн хааны Мөнх тэнгэрт өргөсөн бичгийг хэвлэж гаргажээ. Энэ мэтчилэнгээр хүн төрөлхтний соёл иргэншилд Чингис хааны тав дахь үеийн их хааны оруулсан хувь нэмрийг хүн төрөлхтөн даяараа харж байна.

Хоёрдугаар асуудал нь Чингис хааны алтан ургийнхан өнөөдөр дэлхийн 52 улс оронд оршин амьдарч байна. Алтан ургийнхан Чингис хааны аугаа их өв соёлыг түүхийн турш удирдаж ирсэн. Тэдгээр хүмүүсийн хийсэн бүтээсэн бүх зүйл манай гарагийн аугаа их соёл иргэншилд албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн. Ингээд 2009 онд Дэлхий дахинаа дэлхийн аугаа их соёл иргэншлийг үндэслэсэн, бий болгосон, бүтээсэн гэж албан ёсоор үнэлсэн. Энэ үнэлгээг 13 дугаар зууны түүхэн субъектууд болох ариун Ромын эзэнт гүрэн, аугаа их Визант, Европын холбоо, Нигери мөрний сав газрын аугаа их соёл иргэншил, Буэнос Айрес төвтэй Америкийн аугаа их соёл иргэншил, мөн түүнчлэн Ромын Папын тэргүүлдэг Христийн аугаа их соёл иргэншил албан ёсоор хүлээн зөвшөөрснөөр Чингис хаан бол аугаа их соёл иргэншлийг үндэслэгч, түүний Алтан ургийнхан бол үүний өв залгамжлагч гэдгийг нотолж, баталгаажуулсан.

Чингис хааны алтан ургийнхан өнөөдөр дэлхийн 52 улс оронд оршин амьдарч байна

Энэ соёл иргэншлийг 2009 онд баталгаажуулсан түүхэн баримт бичгүүд надад байна. Эд нараас өөрөөр эртний дэлхий дахины түүхэнд хэн ч дүн шинжилгээ хийх эрх байхгүй. Яагаад гэвэл 13 дугаар зуунд байсан субъект л 13 дугаар зууны Чингисийн Монгол юу хийдгийг баталгаажуулж чадна. Манай гараг энэ талаараа гайхамшигтай, өндөр соёлтой.

Ингээд 2009 оноос хойш Чингис хааны Алтан ургийнхан дэлхийн аугаа их соёл иргэншлийг үндэслэсэн гэж явж байгаа. Үүнийг бид 15 зүйлээр эзэмших ёстой.

Чингис хааны талаар дэлхий дээр байгаа судалгааг ангилж үзэхэд долоон шатанд байна. Тэр дотор хамгийн дээд талынх нь туйлын бодит байдал, дараагийнх нь судалгаа бол Ром, Византын аугаа их элч төлөөлөгчөө явуулж судлуулсан судалгаа байгаа. Гэхдээ тэд харсан үзсэнээ л бичсэн болохоос нарийн судалж чадаагүй. Үүний доод талд өнөөгийн АНУ, Япон, Европын судалгаа ордог. Өөрөөр хэлбэл өнөөгийн дэлхийн ертөнцийн судалгаа. Энэ нь жинхэнэ бодит байдлаас нэлээн холдсон. Түүний доод талд аливаа нэгэн эрх ашгаар хийсэн судалгаа орно. Жишээ нь бахархаад архи, тамхи гаргаж ирэх гэх мэт. Дараа нь хувиа бодох. Энэ нь явсаар байгаад булаацалдаан болдог. Дараагийнх нь колончлох зорилгоор хийсэн судалгаанууд ордог бол долоо дахь нь гүтгэлэг, коммунизмын судалгаа. Манай Ц.Дамдинсүрэн гэх мэт хүмүүсийн судалгаа бол дэлхийн түвшний судалгаа. Харин Владимерцов, Майский нарын судалгаа коммунизм болоод явчихна. Тийм учраас сүүлийн дөрвийг нь шинжлэх ухаанд тооцдоггүй, эсрэг гэж үздэг.

Өнөөдөр бид Хубилай сэцэн хааныхаа мэндэлсэн өдрийг ийм өндөр үр дүнтэйгээр тэмдэглэж байгаагаа хэлж байна. Долоон жилийн өмнөөс энэ үйл явц ингээд өрнөчихсөн, судалгаа нь маш өндөр түвшинд явж байна гэдгээ хэлчих нь зүйтэй байна.

Дашрамд хэлэхэд таамаг байдлын судалгаанаасаа ангижирч, Чингис хааны алтан ургийнхантай хамтарч чадсан нь хүн төрөлхтний соёл иргэншлийн ирээдүйг аварч, өндөр үр дүн үзүүлнэ. Энэ талаасаа хамтарч ажиллахыг уриалж байна.

Үүнийг одоо ч хэлж байгаа юм биш долоон жилийн өмнө хэлсэн. Эрхэм дээд хунтайж нар Монгол улсад айлчилсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн үе байсан. Ц.Элбэгдорж ерөнхийлөгчид миний саналаар яг тэр үед Дэлхийн академийн шагналыг өгүүлсэн. Мөн УИХ-ын дарга Д.Дэмбэрэлтэй уулзсан байгаа. Тэр өдөр цагаас хойш хамтран ажиллахыг санал болгосоор долоон жил өнгөрч байна.

Бид хамтран ажиллаад, мэдэхгүй юмаа асуугаад явах өчнөөн бололцоо байсан. Долоон жил хүлээнэ гэдэг их том хүлээлт.

Долоон жил хүлээнэ гэдэг их том хүлээлт

Тэгэхээр Монголын төр засагт дахин хэлж сануулахад энэ талаар хамтран ажилла. Эртний Ромын эзэнт гүрэн, аугаа их Византын олон улсын эрх зүйгээс үндсээ авсан НҮБ-ын дүрэм хүртэл хүн төрөлхтний соёл иргэншилд гайхамшигтай үүргээ гүйцэтгээд явж байна. Тэгвэл үүнтэй адилхан Ром, Византын эрх зүй, Чингис хааны оюун ухаанд тулгуурласан Олон улсын заншлын эрх зүйг гаргаад ирэх ёстой” гэв.

Мөн тэрбээр өнөөдрөөс эхлэн Чингис хааны дэлхийн аугаа их соёл иргэншлийг яагаад хүлээн зөвшөөрөхгүй долоон жил болов гэдэг талаар Монголын төрөөс албан ёсны тайлбарыг бид шаардаж байна. Өнөөдөр дэлхий дээр гурван триллион гаруй долларын үл хөдлөх хөрөнгө Чингис хааны өв соёл дээр байдаг. Үүнийг газар сайгүй устгаж, чанарыг нь муутгаж, эзлэн түрэмгийлж байгаа зэргийг онцолж байв.

П.Давааням үгнийхээ төгсгөлд нэг сарын турш Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойд зориулсан тайлга тахилга хийх гэж байгаагаа дуулгасан юм.