Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойг ЕС ХОНОГ тэмдэглэнэ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Эзэн Чингис хааны ач хүү Хубилай  сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойн өдрийг тэмдэглэх ёслолын ажиллагааны тухай өнөөдөр БСШУЯ-нд мэдээлэл хийлээ.

Түүхчдийн судалснаар Хубилай сэцэн хаан 1215 оны есдүгээр сарын 23-ны өдөр төрсөн байна.

Хубилай сэцэн хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэх арга хэмжээ маргааш буюу есдүгээр сарын 15-наас 23-ны өдрийг хүртэл ес хоногийн турш үргэлжлэх ажээ.

Монгол Улсын Засгийн газраас 2015 оны зургаадугаар сарын 15-ны өдрийн тогтоолоор энэхүү түүхэн өдрийг тэмдэглэхээр шийдвэрлэсэн бөгөөд нийт төсөв нь 580 орчим сая төгрөг болно гэдгийг БСШУЯ-ны Соёлын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөр онцолж хэллээ.

Ойн баярын хүрээнд  олон улсын хөөмэйн наадам, эсгийн туургатны үндэсний хувцасны фестиваль, Их Юань улсын үед хэрэглэж байсан хувцас, хөгжмийн зэмсэгийг сэргээн бүтээх, Хубилай хааны байгуулсан ордны найрал хөгжмийг сэргээж 261 хүний бүрэлдэхүүнтэй Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал тоглуулах, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдах юм байна.

“ХУБИЛАЙ ХААН МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙГ ХАМГИЙН ТОМ ХЭМЖЭЭНД ХҮРГЭСЭН”

 

Хубилай хааны түүхэнд гүйцэтгэсэн үүргийн талаар ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал С.Чулуунаас тодрууллаа.

Тэрбээр “Монголын түүхийн бүхий л эх сурвалжид Хубилай хаан бол Эзэн богд Чингис хааны эхлүүлсэн төрийг энхжүүлэн жаргуулсан хаан байсан гэж тэмдэглэсэн байдаг.

Хубилай хаан Монголын эзэнт гүрнийг хамгийн том хэмжээнд хүргэж, соёл, эдийн засаг, шинжлэх ухаан, улс төрийн бодлогын хувьд цогц хөгжүүлсэн их хаан. Дэлхийн санхүү мөнгөний тогтолцооны эх үүсвэр цаасан мөнгийг анх гаргасан хүн.

Монголын их хаадаас тэнгисийн цэргийн флотыг анх байгуулж, Өмнөд Азийг бүрэн эрхшээлдээ оруулсан, Хятадыг бүрэн эрхшээлдээ оруулж захирсан.

Үүнээс гадна Хубилай хааны үед Алтан ордны улс, Ил хаант улс, Цагадайн улс зэрэг түүнд шууд харъяалагдаж байв. Ийм том гүрнийг захирч байсан түүхт хүнийхээ мэндэлсний ойг МУ-ын Засгийн газар, БСШУЯ тэмдэглэж, олон ажлуудыг хийж байна” гэв.

Хубилай болон Юань улсын судалгааны талаар…

“Хубилай болон Юань улсын судалгаа аль 18 дугаар зуунаас эхэлсэн. Дэлхий дахинд хамгийн эрчимтэй хөгжсөн үе нь 1960-1970-аад он юм.

Өөрөөр хэлбэл Юань гүрэн гэдэг Хятадыг төвлөн захирч байсан Монголын эзэн хааны улс.  Тэгэхээр Юань улсын судалгаа гэдэг бол зөвхөн Хубилай биш түүнээс хойшхи 14 хааны судалгаа юм.

Мөн одоо Хубилай хааны бичиг үсэг, төрийн бодлого, цэргийн флотын судалгаа эрчимтэй явагдаж байна” хэмээсэн юм.

ХУБИЛАЙ СЭЦЭН ХААНЫ МЭНДЭЛСНИЙ 800 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭГДСЭН ХӨТӨЛБӨР

Зураг дээр дарж ТОМООР үзэх боломжтой.