Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн дулаарал нүүдлийн мал аж ахуйд нөлөөлж байна

БОНХАЖЯ
2015 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Уур амьсгалын өөрчлөлт бэлчээрийн мал аж ахуйд хэрхэн нөлөөлж байгаа талаар Япон, Монголын эрдэмтэн судлаачдын хамтарсан хурал өнөөдөр БОНХАЖЯ дээр боллоо.

Хуралд БОНХАЖ-ын дэд сайд М.Хүрэлсүх, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа, МУИС-ийн Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн захирал Т.Чулуун, Япон Улсын Чуогийн их сургуулийн багш, төслийн удирдагч Масатака Ватанабэ, Японы судалгааны хүрээлэнгийн доктор Мики Ютака зэрэг эрдэмтэн судлаачид оролцлоо.

Уг хурлаар “Бэлчээрийн тогтолцооны шинэлэг дасан зохицох арга барил болон ногоон хөгжил” төслийн танилцуулга, мах хадгалах тогтолцоо, зудыг урьдчилан мэдээлэх шинэ арга зүй, ус болон хөдөө аж ахуйн салбаруудад тулгарч буй асуудлуудыг хэлэлцсэн юм.

МУИС-ийн Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн захирал Т.Чулуун хэлэхдээ “Сүүлийн жилүүдэд дэлхийн цаг агаар 0.7 градусаар нэмэгдсэн. Манай улсад үүнээс гурав дахин их буюу 2.1 градусаар дулаарсан байна. Энэ нь манай орны хувьд зундаа ган гачиг болж, хэт хуурайшил явагдаж, өвөлдөө зуд турхан болж нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг малчдад хамгийн хүндээр тусдаг. Зуд болж малын тоо толгой олноор хорогдсоноор малчдын амьдрал доройтож, улмаар эдийн засагт сөргөөр нөлөөлж, махны үнэ огцом өсдөг.

Энэхүү асуудлыг бага ч гэсэн зохицуулахаар Япон Улсын дэмжлэгтэйгээр сэргээгдэх эрчим хүч буюу нарны энергийг ашиглан ажиллах хөргүүрт чингэлгийг туршиж байгаа бөгөөд махны чанарт нөлөөлөхгүй удаан хугацаанд хадгалдгаараа онцлог юм” гэлээ. Мөн Японы эрдэмтэд цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг чанаржуулахын чухлыг онцлон тэмдэглэсэн юм.